sonin.mn
ИБНАУ-д явагдаж байгаа “НАТО”-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнийг өнөөдөр Төрийн дээд одон медаль болон Батлан хамгаалах салбарын медалиар шагналаа. Эх орон, цэргийн дээд удирдлагын өгсөн үүргийг нэр төртэй гүйцэтгээд ирсэн дэд хурандаа Б.Даваа-Очир захирагчтай цэргийн багийн бие бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, сургагч ахлагч З.Эрхэмбаяр, “Цэргийн хүндэт медаль”-аар тус цэргийн багийн захирагч, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Даваа-Очир, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Байр зүйн хөдөлгөөнт тасгийн дарга, хошууч Б.Хулангоо, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Эрдэнэчимэг нарын таван цэргийн алба хаагч, “Энхийн төлөө” медалиар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн дэд ахлагч М.Даваа-Очир нарын 44 цэргийн алба хаагч энгэрээ мялаалгасан бол Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Зэвсэгт хүчний ХЗЦК-ын хурандаа Ж.Мөнхбадрах, БХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ажиллагааны ахлагч, тэргүүн ахлагч Ц.Ренчиндорж нарыг алба хаагчдыг шагналаа.
Дэд хурандаа Б.Даваа-Очир хэлсэн үгэндээ “ИБНАУ-д явагдаж байгаа НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын төр засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг өмнөх цэргийн багуудын адилаар нэр төртэй гүйцэтгэсэндээ бид баяртай байна. Монгол Улсын төр засаг, энхийн үйлсэд хүчин зүтгэж, төр түмнийхээ итгэл найдвар, эх орныхоо захиас даалгаврыг нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагч дайчдын маань хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Төрийн одон медалиар шагнаж байгаад энхийг сахиулагчдынхаа өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Ажиллагааны газар оронд цагийн байдал амаргүй байсан ч цэрэг хүний ёсоор тэсвэр хатуужил, эр зориг, сахилга бат, ур чадвар гээд бүхнээ дайчлан хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргээ амжилттай гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүн болоод тэдний найдвартай ар тал байж, үүргээ сэтгэл амар, тайван гүйцэтгэх боломжийг нь бүрдүүлж өгсөн гэр бүлийнхэнд нь баярлалаа” гэсэн юм. Үүний дараа ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар үүргээ амжилттай гүйцэтгэсэн энхийг сахиулагчдаар бахархаж буйгаа илэрхийллээ. 
 
 
 
 
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг “Соёмбо” сониноос уншаарай.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин