УИХ, Засгийн Газрын гишүүн, ГБХНХ-ийн Сайд Т.Аубакир сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрээр: "Тэтгэвэр, цалинг нэмээд байдаг. Гэтэл үнийн өсөлт нь дагаад нэмэгддэг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? Тэтгэвэр, цалинг нэмэхийн зэрэгцээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах механизмыг төр үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Үгүй бол цалин, тэтгэврийг нэмээд байхад үнэ нь дагаад өсөж, бодит үр өгөөж нь буурна.
Монгол төгрөгийн ханш, инфляц, үнийн өсөлт зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүйгээр зөвхөн тэтгэвэр, цалинг нэмсээр байх боломжгүй. Нөгөө талаас тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг ярьж байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ч эргэн харах шаардлага гарна.
Тэтгэврийн доод хэмжээ болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Тэтгэврийн доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс давж болохгүй. Эдгээр асуудлыг эхлээд намын бүлгүүд дээрээ ярилцах хэрэгтэй. Нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлыг зөвхөн нэг намын хүрээнд биш, бусад намуудын зөвлөлүүдэд ч танилцуулж, хэлэлцүүлэх шаардлагатай. Зөвхөн тэтгэврийн асуудлыг ярихаас гадна яагаад ийм өөрчлөлт хийх шаардлагатай болсон талаар нийгмийн даатгалын сангийн өнөөгийн бодит нөхцөл байдлыг танилцуулах ёстой. Өнөөдөр Монгол Улсад дөрвөн шимтгэл төлөгч нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг санхүүжүүлж байна. Харин ойрын жилүүдэд нэг шимтгэл төлөгч нэг тэтгэвэр авагчийг даах хэмжээнд хүрэх эрсдэл үүсээд байна. Ийм нөхцөлд гарах санхүүгийн зөрүүг хэрхэн нөхөх вэ гэдэг томоохон асуудал бий.
–Тэтгэвэр нэмүүлье гэж байгаа нийт ахмадын хувьд энэ нь сэтгэл ханамжтай шийдвэр болж чадна гэж үзэж байна уу?
Янз бүрийн байр суурь байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд өөрчлөх шаардлагатай зүйл бол тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинэчлэх асуудал. Одоогийн байдлаар 140 мянга орчим хүний тэтгэвэр шударга бус хэмжээнд тогтоогдсон гэж үзэж байна. Тиймээс итгэлцүүрийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Мөн инфляц болон бусад хүчин зүйлтэй холбоотойгоор улсын төсвөөс тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилт шаардагдана. Үүнээс гадна нэрийн дансны тогтолцоо зөв хэрэгжиж байгаа эсэх талаар ч эргэн харах шаардлага бий. Олон улсын жишгээр хэрэгжүүлж буй энэ тогтолцоонд зарим хүндрэл гарч байгаа тул суурь тэтгэврийн тогтолцоонд шилжих талаар судалж, хэлэлцэж байна.
–Тэтгэврийг өмнө нь 80 мянган төгрөгөөр нэмсэн нь инфляцид нөлөөлсөн гэж үздэг. Одоо дахин нэмбэл инфляц өсөх үү?
Тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмсэн нь инфляцын гол шалтгаан болсон гэж би үзэхгүй байна. Харин үнийн өсөлттэй уялдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах бодлого, механизмыг төр хэрэгжүүлэхгүй бол цалин, тэтгэвэр нэмэгдсэн ч бодит үр дүн гарахгүй. Эдийн засагчид ч үнийн өсөлтийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр иргэдийн амьжиргааг сайжруулах боломжгүй гэдгийг хэлдэг. Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл нь зөвхөн нэг намын асуудал биш, нийт нийгмийн асуудал болсон. Тиймээс бүх тал оролцож, УИХ дээр өргөн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай. Мөн илүү шимтгэл төлсөн хүн илүү хэмжээний тэтгэвэр авах нь шударга ёсны үндсэн зарчим гэж үзэж байна." гэсэн байна.
Б.Төгсбаясгалан
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл0