ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-ний өдөр БНХАУ-ын ТӨЗО-ны Линжа хотноо “Бүс ба Зам”-ын олон улсын хамтын ажиллагааны Хималайн бүсийн II форумд оролцох үеэрээ ТӨЗО-ны Дэд тэргүүлэгч Жян Жиетэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихийн хэрээр орон нутгийн түвшинд үүний дотор ТӨЗО-той харилцаа идэвхжиж буйг тэмдэглэжээ. 
 
 
 
Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ТӨЗО-ны Дэд тэргүүлэгч Мөн Шяолинь тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сард Монгол Улсад зочилж, Улаанбаатар хотноо гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг соёлын үйл ажиллагаа зохион байгуулсныг талууд дурдаж, цаашид соёл, боловсрол, уламжлалт эмнэлэг, шашны зан үйл зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломжтойг онцолсон байна.
 
 
 
БНХАУ-ын ТӨЗО-ны Дэд тэргүүлэгч Жян Жие Монголын талд “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд зохион байгуулж буй олон улсын хамтын ажиллагааны Хималайн бүсийн II форумын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлжээ.