Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолд “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн үндэслэлийг ийнхүү тодорхойлжээ. Тодруулбал, “Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байгаа боловч өнөөдөр манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга, зохион байгуулалт сул, хөдөлмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад гадаадын ажиллах хүчийг татан оролцуулж байгаа нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах талаар төрөөс баримталж байгаа бодлого, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Иймд инженерийн боловсрол бүхий цэргийн дээд мэргэжилтэй алба хаагчид, Зэвсэгт хүчний бүтцэд байгуулагдсан барилга, инженерийн ангиудын нөөц, бололцоонд тулгуурлан Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг нь алдагдуулахгүйгээр уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалтын ажил болоод техник, тоног төхөөрөмж, машин механизмын ашиглалт, засвар үйлчилгээ, тээвэрлэлтийн ажилд цэргийн алба хаагчдыг хязгаарлагдмал байдлаар оролцуулах боломжтой юм” гэжээ. 
 
Үнэхээр ч сүүлийн жилүүдэд нефтийн үйлдвэр, төмөр зам, усан цахилгаан станц гээд улс орны стратегийн чухал бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэхэд манай улсад мэргэшсэн боловсон хүчин дутмаг байна. Ийм нөхцөлд ЗХЖШ-аас Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвөөр дамжуулан Зэвсэгт хүчинд хэрэгцээтэй байгаа энэхүү эрэлтийг хангахын тулд барилга, инженерийн мэргэжилтэй мэргэжлийн ахлагч нарыг бэлтгээд өдгөө долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ жилийн элсэлт 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн явагдсан бөгөөд 200 гаруй залуусаас 70 гаруй залуу шигшигдэж ахлагч болохоор, Зэвсэгт хүчний эгнээнд элсэхээр суралцаж байна. Сонсогчдынхоо тухай Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн дарга, тэргүүн ахлагч Б.Пүрэвсүрэн хэлэхдээ “Манай залуус 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдсан. Тэд 2019 оны 1-5 дугаар сард Зэвсэгт хүчний 350 дугаар ангийг түшиглэн Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд долоо хоногийн 40 цагийн нийт 592 цагийн багц хичээлээр авто засварчин, гагнуурчин, тогооч, барилгын засал чимэглэлчин, зам, гүүрийн мэргэжлээр дадлагажиж, мэргэжлийн зэрэгтэй төгссөн” гэв. Тэд мэргэжлийнхээ хичээлийг 16.00 цагт тарчихаад үргэлжлүүлэн буудагчийн мэргэжлийн стандарт хөтөлбөртөө хамрагдан суралцдаг байсан аж. “Өдрийн 10 цагаар суралцана гэдэг тэдэнд амаргүй байсан. Гэсэн хэдий ч залуус маань үнэхээр ахлагч болох зорилгодоо тууштай бөгөөд хэцүү бэрхээс шантралгүй байж чадсан. Одоо тэд сар хүрэхгүй хугацааны дараа төгсөнө” гэж тэргүүн ахлагч Б.Пүрэвсүрэн нэмж хэлсэн. 
Сургалтад хамрагдаж байгаа залуус ирэх сарын 10-12-ны өдрүүдэд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуульд төгсөлтийн шалгалтаа өгөх ажээ. Ингээд ахлагчийн албанд элсэх гэж байгаа сонсогчдын төлөөллийн сэтгэгдлийг хүргэе.
 
ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ТУН ОЙРХОН ИРЖЭЭ
Зам, гүүрийн мэргэжлээр төгссөн, сонсогч Т.ДЭЛГЭРЗАЯА:
-Би 1998 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн. Аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг. Манай гэр бүлд ааваас минь өөр цэргийн талаар ойлголттой хүн байхгүй. Тийм болохоор энэхүү сонголтыг аавтай сайн зөвшилцсөний үндсэн дээр хийсэн. Ээж, эгч намайг дээд сургуульд сурсангүй гэж эхэндээ их зэмлэдэг байсан. Гэтэл одоо цагт чинь тогооч, барилгачин, үсчин гэх мэт мэргэжилтэй хүмүүс дээд сургууль төгссөн хүнээс илүү орлоготой амьдарч байна. Энэ жишээ манай сумд элбэг. Хуульч, эдийн засагч зэрэг мэргэжлээр их, дээд сургууль төгсөж очоод сумандаа ажилгүй сууж байгаа залуус ч байна. Ер нь дунд, их, дээд сургууль төгссөн сумынхаа залууст сониноор дамжуулж, “Та нар цэрэгт яваач, эсвэл Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцаад эх орныхоо төлөө алба хаавал ахуй амьдрал, ар гэрт чинь хамгийн зөв сонголт болно шүү” хэмээх үгийг хэлмээр санагдана. Аймгийн төвөөр явж байхдаа Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хаадаг цэргийн дүрэмт хувцастай залуусыг хараад нуулгүй хэлэхэд үнэхээр атаархдаг байсан. “Ажилтай, албатай, дүрэмт хувцастай энэ залуус шиг би хэзээ ингээд алхах бол...” гэж өөрөөсөө асуудаг байсан. Гэтэл одоо багагүй хугацаанд хичээх л юм бол тэр зорилгодоо хүрэхэд тун ойрхон иржээ. Миний дараагийн мөрөөдөл тэргүүн ахлагч.
 
ЗЭВСЭГТ ХҮЧИНДЭЭ ТАНИГДСАН АЛДАРТАЙ ТОГООЧ БОЛНО
Тогооч мэргэжлээр төгссөн, сонсогч М.ШИНЭБАЯР:
 
 
-Би Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул. Өвс, ногоо нь халиурсан, говь, хангай хосолсон сайхан нутаг даа. Аав маань Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбарт олон жил алба хаагаад 2015 онд цэргийн тэтгэвэрт гарсан, бэлтгэл ахлах ахлагч. Тийм болохоор аав шигээ мэргэжлийн ахлагч болохын тулд энэ сонголтыг хийсэн. Харин ээж маань тус салбарт нярав хийдэг. Цэргийн амьдралын талаар ааваасаа нэлээд их мэдээлэл авч ирсэн болохоор нэг их цочирдож, айж балмагдаагүй. Харин зарим залуус энэ талын ойлголтгүй учир эхэндээ нэлээд сандарч байгаа харагдсан. Сайхан байна аа, бодоод байхад цэргийн албаар нөхөрлөсөн хүмүүс сайн анд, нөхөд болдог юм байна. Энд ирээд мөн ч олон найз, нөхөдтэй боллоо. Тэдэнтэйгээ цаашдаа он удаан жил нөхөрлөнө гэж бодож байгаа. 
Багын найзууд намайг яагаад тогооч мэргэжил сонгож байгаа юм бэ гэж их асуусан. Тогооч мэргэжил чухал шүү дээ, ялангуяа армийн тогооч байх бүр сайхан. Хэрвээ тогооч байхгүй бол цэрэг гэж яриад ч хэрэггүй. Арын албаны хамгийн хариуцлагатай ажил гэж би хувьдаа боддог. Зэвсэгт хүчиндээ танигдсан алдартай тогооч болж, ОХУ-д зохиогддог “АрМИ” олон улсын наадмын хээрийн гал тогоо тэмцээнд оролцох мөрөөдөлтэй яваа.
 
УДАХГҮЙ ИЖИЙДЭЭ БАЙШИН БАРЬЖ ӨГНӨ ӨӨ
Барилгын засал чимэглэлчин мэргэжлээр төгссөн, сонсогч Н.ӨСӨХБАЯР:
 
 
-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын уугуул би бээр 2018 онд дунд сургуулиа төгсөөд уг сургалтын төвд суралцахаар элссэн. Үнэндээ манай гэр бүл, найз нөхдийн хүрээнд Зэвсэгт хүчний талаар ойлголт, мэдээлэлтэй хүн бараг байхгүй гэж хэлж болно. Гэтэл нэг өдөр дунд сургуулийн миний дээд оны ах Ш.Лхагваа надтай таараад Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцаад үзвэл ямар вэ гэж санал тавьсан. Тэрбээр Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид дэд ахлагч цолтой алба хаадаг бөгөөд тус төвөөр дамжуулан мэргэжлийн ахлагчаар бэлтгэгдэж байсан туршлагатай хүн юм. Ингэж л би Зэвсэгт хүчин хэмээх их айлын талаар анхны мэдэгдэхүүнтэй болсон. Үр дүнг нь ч зах зухаас нь үзээд сууж байгаадаа баяртай байна. Би айлын бага хүүхэд, тийм болоод ч тэр үү, ээж маань анхандаа надад их санаа зовдог байсан. Арга ч үгүй дээ, цэргийн амьдралын талаар ойлголтгүй, тэгээд найз нөхдөөсөө сонссон элдэв цуу ярианд итгээд над руу утас цохих тоолондоо биеэ бодоорой, өлсөв, даарав гэдэг үгсийг их хэлдэг байсан. Одоо ч тэр үеэ бодоход ээж маань надаар их бахархдаг болсон шүү. Удахгүй би цэргийн алба хаагч болно, тэгээд бас болоогүй ээ, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй шүү. Энэ мэргэжилдээ дурлаад байгаа. Саяхан шинээр ашиглалтад орох гэж буй Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын барилга дээр дадлагаа хийсэн. Барилгачин хүний хөдөлмөрийн үр дүн нүднээ бэлхэн харагддаг болохоор их сайхан юм билээ. Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин ах, эгч нартай хамт дадлагад гарч тэднээс их зүйл сурлаа. Одоо амины орон сууц мэтийн барилгын заслыг төвөггүйхэн хийчихтэйгээ болсон. Удахгүй ижийдээ байшин барьж өгнө өө.
 
