Прокурорын байгууллагаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг сүүлийн 5 жилийн байдлаар судлахад улсын хэмжээнд 4105 хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 41 хувь буюу 1986 нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их байна. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгалийн нөөцийн тархалт, газар нутгийн онцлогоосоо шалтгаалаад Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт зонхилон үйлдэгдэж байна. “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч С.Эрдэнэтуяатай хууль бус мод бэлтгэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, хуулийн зохицуулалтын талаар ярилцлаа.
Архангай аймгийн хувьд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хууль бус мод бэлтгэх гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?
Архангай аймгийг ой модоор баялаг, гол ус тэгш, байгалийн үзэсгэлэнт газар нутагтай гэдгийг хүн бүр мэддэг. Нийт нутаг дэвсгэрийн 15.7 хувийг ой мод бүхий газар нутаг эзэлдэг. Гэвч үнэт баялаг болсон ой модоо хайрлан, хамгаалах хэрэгцээ шаардлага үүсээд байна. Учир нь судалгаагаар улсын хэмжээнд үйлдэгдсэн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралтаар, ялангуяа хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тоогоор Архангай аймаг дээгүүр орж байна. Сүүлийн хэдэн жилийн тоон мэдээллийг харахад ч энэ төрлийн хэрэг буурахгүй байна.
Аймгийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар хүрээлэн буй орчны эсрэг 136 гэмт хэрэгт хяналт тавьснаас 85 хувь нь хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг эзэлж байна.
Хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл юу байна вэ?
Хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг аймгийн төвтэй ойр, мод ихтэй Булган, Их тамир, Цэнхэр, Тариат, Өндөр-Улаан зэрэг сумдад ихээр үйлдэгдэж байна. Ихэвчлэн орон нутгийн иргэд өөрсдийн ахуйн хэрэгцээнд мод бэлтгэхдээ зөвшөөрөл авахгүй байх, зөвшөөрлийн хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэх зэргээр энэ гэмт хэргийг үйлдэж байна.
Ямар үйлдлийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг гэж үздэг вэ?
Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэх, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг үйлдлийг хэлнэ.
Тодруулбал зохих зөвшөөрөлгүйгээр ой, ойн сан бүхий газарт ургасан модыг хөрөөдөх, тастах, цагаалах замаар санаатайгаар огтлох, унанги модыг түүх, үндэстэй нь сугалах, булгалах зэргээр технологийн бус аргаар салган авч ойн санд хохирол учруулах, хууль ёсны эрхийн бичигтэй ч зөвшөөрөөгүй хугацаанд, тоо хэмжээг хэтрүүлэх, зөвшөөрөгдсөнөөс өөр талбайд бэлтгэсэн үйлдэл хамаарна.
Дийлэнх тохиолдолд иргэд зохих зөвшөөрөлгүйгээр түлээний болон хэрэглээний мод бэлтгэж гэмт хэрэгт холбогдож байдаг.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлагын талаар тайлбарлаж өгөхгүй юу?
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар 450 мянгаас 5 сая 400 мянган төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.
Энэ төрлийн гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэх, бусадтай бүлэглэх, төрийн албан хаагч үйлдэх, тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт үйлдсэн бол эрүүгийн хариуцлага нь илүү хүндэрнэ.
Иргэд “ганц, нэг мод бэлтгэхэд яав л гэж, торгоод л өнгөрөх биз” гэж боддог. Гэвч энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулахаас гадна хууль бусаар бэлтгэсэн мод, байгалийн баялгийг хураах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг улсын орлого болгох, нэмээд байгаль орчинд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, төлүүлдэг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй байна.
Архангай аймгийн хэмжээнд 2024-2025 оны байдлаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 55.3 сая төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 804 ширхэг 539.7 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг битүүмжилж, хуульд заасны дагуу хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Прокурор шүүх хуралдаанд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн хүнд хуульд заасан үндсэн ял шийтгэл оногдуулах санал тавихаас гадна нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах саналыг тавьдаг. Шүүх прокурорын саналыг үндэслэж хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг үндсэн ялтай нь хамт оногдуулж шийдвэрлэж байна.
Ингэснээр тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн хийсэн хэргээ ухамсарлах, байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлж, цаашлаад хүрээлэн байгаа орчин нөхөн сэргээгдэх боломж бүрдэж, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж байгаа гэж үзэж байна.
Аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд орон нутагтаа ямар ажил, арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй “Хамгаалсан байгаль-бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээнд дээрх төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалж, судалгааны дүнд үндэслэн аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, уулзалт болон нөлөөллийн арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулж байна.
Иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Эртэч Монгол” клубтай хамтран хог хаягдлыг бууруулах, байгаль орчны талаарх зөв хандлага, дадлыг бий болгоход чиглэсэн уулзалт, ярилцлагуудыг орон нутгийн иргэдийг оролцуулан зохион байгуулсан. Мөн байгаль хамгаалах эерэг хандлагыг багаас нь төлөвшүүлж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар ойлголт өгөх зорилгоор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт, яриа таниулга хийх зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Цаашид хууль бус мод бэлтгэх гэмт хэргийг бууруулахад анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран сумдын иргэдэд хууль сурталчлах яриа таниулгыг хийхээр төлөвлөж байна.
Хууль бус мод бэлтгэх гэмт хэргийг бууруулж, энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хүн бүр байгаль хамгаалагч. Тиймээс хүн бүр хууль бус үйлдэлтэй тэмцдэг, энэ талаар мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Хэрэв таны эргэн тойронд, баг, сумдад хууль бусаар мод бэлтгэж байгаа тохиолдол илэрвэл Цагдаагийн байгууллага болон сумын байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх хэрэгтэй.
Мөн бусдад уруу татагдаж, хууль бус үйлдэлд оролцохоос татгалзах хэрэгтэй. Ахуйн хэрэгцээнд мод бэлтгэхдээ заавал хууль ёсны дагуу, аймаг, сумынхаа холбогдох албанаас зөвшөөрлийн бичиг авч, зөвшөөрөлд заасан тоо хэмжээгээр мод бэлтгэх, хэрэв мод тээвэрлэж байгаа тохиолдолд тээвэрлүүлж буй иргэнээс зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэгдсэн эсэхийг тодруулж, гарал үүслийн гэрчилгээг шаарддаг байх зэргээр дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Тунгалаг гол ус, өтгөн ой модоо ирээдүй хойч үедээ яг энэ хэвээр нь, магадгүй үүнээс ч илүү сайхнаар өвлүүлэн үлдээхийн тулд хуулиа биелүүлж, байгалиа хайрлан хамгаалахыг уриалж байна.
Баасан - 09 сарын 25,
2026
Сэтгэгдэл0