sonin.mn
Японы 80 жилийн түүхтэй “Aica” брэндийн өндөр технологийн барилгын материалын албан ёсны борлуулагч “Солонгын домог” компанийн захирал Л.Нарантуяаг “Бизнес, хөгжил” булангийн зочноор урилаа.
 
-Та энэ компанийн бүтээгдэхүүнийг Монголд борлуулах эрхийг авахын тулд дөрвөн жил хөөцөлдсөн гэж байсан. “Аica” бол Японд нэгдүгээрт бичигддэг том компани байх аа?
 
-“Аica” бол цавуу үйлдвэрлэлээрээ гараагаа эхэлснээс хойш 80 жил үйл ажиллагаа явуулж байгаа Японд төдийгүй дэлхийд нэгдүгээрт бичигдэх том компани л даа. Жолипэйт чулуун будаг, шилэн замаскаараа маш алдартай. Хятадууд, солонгосууд энэ технологийг нь дуурайж үйлдвэрлэж чадахгүй байгаа. Японы зах зээлийн 20-30 хувийг энэ компани дангаараа эзэлж байна. Машины том үйлдвэрүүд, сургууль, эмнэлгүүд нь бүгд эдний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Би энэ компанийн бүтээгдэхүүнийг шууд Японоос нийлүүлэх эрхийг авахын тулд дөрвөн жилийн туршид уйгагүй хүсэлт өгсөөр байгаад зөвшөөрүүлсэн.
 
Одоо өөр компанид дахиж эрх өгөхгүй. Тиймээс маш сонирхолтой санагдаж байгаа. Дэлхийд барилгын материалдаа 30-40 жилийн баталгаа өгдөг үйлдвэр нэг ч байхгүй. Ямар ч тоглолт хийж болдог, дизайнеруудын ур чадварыг шалгадаг маш гоё материалыг үйлдвэрлэдэг юм. Чанарын хувьд хүний биед сөрөг нөлөөгүй, эко гэдгээрээ алдартай. Би хэдийгээр компаниа байгуулаад хоёрхон жил болж байгаа, Монголын зах зээлд шинэ тоглогч ч гэсэн энэ компанийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх эрхийг авснаараа чанарын хувьд топ болно гэж ойлгож байгаа. Сүүлийн үед худалдан авагчдын хандлага ч эко бүтээгдэхүүнийг чухалчилдаг болсон байна.
 
-Барилгын материалын салбар, ялангуяа будаг, замаск гэхээр Монголын зах зээлд өрсөлдөгч маш их шүү?
 
-Тийм ээ. Хятад, Солонгос, Орос, Герман, Польш гээд олон улсын бүтээгдэхүүн орж ирж байна. Монголдоо хүртэл өөрсдөө үйлдвэрлэж байна. Би давуу байх ёстой. Давуу тал нь чанартай бүтээгдэхүүнийг шууд үйлдвэрээс нь оруулж ирж байна. Тиймээс чанарын хувьд энэ салбарт надад өрсөлдөгч байхгүй гэж боддог.
 
-Дотоодын үйлдвэрлэлээ дэм­жих хандлага хүчтэй байгаа. Энэ үед гадны бүтээгдэхүүн им­порт­лох нь хэр оновчтой бизнес вэ?
 
-Мэдээж бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжих учиртай. Гэхдээ учир дутагдалтай зүйлс ч бий. Миний бодлоор дотоодын үйлдвэрлэл маш сайн хөгжиж байгаа.  Гэхдээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр технологийн бүтээгдэхүүн байгаад бидэнд оруулж ирэх боломж нь байхад яагаад хэрэглэж болохгүй гэж. Бид сувгийг нь нээж өгч байна. Монголын зах зээл дээр маш боломжийн үнээр борлуулж байна. Хоёр жилийн хугацаанд бид амжилттай ажиллаж байгаа. “Мишээл” барилгын их дэлгүүрт загварын өрөөгөө ажиллуулж байна.  Цаашид ингээд Японоос бүтээгдэхүүн зөөж байхаар үйлдвэрийг нь Монголд оруулж ирье гэсэн хэтийн зорилго байна. Хамгийн гол нь түүхий эдээ судалж байна. Болно байх гэж харж байгаа.
 
-Манай барилгын материалын зах зээл Хятадаас хараат гэж хэлж болно. Хэрэглэгчдийн хувьд ч хямд үнийг хүсч байгаа учраас түүнд нь тааруулаад байна л даа?
 
-Судалгаанаас харахад барилгын материалын 90 хувь нь Хятадаас орж ирж байна. Герман, Оросоос гэсэн мөртлөө хятад бүтээгдэхүүн байдаг. Тийм шударга бус.  Манайхыг хүртэл танайх үнэхээр Японоос оруулж ирдэг юм уу гэж асуудаг. Хэрэглэгчид яагаад итгэл алдав гэдгийг бодох л асуудал. Хямд бүтээгдэхүүн хэрэглэж байгаагийн хувьд яваандаа өөрчлөгдөнө. Чанартай сайн бүтээгдэхүүн орж ирэх тусам хэрэглэгчийн хандлага боловсрол өөрчлөгдөнө. Одоохондоо массын төвшинд цалин, орчин нөлөөлж байгаа тул хямдхан зүйлийг хүсч байна. Манай бүтээгдэхүүн ч тийм үнэтэй биш шүү дээ. Боломжийн үнээр чанартай бүтээгдэхүүн оруулж ирэхийг л гол зорилгоо болгосон. Сүүлийн үед залуучууд их мундаг болжээ. Сэтгэлгээ нь маш их тэлж байна. Барилгын салбар хурдацтай зөв хөгжинө гэдэгт би итгэдэг.
 
-Та яагаад энэ салбарыг сонгох болсон юм бэ?
 
– Би Монголд бага насаа өнгөрүүлээд Японд олон жил сурсан л даа. Монголдоо барилгуудын өнгө зүсийг харахаар дандаа өнгөө алдчихсан, хуураад уначихсан, үнэр ихтэй, нэг жил болоод л дахиад л буддаг. Би их гайхдаг, үүнийг засдаг арга байхгүй гэж үү гэж хайдаг байсан. Японы барилгууд яагаад тийм гоё өнгөлөг байгаа юм бол гээд судалж эхэлсэн. Тэгэхэд хамгийн том компани нь “Aica” байсан. Намайг үнэндээ тоогоогүй л дээ. Бүх судалгаагаа үзүүлж олон дахин хүсэлт гаргасны хүчинд зөвшөөрсөн юм. Одоо бид зүрх сэтгэлээ зориулж өөрчлөхгүй л бол хэн өөрчлөх вэ дээ.
 
-Улаанбаатарт өндөр гоёмсог барилгууд сүндэрлэсээр байна. Өнгө үзэмжийн хувьд ямар санагдаж байна?
 
-Үнэнийг хэлэхэд хэцүү дээ. Маш их мөнгөөр барьж, үнэтэй зарж байна. Тэгсэн хэрнээ материалуудыг нь харахаар харамсалтай санагддаг. Багахан ч гэсэн чанартай зүйл хийгээсэй, үүнд нь хувь нэмрээ оруулах юмсан гэж бодох юм.
 
-Монголд бизнес эрхлэхэд хэцүү зүйл байна уу?
 
-Надад бол сонирхолтой санагдаж байна. Ер нь шинээр бизнес эхлүүлэхэд маш сайн судалгаа хийх хэрэгтэй.  Би энэ бизнесийг 5-6 жил судалсан. Хэцүүгүй юм хэзээ ч байхгүй. Уйлах дуулах үе олон байсан. Миний Монголын зах зээлээс суралцсан сайн ойлгосон зүйл бол бусдад хэзээ ч хэтэрхий итгэж болохгүй. Монголын зах зээл хөгжиж байна. Гэхдээ шударга өрсөлдөх хэрэгтэй, зарчимтай байх ёстой. Түүнээс жижиг компани байна уу, том компани байна уу хамаагүй. Бизнес өөрөө хатуу ертөнц. Үүн дотор зөв явах ёстой юм.  Аяндаа хэрэглэгчид чанараар нь шигшээд гаргаад ирнэ дээ.  Жишээ нь Япон гэхээр дэлхий даяар чанар, хариуцлага гэж хардаг тэр нь ч үнэн. Бизнесийн соёл маш чухал гэж боддог.
 
-Таныхаар бизнесийн соёл ямар байх ёстой вэ?
 
-Хэлсэн амандаа хүрэх, хийнэ гэсэн бол хийх, цаг барих, худлаа ярихгүй байх гэх мэт. Би ч гэсэн ажилтнууддаа тийм шаардлага тавьдаг. Ажилтнуудаа ур чадвартай болгохоос гадна маш сайн цалин өгөхийг хичээдэг. Тэд сайн цалин хангамжтай байж компанийн ажил урагшилна. Тиймдээ ч зах зээлийн ханшаас өндөр цалин өгдөг.
 
-Танай компани “Aica”-гаас ямар төрлийн бүтээгдэхүүнийг нь голчлон оруулж ирж байна вэ?
 
– Хүний амьдрах орчин тав тухтай байх ёстой. Тиймээс барилга бол амьдралын чухал хэрэглээ гэж би боддог. Одоо Монголын зах зээлд байр сууриа эзлэхийн тулд барилгын гадна, дотно заслын жолипэйт чулуун будаг, шилэн замаскийг түлхүү оруулж ирж байна. Японы жолипэйт брэндийн чулуун будаг бол ганддаггүй, ус чийг нэвтрэхгүй, өнгөө алдахгүй, 30-40 жилийн баталгаа өгдөг. Дэлхий дээр жолипэйт шиг тэргүүн эгнээний чулуун будгийг ганцхан “Aica” л үйлдвэрлэж байна.  Ийм гоё бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэглээсэй гэж боддог. Телевизийнхээ арын ханыг энэ будгаар будах юмсан гээд ирэхэд нь би их баярладаг юм. Дээрээс нь маш гоё далайн чулуунууд байна. Явган хүний зам, довжоо, шат хийхэд хэрэглэж байна. Хүний биед ач холбогдолтой учир сауны газрууд худалдаж авч байна. Мөн өнгөт хуулга, хавтангуудаараа их алдартай.
 
-Дэлхий нийтээрээ эко хандлагатай болж байна. Барилгын салбар ч хоцрох ёсгүй байх?
 
-Энэ чиглэлд зайлшгүй явах шаардлагатай. Манай барилгын салбар ч эко чиглэлдээ хөгжиж байна. Тиймээс импортолж байгаа барилгын материалын чанарт зайлшгүй анхаарах ёстой юм. Монголд орж ирж байгаа будагны 80 хувьд нь хорт бодис агуулагдаж байгаа судалгаа бий. Японд бол маш хатуу стандартыг баримталдаг. Тиймдээ ч жолипэйт будгийг жирэмсэн эмэгтэйчүүд хүртэл хэрэглэж байдаг. Манай гүйцэтгэлийнхэн багийнхан ч маск хэрэглэдэггүй. Хүний биед сөрөг нөлөөгүй, эко байхаас гадна технологи, өнгө үзэмж нь гайхамшигтай олон сонголттой байдаг.  Тиймээс би барилгын материалын салбарт ногоон гэрлээр орж чадлаа гэж бахархалтайгаар хэлээд байгаа юм.
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин