ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын холбоо, мэдээллийн тусгай бүлгийн аврагч холбоочин, ахлах ахлагч Э.ЗОЛЗАЯАГ урьж ярилцлаа.
 
Эхлээд таныг уншигчидтайгаа танилцуулъя... 
 
-Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Аав, ээжийгээ дагаад долоон настайдаа нутгаасаа шилжиж, нийслэлд суурьшсан. 2003 онд Хан-Уул дүүргийн 26 дугаар дунд сургууль, 2007 онд Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг татварын мэргэжлээр төгссөн. Гэсэн ч энэ мэргэжлээрээ ажиллаагүй, цэргийн хүн болох хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 2008 онд ОБЕГ-т шалгалт өгч тэнцээд одоогийн Үндэсний аврах бригад буюу тухайн үеийн Аврах тусгай ангид аврагч холбоочноор томилогдон ажлын гараагаа эхэлж байлаа. 
 
Цэргийн хүн болохыг тэгтлээ яагаад хүссэн юм бэ? 
 
-Миний аав, ээж хоёр хоёулаа Зэвсэгт хүчний 120 дугаар ангид насаараа ажилласан хүмүүс. Гэхдээ энгийнээр л дээ. Аав маань жолооч, ээж дэлгүүрт ажилладаг байсан. Тийм болохоор би цэргийн амьдралын талаар багагүй ойлголттой, дүрэмт хувцас өмссөн ах, эгч нар их гоё харагддаг байлаа. Оюутан байхдаа БХИС-д элсдэг байж, би ер нь сургуулиа буруу сонгочихож гэх бодолд их дарагдсан шүү. 
 
Тэгвэл одоо сонголтоо залруулан цэргийн бүсгүй болчихсон гүйж явна шүү дээ... 
 
-Тийм ээ, томилогдоод долоон сарын дараа дэд ахлагч цол хүртэж, нөгөө гоё гэж хардаг байсан цолыг зүүх, цэргийн дүрэмт хувцсыг өмсөх, цаашлаад эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн хариуцлагатай албанд сэтгэл хоёргүй зүтгэх ариун үйлстэй амьдралаа холбож, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсандаа баяртай бас урамтай байдаг. Гал түймэр, үер ус, осол гээд байгалийн ямар ч гамшгийн дуудлагын дагуу станцаа үүрээд л эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн халуун цэгт ажиллана. Тухайн үүссэн нөхцөл байдал, өөрсдийнхөө үйл ажиллагааг дээд удирдлагууддаа цаг алдахгүй дамжуулах, мэдээллээр хангах, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах, аль болох эрсдэл гаргахгүй байх зэрэгт холбоо хамгийн чухал. Тэгэхээр аврагч холбоочны үүрэг, хариуцлага ямар байдаг нь ойлгомжтой шүү дээ. 
 
Хэр баргийн эмэгтэй хүн хийчих хялбар ажил биш. Шантарч няцах үе Танд байсан байх... 
 
-Энэ албанд чин сэтгэлээсээ дурлаж, хүсэж тэмүүлж орсон болохоор ч тэр үү, ердөө шантарч, няцаж, ухарч байгаагүй. Би хийх ёстой, би чадах учиртай, энэ миний л хийх ажил гэсэн командыг зүрх, тархиндаа ягштал суулгачихсан. Дүрэлзсэн улаан галаас сөөм ч болтугай газрыг, тэнд дөнгөж соёолж байгаа нялх ногоог, нэг ширхэг ч гэсэн модыг хамгаалаад үлдээчих юм сан гэсэн сэтгэлээр өөрсдийгөө золиод улаан гал руу яваад орж байгаа аврагчдаа хараад эхэндээ өрөвдөх, хайрлах, бахдах зэрэгцэн сэтгэл санаа хямраад янз янз л болдог байлаа. Харин одоо бол хямрахаа больсон. Бидний ажил, үйлс байгаль дэлхий, хүн ардынхаа сайн сайхны төлөө шүү гэдгийг мэдэрсэн болохоор тэр байх. 
 
Таны гэр бүлийн хүнийг мөн Онцгой байдлын албанд ажилладаг гэж сонссон юм байна... 
 
-Тийм ээ, нөхөр маань ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын захирагчаар ажилладаг ахмад Т.Баяраа гэж хүн бий. Манайх нэг охинтой, хоёрдугаар ангийн сурагч. Бид хоёрын хувьд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад мөр зэрэгцэн алба хаадагтаа, гэр бүлээрээ цэргийн хүмүүс гэдгээрээ бахархдаг. Мөн ОБЕГ-ын анхны энхийг сахиулагч гэр бүл болсон маань бидний хамгийн том бахархал. Манай нөхөр БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгдүгээр ээлжийн цэргийн багт, би долоодугаар ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн.
 
Миний хувьд бас ОБЕГ-аас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон хамгийн анхны эмэгтэй ахлагч болсон. Ахлагч бүсгүйчүүдээ төлөөлөн тэднийхээ анхдагч түүчээ нь болж цэнхэр дуулгатнуудын эгнээнд элссэндээ баяртай байгаа. Миний энэхүү үйлс булган сүүлтэй байж, “Онцгой”-гоор овоглосон олон ахлагч бүсгүй цэнхэр дуулгатны эгнээнд элсэнэ гэдэгт итгэлтэй байна. 
 
Ажиллагааны газар оронд анх хөл тавих агшинд ямар сэтгэгдэл төрж байв, эргээд нэг дурсана уу?
 
-Огт өөр ертөнц угтсан. Цаг агаар, уур амьсгалаас эхлээд тэндхийн иргэдийн аж амьдрал, орчин нөхцөл, амьдралын хэв маяг биднийхээс эрс өөр. Яагаад ч юм, хамгийн түрүүнд эх орноороо бахархаж, эх орноо илүү хайрлах сэтгэл төрдөг юм билээ. Бид чинь хамгийн жаргалтай ард түмэн юм гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн. Би л лав ажиллагаанд явж ирснээсээ хойш эх орноо, нийслэлээ өөлж гоочилж, аливаад бухимдахаа больсон. Балга ус, үмх талх ч үгүй, өөрийн дураар амар тайван амьдрах нөхцөлгүй тийм газар байсан бол бид яах вэ. 
 
Эх хүний нүдээр эмзэглэмээр олон зүйлийг олж харсан байх? 
 
-Ямар ч итгэл үнэмшил, зорилго тэмүүлэлгүй зүгээр л урсгалаар амьдардаг иргэдийг хараад яаж эмзэглэхгүй байх вэ дээ. Амьдралын утга учир, мөн чанарын тухай яриад ч хэрэггүй. Тэр тусмаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нь маш их өрөвдсөн. Тэдний гал дөлгүй харцнаас их зүйл мэдрэгдэнэ. Дүрвэгсдийн хуаранд мэндлээд тэндээсээ ч гарч үзээгүй хүүхдүүд олон байдаг юм билээ. Чихэр жимс, амттан гэж огт мэдэхгүй. Эх үрсийн баяраар батальоноос санаачлан дүрвэгсдийн хуаран дахь хүүхдүүдийг хүлээн авч бэлэг гардуулан, хоол унд, амттанаар дайлахад зайрмаг гэдгийг огт мэдэхгүй, идэж чадахгүй хаяж байхав дээ. Ийм л амьдрал дунд өсөж байгаа хүүхдүүдийг хараад үнэхээр их өрөвдөж байлаа. Зөвхөн нэг жишээ дурдахад л энэ шүү. Энэ улсын иргэд хэзээ айдас хүйдэсгүй, амар тайван, элбэг хангалуун амьдрах юм бол гэсэн бодол ч төрнө. 
 
Бүтэн жилийн турш үүрэг гүйцэтгэнэ гэдэг цаг хугацааны хувьд асар их шалгуур, сорилт гэж ойлгож байна. Эх орон, ээж аав, гэр бүлийнхнээ санах нь мэдээж... 
 
-Тэгэлгүй яах вэ, санана. Гэхдээ аль болох өөрийгөө завгүй байлгаж, хариуцсан ажлаа сайн хийх нь чухал гэдгийг ойлгож, хичээдэг байсан. Байгууллага, хамт олноо төлөөлөн явж байгаа учраас надад алдах эрх байхгүй шүү дээ. 
 
Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэн монгол цэргүүдийнхээ тухайд юу хэлэх вэ? 
 
-Товчхондоо монгол цэргүүд бүх талаараа хамгийн шилдэг нь байж чаддаг гэдгийг л бодитоор харсан. Дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа иргэд монгол цэргүүдээр хамгаалуулж байгаа болохоор санаа зовох зүйлгүй, тайван байж чаддаг гэж хэлдэг юм билээ. Энэ бол Монголын энхийг сахиулагчдыг үнэлж байгаа нэг үнэлэмж байх.
 
Ингэхэд та хоёр хоёулаа цэргийн хүмүүс. Ар гэрийн асуудал орхигдох тал бий нь гарцаагүй... 
 
-Тийм ээ. Охиндоо цаг гаргаж чаддаггүйдээ л эмзэглэдэг юм. Бусад талаар асуудалгүй ээ, хоёр талын аав ээж, ах эгч нарын тус дэм их. Тэд маань ямар ч зүйлд санаа зовж, сэтгэл хоёрдохгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлдэг. Өдөр шөнө, өвөл зуны алинд ч хоёулаа зэрэг түргэн аваад гарах үе зөндөө. Тэр тохиолдолд тэд тус дэм болж охинтой минь үлдэнэ дээ. Энэ дашрамд, аав ээж, ах эгч нартаа баярлалаа гэж дамжуулъя. 
 
Гэр бүлийн үнэ цэнийн тухайд юу хэлэх вэ? 
 
-Асар их итгэлцэл, хайр хүндлэл дээр гэр бүлийн үнэ цэнэ оршдог гэж би боддог. Тэгэхээр хэн хэнийхээ итгэлийг дааж, харилцан биесээ хүндэлж, хайрласнаар тэр гэр бүл аз жаргалаар дүүрэн байх болов уу. Бидний хувьд цаг л гарвал хамтдаа гэртээ байж, гарынхаа халуун хоол, цайг халуун бүлээрээ амтархан идэж, сайхан амрах дуртай. 
 
Сүүлийн асуултыг Танд үлдээе... 
 
-Юуны өмнө намайг урьж ярилцсан “Соёмбо” сонины хамт олонд баярлалаа. Түүнчлэн дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн, өдгөө үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нийт энхийг сахиулагчдадаа “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэнд дамжуулан амжилт бүхний дээдийг ерөөе. Мөн “Онцгой”-гоор овоглосон үе, үеийн аврагчдадаа ирэх сарын 20-ны өдөр тохиох Онцгой байдлын албаны 15 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 
 
Ярилцсанд баярлалаа. Албанд нь амжилт хүсье. 
 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин