sonin.mn

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулсныг сийрүүлэн хүргэж байна.


Оюутолгойн гэрээг өөрчлөх эсэх асуудалд та ер нь юу гэж хандаж байна?


Оюутолгойн асуудлыг нэлээд сайн ярилцаж, хэлэлцэн шийдвэрлэх цаг нь болсон гэж үзэж байна. Саяхан Оюутолгойн сонсгол болсон. Миний Засгийн газарт ажиллаж байсан үеэс ч энэ асуудал яригдсаар ирсэн. Анх гэрээ байгуулагдаж байх үед би Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан. Тухайн үед 2020 он гэхэд анхны ногдол ашгаа авна гэсэн тохиролцоо байсан. Гэвч өнөөдрийг хүртэл буюу 2026 он гэхэд ч ногдол ашиг авч чадаагүй байна. Өмнөх болон одоогийн Засгийн газрууд энэ асуудлыг олон удаа хэлэлцэж ирсэн.


Манай Засгийн газрын үед зээлийн хүүг бууруулах, ногдол ашиг авах хугацааг наашлуулах талаар санал гаргаж байсан. Тухайлбал 2012–2013 оны үед 2020 онд ногдол ашиг авах хугацааг наашлуулах оролдлого хийж байсан ч дэмжлэг аваагүй, улмаар улс төрийн хүндрэл дагуулж байсан.


Иймээс иргэдийн тавьж буй шаардлага, санал нь зүй ёсны гэж үзэж байна. Саяхан болсон сонсголоор ч олон баримт, тоо мэдээлэл гарсан. Оюутолгойтой холбоотой зээл, зээлийн хүү болон хуримтлагдсан хүү зэрэг асуудлыг дахин авч үзэж, шаардлагатай бол өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь энэ жил ойролцоогоор 5 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж эхэлж байгаа талаар мэдээлэл гарсан. Хэрэв зээл, хүүтэй холбоотой зохицуулалтыг оновчтой болгож чадвал ойролцоогоор 1.6 тэрбум ам.долларын ногдол ашиг авах боломж бүрдэх талаар тооцоолол бий. Ерөнхий сайд иргэдийн санал, шүүмжийг үл тоомсорлохгүйгээр авч үзэж, Монгол Улсад ашигтай байдлаар шийдвэрлэх ёстой гэж найдаж байна.


-Зээлээ төлж дуустал ноогдол ашиг авахгүй гэсэн заалт байгаа ийм заалт ер нь олон улсын хэмжээнд байж болдог юм уу гэрээнд өөрчлөлт оруулах бол энэ заалтыг өөрчлөх хэрэгтэй юу?


Гэрээний хувьд хоёр үндсэн хэлбэртэй. Миний үед байгуулсан нь хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд түүнд тодорхой нөхцөлүүд тусгагдсан байдаг. Харин хувь нийлүүлэгчдийн гэрээ нь УИХ-аар бүрэн батлагдаагүй учир Засгийн газар тодорхой хэмжээнд санал гарган өөрчлөх боломжтой гэж үздэг. Иргэдийн байр суурь үндэслэлтэй. Баялгаа ашиглуулчхаад ногдол ашиг хүртэхгүй байх нь шударга биш. Тиймээс энэ асуудлыг засаж залруулах нь Засгийн газрын үүрэг юм.


-Сүүлийн үед том төслүүдийг нөгөө талдаа зогсоодог зүйлс дэлгэрч байна Халзан бүргэтэй төслөөс эхлүүлээд? 


Засгийн газар иргэдтэйгээ илүү нээлттэй ажиллаж, ойлголцлыг сайжруулах хэрэгтэй. Цөөн хүний эсэргүүцлийг гаднын нөлөө гэж буруутгах нь буруу ойлголт. Бүх Монголчууд нэг зорилготой байх ёстой.




Б.Төгсбаясгалан