Бар бол дэлхийн “Улаан ном”-д орсон нийгийн төрлийн амьтан. Эрт цагт есөн зүйл байснаас гурав нь бүрмөсөн устаж, одоо Малайн, Өмнөд Хятадын, Сибирийн, Суматрын, Бенгалын, Энэтхэг-Хятадын буюу Корбеттын гэсэн зургаан зүйлийн зургаан мянга гаруй бар 16 улсын нутагт байгаа. Амьтны хүрээлэн, дархан цаазат болон хамгаалттай газар, уугуул нутагтаа харьцангуй бага тоотой байгаа зургаан зүйлийн барын хамгийн цөөхөн нь Өмнөд Хятадын бар. Ердөө 20 хүрэхгүй тоо толгой үлдсэн бөгөөд ирэх арван жилд устаж үгүй болох аюул тулгараад буй. Харин Энэтхэгт 2014 онд зэрлэг барын тоо 3000 хүрсэн сайн мэдээ шуугиан дэгдээсэн. Дэлхий дээр байгаа нийт барын хагас нь Энэтхэгт байдаг бөгөөд эдгээр нь Энэтхэг-Хятадын буюу Корбеттын бар юм. Уг нь 1990-ээд онд таваас долоон мянгын хооронд тоологдож байсан Корбеттын бар нь хулгайн анчид, бусад нөлөөллөөс болж 2000-гаад оны эхээр ганцхан мянга болсон байв. Дэлхийн байгаль хамгаалах сан, Энэтхэгийн Засгийн газрын хамтын ажиллагааны хичээл чармайлтаар 2006 онд 1400, 2010 онд 1700... 2013 онд 2200 болж өсч байлаа. Харин ганцхан жилийн дотор 2014 он гэхэд тоо толгой нь 800-гаар нэмэгдэж 3000 хүрсэн нь сенсаац гэж олон улсад хүлээн зөвшөөрч байв.
 
 
Энэтхэгийн Засгийн газрын гаргасан тайланг харахад тухайн жил 400-гаад эмэгчин бар зулзагалж 800 бамбар эх дэлхийд ирж “газар тамгалсан” байна. Манайхаар бол 2200 хоньтой мянгат малчны хот нэг хавар 800 хургатай болсонтой жишиж болох юм. Энэтхэг-Хятадын буюу Корбеттын бар нь хэдийгээр тусгай хамгаалалттай бүсэд нутагладаг ч зэрлэг амьтны хувьд нэг жилд ийм олон үр төл гаргаж үр удмаа үлдээнэ гэдэг нь сенсаац байсан.
 
 
Ер нь Энэтхэг-Хятадын бартай холбоотой адал явдал, сенсаац урьд өмнө нь их гарч байсан, яригддаг ч байсан. Дилов хутагт Жамсранжав 1931 онд эх орноосоо гарч 1949 онд АНУ-ыг зорих хүртлээ Өвөрмонгол, Хятадад хэсэг хугацаанд суурьшсан байдаг. Тухайн үед Сталины заавраар Монголд эхэлсэн хэлмэгдүүлэлтээс дайжсан мяндаг тушаалтай эрдэмтэн лам нар Буддын шашин анхлан дэлгэрсэн Энэтхэг орныг зорьж явахдаа Дилов хутагттай уулздаг байж. Тэдгээр ламын нарын нэг нь болох, хожмоо эх орондоо 1972 онд буцаж ирэн Гандантэгчэнлин хийдэд ганцхан байдаг 108 боть “Алтан ганжуур”-ыг сэргээн завсарладаг хүндтэй бөгөөд хэцүү ажлыг гардан хийдэг байсан Лувсанчүлтэм гүүш: -Энэтхэгийг бид “Бурхны орон Жагар” гэдэг. Амьд явсны хэргээ бүтээж Бурхан багшийн мэндэлсэн газар очихоор Хөвсгөлийн Мөрөн сумын Тариатын хүрээнээс бадарчлан гарч Өвөрмонголоор дайран урагшаа явсан юм. Би тэгэхэд 21-тэй залуухан лам байв. Замдаа Самади багш Дилов хутагтад мөргөж, явдал суудлаа асууж зам мөрөө тэгшлүүлье гэж очлоо. Өвөрлөгч нар олон байна. Цуваад л хутагтаас асуух зүйлээ асууж хариугаа сонсоод, адис аваад хүмүүс ч овоо шингэрлээ. Миний ээлж боллоо. Тэгсэн Дилов хутагт өмнөх явган ширээн дээрээс шоголтой ном, хонх, очир тэргүүтнээ хураан авч цэгцлэн боогоод над руу нэг харснаа -Монгол лам; Жагарын орныг зорьж явна уу. Бар гэдэг араатан цавь, умдгандаа гижигтэй юм билээ гэж хэлчихээд намайг үг хэлэх завдал өгөлгүй босоод явчихлаа. Сэтгэл гонсойж, өвөрмонголчуудын өргөл барьцанд ханаж дээ, энэ хутагт гэсэн дургүйцэл төрж байв. Энэтхэгт очиж ном эрдмийн мөр их хөөлөө. Амьдрахын эрхээр Ар, Өвөрмонголоос ирсэн ирээчин яваачингуудад хэлмэрч хийн хол ойр ийш тийш зорчиж тав арван зоос олдог байсан. Одоо бодоход, очсоноосоо хойш ер ганцаараа явж үзээгүй, дандаа ханьтай явж байсан юм билээ. Нэг удаа Балбын Брейпүг уулын хөтөл зайлшгүй ганцаараа давах хэрэг гарлаа. Явж байтал сүр пар гээд нэг амьтан намайг ганцхан дайрч унаган дээр мордчихлоо. Тэр хоромд л Самади багшийн минь хэлсэн “Бар гэдэг араатан цавь, умдгандаа гижигтэй” гэсэн үг зурсхийв. Барын умдаг, цавь ч яг миний нүүрэн дээр тулчихсан байна. Гараа явуулаад хэдэн хуруугаа арвалзуулаад маажпаа. Амьхандаа гижигдэж байгаа ухаантай. Намайг тэгнээд дарчихсан нөгөө бар чинь нэг хачин дуугарснаа сүн гээд дүүлээд алга болов. Самади Дилов хутагт багшийнхаа ачаар ингэж амь аврагдсан юм. Он цагийг өртөөлөн хүний зам мөрд таарах аюул ослыг урьдчилан хэлэх, зөвхөн мэдэж хэлээд зогсохгүй тэрхүү орчин орчлоос гарах аргыг хүртэл зааж өгнө гэдэг манай Самади багш шиг гэгээрсэн хутагтуудад байсан ид шид юм гэж нэгэнтээ хуучилсан байдаг.
 
