sonin.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Нэгдлийн сайд Жон Дун Ёныг энэ сарын 4-нд хүлээн авч уулзав.


Сайд Б.Батцэцэг манай чухал “гуравдагч хөрш”, бүс нутгийн ойр дотно түнш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд, хоёр орны олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны хүрээнд солонгосын тал “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд чухал ач холбогдол өгч, өндөр түвшинд оролцож байгааг тэмдэглэв.


Сайд Жон Дун Ён бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, санал санаачилгыг БНСУ-ын тал тууштай дэмжихийн зэрэгцээ өндрөөр үнэлж ирснийг онцлоод хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээлэв.