Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд өчигдөр нийслэлийн төвд жагсаж, Төв шуудангийн уулзварыг хаалаа. Өглөө эхэлсэн жагсаал үдээс хойш ч үргэлжлэв. Монгол Улс бол ардчилсан улс. Иргэд төр, засгийн бодлого, шийдвэрийг эсэргүүцэж жагсах, цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Шатахуун авахын тулд хэдэн цагаар дугаарлаж, ажил амьдралаа алдан, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй нүүр тулж байгаа иргэд бухимдах нь ч аргагүй. Тиймээс иргэдийн жагсаж, үгээ хэлж байгааг ямар ч тохиолдолд буруутгаж, энэ эрхийг нь үгүйсгэж болохгүй.Харин иргэдийн бухимдлын цаана байгаа асуудлын шалтгааныг зөв оношлох нь өөр хэрэг.
Өнөөдрийн шатахууны хомсдлыг зөвхөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гэдэг нэг хүний ажлын хариуцлагатай холбон тайлбарлавал бодит байдлыг хэт хялбаршуулсан хэрэг болно.
Монгол Улсын шатахууны зах зээл олон жилийн турш гадаад нийлүүлэлтээс өндөр хамааралтай явж ирсэн. Гол ханган нийлүүлэгч ОХУ экспортын хязгаарлалт хийх, олон улсын газрын тосны зах зээл савлах зэрэг гадаад хүчин зүйл Монголын шатахууны хангамжид шууд нөлөөлөх эрсдэлтэйг Засгийн газар долдугаар сард мэдээлж байв. Үүн дээр дотоодын түгээлтийн асуудал нэмэгдэнэ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээллээр наймдугаар сард Улаанбаатарт хоногт 2000-3000 тонн АИ-92 бензин бууж байсан боловч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй байх, ганцхан түгээгүүрээр үйлчлэх, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэрэг хязгаарлалт хийсэн тохиолдол гарсан. Яамнаас үүний улмаас импортлогч компаниудад хариуцлага тооцож, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдэж байлаа.Есдүгээр сарын сүүлчээр ч карт, талон, гэрээт хэрэглэгчдэд давуу үйлчилж, энгийн иргэдэд зохиомол хязгаарлалт үүсгэхгүй байх чиглэлийг шатахуун импортлогч болон жижиглэн борлуулагчдад дахин өгсөн байна.
Өөрөөр хэлбэл асуудал зөвхөн "Монголд шатахуун орж ирж байна уу, үгүй юу" гэдгээр хэмжигдэхгүй.
Хилээр орж ирсэн шатахуун агуулахад хэр хурдан хүрч байна, агуулахаас ШТС-уудад хэрхэн хуваарилагдаж байна, ШТС-ууд иргэдэд ямар горимоор түгээж байна, нөөц хаана төвлөрч байна гэдэг бүхэл бүтэн нийлүүлэлтийн сүлжээний асуудал бий. Тэр ч байтугай аравдугаар сарын 1-нд Шуурхай штабаас өгсөн мэдээллээр есдүгээр сард Монгол Улс нийт 279 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 64 мянга орчим тонн нь АИ-92 бензин байжээ. Монгол Улсын сарын дундаж газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг 230 мянга орчим тонн гэж мэдээлсэн байна. Гэтэл иргэд ШТС-ын гадаа дугаарласан хэвээр байна. Энэ бол асуудлыг зөвхөн нэг сайдтай холбон тайлбарлаж болохгүйг харуулах нэг үзүүлэлт. Импортын нийт хэмжээ, бүтээгдэхүүний төрөл, бодит эрэлт, нөөцийн удирдлага, төмөр зам ба авто тээврийн логистик, импортлогч компаниудын түгээлт, ШТС-уудын үйл ажиллагаа гээд олон хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлж байна.
Нөгөө талаар төр засаг хариуцлагаас зугтах ёсгүй. Гадаад нийлүүлэлтээс ийм өндөр хамааралтай бүтэц өчигдөр бий болоогүй.
Монгол Улс шатахууны хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангаж чаддаггүй хэвээр байгаа нь үе үеийн Засгийн газрын шийдвэрлэж чадаагүй стратегийн асуудал. Хомсдол давтагддаг атал хангалттай хэмжээний стратегийн нөөц, олон эх үүсвэртэй импорт, найдвартай логистикийн тогтолцоо бүрдүүлж чадаагүй бол үүний төлөө төрөөс хариуцлага нэхэх нь зүй ёсны хэрэг. Одоогийн Засгийн газар нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхээр БНХАУ-тай урт хугацааны нийлүүлэлтийн асуудлаар ажиллаж, Беларусь зэрэг улсаас шатахуун авах боломжийг мөн судалж байна. Беларусийн талаас ОХУ-ын нутгаар дамжуулан аравдугаар сараас шатахуун нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн талаар Гадаад харилцааны яам мэдээлжээ. Энэ бол зөв чиглэл. Учир нь Монголын шатахууны асуудлыг шийдэх жинхэнэ гарц нь нэг сайдыг нөгөөгөөр солихдоо биш, нийлүүлэлтийн бүтцээ өөрчлөхөд оршино. Г.Дамдинням ажлаа сайн хийсэн үү, муу хийсэн үү гэдэгт улс төрийн хариуцлага тооцож болно. Хомсдлын үед импортлогч компаниудад хяналт тавьж чадсан уу, нөөцийн бодлого зөв байсан уу, түгээлтийг шуурхай зохион байгуулсан уу гэдгээр нь Засгийн газар болон олон нийт дүгнэх эрхтэй. Гэхдээ нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй.
Г.Дамдиннямыг өнөөдөр огцрууллаа гээд маргааш өглөө ОХУ-аас ирэх бензинтэй вагон нэмэгдэхгүй.
Монгол Улсын агуулахын багтаамж нэг шөнийн дотор өсөхгүй. Импортын шинэ эх үүсвэр маргааш бий болохгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр ч маргааш өглөө бензин үйлдвэрлэж эхлэхгүй. Шатахууны хомсдол бол сайд сольсноор арилчихдаг асуудал биш. Энэ бол Монгол Улсын олон жил хуримтлагдсан импортын хамаарал, стратегийн нөөц, логистик, дотоодын түгээлт, өрсөлдөөн болон эрчим хүчний аюулгүй байдлын асуудал юм. Тиймээс иргэд жагсах эрхтэй. Засгийн газраас хариуцлага нэхэх ч эрхтэй. Г.Дамдиннямаас ажлын хариуцлага шаардах ч эрхтэй. Харин шатахууны хомсдлын уг шалтгааныг нэг хүнтэй холбон ойлгож болохгүй. Г.Дамдиннямыг огцруулж болно. Оронд нь өөр сайд томилж болно. Бүр хошигнож хэлбэл, Г.Дамдиннямыг огцруулж, оронд нь Далай ламыг томилсон ч Монгол Улсын шатахууны нийлүүлэлтийн бүтэц, импортын хамаарал, нөөц, логистик, түгээлтийн тогтолцоо өөрчлөгдөхгүй л бол шатахууны хомсдол хэвээрээ л байх болно.
Б.Намуун
Баасан - 10 сарын 02,
2026
Сэтгэгдэл9
амьдрал үзээгүй бэлэн хоол дээр өссөн тангад ламаас боол ч гэсэн дамдинням дээр биз дээ арайл харь ламаас илүү стэгэлтэй хандах байх монголын боол гэсэн дээ.
Орос элчингийн өмнө очоод дайнаа зогсоо гэж жагсаач
Дамдиннямдаа биш , Дамдинням төрийн бодлогыг хэрэгжүүлдэгтээ байгаа юм , ааруул хүлхсэн намуун минь . Төр хоёр хөрштэйгээ өөх ч биш - булчирхайч биш бодлого явуулж байгаад л учир бхйгаа юм ....
Жагсах эрх нь байгаа Харин зам хаасснаас болж түргэний машин саатаж өвчтөнд чмар нэгэн хор хохирол учруулсан тохиолдол байгаа бол жагсагчдын удирдагчдаар хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй Галын машин саатуулсан уу Хэн нэгэн ажилдаа хоцорч нэхэмжлэл гаргавал мөн авч үзэх хэрэгтэй Үгээ хэлэх эрх чөлөөний ард бусдын эрх ашгийг хохироож болохгүй
Сайд чадлаараа ажиллаж байна Цаашдаа хомсдохм байтугай таг зогсож болно ямонголоос огт хамаарахгүй Орос экспортоо хорьсон ч Монголд нийлүүлж л байгаа Хятад ч бас экспортлохыг хориглосон Эхлээд Монголд татралзсан харилцаагаа бодоод бага зэрэг ниылүүлж өайгаа Өмхөд Солонгос ч бас нийлүүлэхийг зөвшөөрсөн Казахстан татралзсан Сүүлд Беларусь тодоорхой хэмжээгээр нийлүүлнэ рэсэн Ыаг авна
ene yu ch hiij chaddagui alia salbadai g hurdan hooj yavuulaad ajlaa hiij chaddag hvn bval deerdee
Улс орныхоо төлөө хуруугаа ч хөдөлрөдөггүй шүүмжлэхээс өөр ид шидгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй баян бацаануудыг тоох ч хэрэггүй Эднэээс болж 11 сарын 1 нд цалин тэтгэвэр нэмэх лөөлөө болж байгаа бололтой Хөлсний жагсагчид бол мөнгөө авчихна
Учралын бас нэг пооп Буриад сайд Оростойгоо тохиролцож чадахгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн үг байна.
Монголын төрийн бодлогын залгамж халаа байхгүй болсны тод илрэл нэг сайд гарч ирээд нэг юм ярина дараагийн сайд нь өөр юм ярина