ААВЫНХАА МЭРГЭЖЛИЙГ ӨВЛӨХӨӨР ШИЙДСЭН
Авто засварчин мэргэжлээр төгссөн, сонсогч Д.БЯМБА-ОЧИР:
 
 
-Би 2001 онд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт төрсөн. Аймгийн төвийн 3 дугаар сургуулийг 2018 онд төгссөн. Ер нь анхнаасаа энэ төвд намайг суралцуулах нь ойлгомжтой байсан. Учир нь манай аав, ээж хоёр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хаадаг. Аавыг маань Б.Доржсүрэн гэдэг бөгөөд ангидаа химичин, жолоочоор 19 дэх жилдээ ажиллаж байгаа, ахлах ахлагч цолтой. Харин ээж Ц.Алтанцэцэг маань тус ангид 13 дахь жилдээ тогооч хийж байгаа. Бага байхаасаа цэргийн анги, цэргийн дүрэмт хувцастай хүмүүсийн дунд өсөж, хүмүүжсэн болохоор өөр мэргэжилтэй болох талаар бодож ч байгаагүй. Тэгээд ч аав маань үргэлж надад “Миний мэргэжлийг өвлөөрэй, миний хүүд ч цэргийн хувцас сайхан зохино доо” гэж хэлдэг. Тийм болохоор би заавал аав шигээ мэргэжилдээ мастер, авто засварчин болно гэж өөртөө хатуу зорилго тавьсан. Тиймдээ ч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцахдаа авто засварчин мэргэжлийг сонгосон. Одоо зорилгынхоо эхэнд хүрэхэд тун ойрхон ирээд байна. Сониноор дамжуулаад аав, ээж хоёрыгоо жаахан магтчихъя гэж бодлоо. Аав маань ангийн хэдэн авто техникийг үнэндээ ганц амилуулдаг хүн нь гэж хэлж болно. Хүйтэн, цастай, бороотой гээд ямар ч үед түлхүүрээ бариад гарахад ямар ч техникийг асаадаг хүн шүү дээ. Миний аав шиг машин, техник засаж, мотор боодог хүн тун ховор гэж би боддог. Ээжийн минь хийсэн хоолыг эгэл байлдагчаас эхлээд ангийн захирагч хүртэл амтархан зооглож байгааг харах надад сайхан санагддаг. Миний аав, ээж хоёр мэргэжилдээ тууштай, хичээнгүй ханддаг. Тийм болохоор түүнийхээ үр шимийг өдөр бүхэн хүртдэг гэж боддог. Үүнийг дагаад надад бас өндөр хариуцлага ирж байна. Ижий, аавынхаа нэрийг сэвтүүлэхгүй сайн хүн болж, та хоёрыгоо баярлуулах болно.
 
ҮЕИЙНХНЭЭСЭЭ ТҮРҮҮЛЧИХЛЭЭ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БОДОЖ БАЙНА
Гагнуурчин мэргэжлээр төгссөн, сонсогч Э.ШАГАЙ:
 
 
 
-Би 2000 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт төрсөн. Аав Д.Эрдэнэбаяр сумандаа багийн Засаг дарга хийдэг бол ээж О.Цолмон оёдлын цех ажиллуулдаг. Манай гэр бүл цэрэг, армиас хол хөндий. Харин азаар аавын маань багын найз Дорнод аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабт ажилладаг. Тэр хүн аавтай санаандгүй таарахдаа энэ төвийн талаар дуулгасан юм билээ. Тэр даруйдаа аав “Одоохондоо би чиний хаана, юу хийхийг мэдчихье, энэ төвд суралц!” гэсэн. Би ч аавынхаа үгнээс зөрөлгүй энд ирсэн. Нуулгүй хэлэхэд цэргийн хүн болно гэдэг ч амаргүй бололтой. Анх ирээд хамгийн хэцүү санагдсан зүйл нь өглөөний “Сэрээд” команд байсан. Яг сайхан унтаж байтал тэр командыг сонсоод цочиж сэрэх хэцүү байсан шүү. За тэгээд олигтой гүйж, харайж байгаагүй хүн чинь өглөөний гүйлт, биеийн тамирын дасгалаас эхлээд шантрах үе бишгүй байлаа. Ариун цэврийн өрөө орохдоо хүртэл хүнээс зөвшөөрөл авна гэх зэрэг дүрэм, журам надад эхэндээ сууж өгөхгүй байсан. Цэргийн дүрмийн дагуу амьдарна гэдэг чинь огт өөр амьдралын хэвшил юм билээ. Нөгөө талаар эх орныг минь хамгаалж байгаа эр цэргүүд ямар чадварлаг, өндөр боловсрол мэргэжилтэй юм бэ гэж надад бодогдсон. Би энэ замыг сонгосноор миний амьдралд нэлээд өөрчлөлт гарлаа. Одоо бол би гагнуурчин мэргэжилтэй, цэргийн алба хаагч болох гэж байгаа залуу. Ер нь үеийнхнээсээ түрүүлчихлээ гэж бодож байгаа шүү өөрийгөө.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин