Сүхбаатар /МОНЦАМЭ/. Бэлчээр усны хомсдолд орж, идэх өвс ногоогүйн улмаас бог мал огтоно идэх тохиолдол сүүлийн үед их гарах болсон. Ялангуяа  Сүхбаатар аймгийн баруун болон баруун урд бүсийн сумдад энэ явдал их гарч байгаа талаар малчид уламжилж байгаа. Үүний нөхцөл шалтгаан болоод уг үзэгдэлд Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа талаар тодрууллаа. 
Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газар /МЭГ/-ын дарга М.Молорчимэг, энэ төрлийн дуудлага энэ хавар маш их ирж байгаа. Мал эмнэлгийн газрын зүгээс оношийг тодруулахаар хэд хэдэн дээж материалыг МЭЕГ-т хүргүүлсэн. Дээж болгоны хариуд огтоноор хооллож буй бог мал эрдэс тэжээл буюу уургийн дутагдалд орсон байна гэдэг оношийг бидэнд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл уургийн дутагдалд орсон мал огтоноор хооллосноор хордлогод орж үхэж байна гэсэн үг.
 
Аймгийн МЭГ-ын лабораторид огтоно идсэн малын таван цулд судалгаа хийхэд ямар нэгэн төрлийн эмгэг илрээгүй. Гэсэн хэдий ч огтоно идсэн малын махыг хүнсэнд хэрэглэж болох уу, үгүй юу гэдэг дээр нарийн дүгнэлт шаардлагатай байгаа юм. Тиймээс огтоно идээд байгаа малд тусгай судалгаа хийх эрдэмтдийн багийг аймагт ажиллуулах хүсэлтийг МЭЕГ-т өгсөн. Бидний хүсэлтийг хүлээн авч удахгүй судалгааны багийг ирүүлэхээр болж, бид бэлтгэл ажилдаа ороод байна гэсэн тайлбарыг өглөө.
 
Сүхбаатар аймгийн МЭГ-аас дээрх үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумдын мал эмнэлгийн тасаг, хувийн малын эмч нарт тусгай заавар, зөвлөмжийг өгчээ. Мөн малчин малынхаа арчилгаа, маллагааг сайжруулах, эрдсээр баяжуулсан тэжээлийг хашаа хороондоо тавихыг зөвлөж, хордлогод орсон малыг шинж тэмдэг илэрсэн даруйд эмчлэх, туулгалт хийхийг эмч нартаа үүрэг болгон ажиллаж байгаа аж. 
 
Т.Одончимэг
Эх сурвалж: Монцамэ агентлаг