sonin.mn

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. “Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хооронд цэргийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгуулж, хоёр орны батлан хамгаалах салбарт хамтран ажиллах эрх зүйн үндэс тавигдсан тэртээх 1999 оноос өдгөөг хүртэлх хугацаанд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат уулзалтын эхэнд цохон тэмдэглэв.

 

Мөн БНТУ нь 2015 оноос манай улсад батлан хамгаалахын атташе суулгаж байгаа бөгөөд энэ нь цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг дурдсан юм. Түүнчлэн тэр бээр цаашид цэргийн олон талт хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд БНТУ-ын дэмжлэгийг авах, энхийг сахиулах болон олон улсын терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах, мөн батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж байгаад сэтгэл өндөр байна гэв.

 

Уулзалтын төгсгөлд “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНТУ цэргийн алба хаагчдаа илгээн ажиглагчаар оролцуулдагт талархаад ажиглагчаас оролцогчийн статусд шилжинэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин