sonin.mn

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Сайд асан Ж.Сүхбаатар нар олны нэршиж заншсанаар ногоон автобусны хэрэг буюу хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх авилга хээл хахуулийн хэрэгтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцорч, 2023 оны 10-р сарын 12-нд Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын 36 дахь Засаг Дарга болсон юм.

Улмаар 2024 оны намар болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд МАН ялалт байгуулж, Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргаар улиран ажилласан юм.


Улс төрчийнхөө хувьд Х.Нямбаатар маш богино хугацаанд эвдэрч, өөрөөсөө бусад бүхий л хүнийг загнаж, зандарсан, аашилж, уурласан, бүр гүтгэж доромжилсон нэгэн болж хувирсан билээ.


Мөн ажлын цамц өмсөн, гудамжаар алхангаа лайв хийж, их л ажил хэрэгч мэт дүр эсгэн, "Х.Нямбаатар маш их ажил хийж байна" гэсэн имиж үүсгэхийг оролдсон. Энэ пиарт нь итгэсэн мэр сэр хүмүүс ч байдаг байж магадгүй. Гэвч бодит байдал дээр хотын төвийн явган хүний зам эвдэрхий хэвээрээ л байна. Харин ийм энгийн зүйлээ янзалж чадахгүй байгаа атлаа элдэв аугаа том төсөл гэгчийн ярьж байгаагийн шалтгаан нь мөнгө, "цавчаа" байж магадгүй сэжүүрүүд ил болж эхэлсэн. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, НИТХ-ын төлөөлөгч, Х.Нямбаатарын "баруун гар" гэгдэх Б.Сэргэлэнбаатар нар ч Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төслүүдтэй холбоотой авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа.


Туулын хурдны зам төслийн урьдчилгаанд ямар ч барьцаагүйгээр, хуурамч бичиг баримтад үндэслэн 500 тэрбум төгрөг шилжүүлсэн нь ч тодорхой болсон.


Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргаар хэнийг томилох вэ? гэдэг асуудал МАН дотор ид яригдаж байна. Одоогийн байдлаар УИХ-ын хоёроос гурван гишүүнээс сонгох буюу НИТХ-ын төлөөлөгчид дундаас сонгох гэсэн хоёр хувилбар яригдаж буй бөгөөд хамгийн гол нь шударга, зарчимч, нэр цэвэр байх гэсэн зарчмыг дараагийн Нийслэлийн засаг даргыг сонгох шалгуур болгож буй ажээ.


Э.Солонго