Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Өмнөговь, 27-30-нд Баянхонгор аймагт тус тус ажиллаж, малчин эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээг хийх ажлыг 2019 онд эхлүүлэн хэд хэдэн бүс нутагт ажиллаад байна.
 
НҮБ-ын Хүн амын сан дэмжлэгтэйгээр алслагдсан бүс нутгийн малчин эмэгтэйчүүд, тэдний гэр бүл, хамт олны эрүүл мэнд, аж байдалд нөлөөлж буй хүний эрхийн эмзэг асуудал болон хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг судалж байна. ХЭҮК-ын Ажлын хэсэг малчин эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцах, судалгаа авах, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага, статистик, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, эрүүл мэндийн байгууллага, аймаг, сумдын Засаг дарга нар, Хамтарсан баг, иргэний нийгмийн байгууллагууд, өмгөөлөгч зэрэг холбогдох төлөөллөөс мэдээлэл цуглуулах, үйл ажиллагаатай танилцах зэрэг замаар мэдээлэл цуглуулж ажиллаж байна.