sonin.mn

Аж үйлдвэр, Эрдэс Баялгийн Сайд Г.Дамдинням сэтгүүлчдийн асуултад хариулжээ. 


Газрын тосны нөөц хир их байгаа вэ? 


Ер нь бид газрын тосны нөөцөө өөрийн байгаа сав, агуулахын хэмжээнд хангалттай хадгалж байгаа. Иргэддээ хэлэхэд одоогоор сандарч, тэвдэх нөхцөл байдал байхгүй. Гэхдээ дэлхий нийтийн нөхцөл байдал, тэр дундаа манай хойд хөршийн дайны нөхцөлөөс шалтгаалаад шатахууны хангамжийг тогтвортой хангах асуудал амаргүй байгаа.Гэсэн хэдий ч манай хойд хөрш олон жилийн хамтын ажиллагаатай, найрсаг хөршийн хувьд шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй явж ирсэн.


Дотоодын хязгаарлалттай холбоотой асуудал сүүлийн хэдэн жил яригдаж байгаа ч бидний хувьд нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.


Дизель түлшний хувьд дэлхийн зах зээл, нийлүүлэлтийн нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлууд гарсан ч ОХУ-ын дотоодын үнэд ойролцоо нөхцөлөөр авах зохицуулалтыг хийсэн. Одоогоор харьцангуй тогтвортой байгаа. АИ-92 шатахууныг бид ОХУ-ын дотоодын үнээс хоёр дахин хямд үнээр авч байгаа. Энэ нь Засгийн газрын хийсэн гэрээ, хэлэлцээрийн үр дүн юм. Гэхдээ шатахууны үнэ өндөр байгаа, дотоодын хомсдол үүсэх эрсдэлтэй холбоотой асуудал цаашид яригдаж магадгүй.


Бид одоогоор байгуулсан гэрээний хүрээнд ажиллана гэсэн байр суурьтай байгаа. Гэрээнд гурван сар дараалан үнэ өөрчлөгдвөл үнийн асуудлыг дахин хэлэлцэх боломжтой гэсэн зохицуулалт бий.


Манай улс дотооддоо шатахуун үйлдвэрлэдэггүй цөөн орны нэг. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар бид дэлхийн хэмжээнд харьцангуй хямд үнээр бензин хэрэглэж байгаа. ОХУ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэж байна. Одоогоор сандарч, тэвдэх шаардлагагүй. Гэхдээ эргэн тойрны нөхцөл байдал амаргүй, дэлхийн хэмжээнд маш хүнд нөхцөл байдал үргэлжилж байна.


– Дизель түлшний хэд хоногийн нөөц байгаа вэ? Шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийж байгаа гэсэн мэдээлэл байна?


– Тийм хязгаарлалт хийсэн асуудал байхгүй. Оочер, дараалал үүссэн зүйл ч байхгүй. Харин сав, агуулахын асуудал бий. Өнгөрсөн 36 жилийн хугацаанд үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шатахууны 3–6 сарын нөөц бүрдүүлэх зорилт байсан ч бодит хэрэгжилт хангалттай байгаагүй. Өнгөрсөн оны Засгийн газраас энэ асуудлаар тусгай хууль санаачилж, энэ онд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, 150 мянган куб метрийн багтаамжтай сав барих ажлыг эхлүүлсэн. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлж, 2028 он гэхэд улсын хэмжээнд 3 сарын нөөц хадгалах боломжтой хүчин чадал бүрдэнэ. Энэ бол өмнө нь байгаагүй том хэмжээний бодлого хэрэгжиж байгаа гэсэн үг.


– ОХУ-д шатахууны үнэ 3 сар дараалан өссөн асуудал байгаа юу? Манайд үнийн өөрчлөлт хэзээ нөлөөлөх вэ?


– Он гарснаас хойш үнэ өндөр байгаа. Гэхдээ Засгийн газрын идэвхтэй хэлэлцээрийн үр дүнд үнийг тогтвортой барих ажлууд хийгдэж байна. Хойд хөршийн талд нөхцөл байдлыг ойлгуулж, хэлэлцэж ажиллаж байгаа. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж байгуулан, дотоодын газрын тосоороо шатахуунаа хангах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлж байна.


Сошиал орчинд Хятад, Казахстан зэрэг бусад орноос авах талаар их ярьдаг. Гэхдээ бодит нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Зарим орон өөрсдөө дотоодын хязгаарлалттай, экспортлох боломжгүй байдаг.


Төр засаг улс орны нөхцөл байдал, дэлхийн зах зээлийн мэдээллийг харж, боломжит бүх хувилбараар ажиллаж байгаа. Төрийн байгууллагад мэргэжлийн хүмүүс ажиллаж, асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна.


– Томоохон компаниудад заавал хөнгөлөлттэй зээл өгч сав бариулах шаардлагатай байсан уу? Өөрсдийн хөрөнгөөрөө барих боломжгүй байсан уу?


– Төр, олон нийтийн зүгээс ийм шаардлага тавьж ирсэн. Өнөөдрийн байдлаар богино хугацаанд нөөц хадгалах боломжийг нэмэгдүүлж чадсан. Өмнөх бодлого хангалтгүй байсан гэж үзэж болно. Шатахуун бол төр, хувийн хэвшил хамтарч авч явах ёстой стратегийн салбар. Монгол Улс өмнө нь нөөцийн сав, агуулахтай байх оролдлого хийж байсан ч хяналт, зохион байгуулалтын асуудлаас болж алдагдал, зөрчил гарч байсан түүхтэй. Тиймээс энэ удаа илүү зөв тогтолцоогоор хэрэгжүүлэх шаардлагатай.





Б.Төгсбаясгалан