Анчин Корбетт "Чампаватын хүн идэгч" барыг хөнөөсний дараа
 
Энэтхэг улсад тоо толгой нь одоо хоёр мянга хол гарчихаад байгаа зэрлэг барыг 1968 он хүртэл “Энэтхэг-Хятадын бар" гэж нэрлэдэг байв. Харин 1968 оноос Анчин Корбеттыг мартахгүй дурсч байх үүднээс нэрийг нь албан ёсоор өөрчилж Корбеттын бар /Panthera tigris corbetti/ гэх болсон. Энэтхэгийг Британийн колони байх үед тус улсын умард нутаг Гималайн салбар уулсын дундах Найнитал мужид 1875 онд төрсөн, Британи-Энэтхэгийн армийн хурандаа, мэргэн буудагч Корбетт гэдэг энэ эрхэм нь хүн барьж иддэг 19 бар, 14 ирвэсийг буудаж устгасан билээ. Монголчууд бидний хувьд анчин хүн гэхээр амьтны амь бүрэлгэсэн нүгэлт хар гөрөөчин санаанд бууна. Гэтэл Корбеттын өмнөх “анчин” гэдэг тодотгол нь тухайн цагт орон нутгийнханд “Хүний махан хүнстэнгүүдээс аврагч бурхан” гэж ойлгогддог байж. Эдгээр 33 араатныг Английн иргэн, ирланд үндэстэн, зохиолч Анчин Корбетт 1907-1938 оны хооронд, Дэлхийн II дайны үеийн мэргэн буудагч шиг ганцаарчлан ажиллаж устган хөнөөсөн байна.
 
 
Тэрбээр “Чампаватын хүн идэгч” нэртэй барыг 1911 онд устгалаа. Энэ бар нь Энэтхэгийн Кумаон муж, Балба улсыг дамжин нийтдээ 436 хүнийг барьж идээд байв. “Чампаватын хүн идэгч” нь зүйлийн хувьд Бенгалын ирвэс, түүнчлэн хүн идэгч гэдгийн өмнө нь Тапладешийн, Такскийн, Моханскийн, Чоугарын гэж тодотгодог бар, ирвэсийн нэг юм. “Панарскийн хүн идэгч” ирвэс гэхэд 400 гаруй хүнийг барьж идсэн байна.
 
 
Анчин Корбетт 1925 онд “Рудрапраягийн хүн идэгч” гэдэг ирвэсийг устгажээ. Энэ махчин ирвэс Энэтхэгийн Кедарнатхе, Бадринатхе дахь Хиндус шашны ариун шүтээнийг зорьж яваа мөргөлчдийг 10 жил ангуучилсан аюултай араатан юм. Жим Корбеттын буудаж устгасан 19 бар, 14 ирвэс нь нийтдээ 1200 гаруй хүнийг барьж идсэн араатнууд юм. Дээр нь нэмж хэлэхэд тийм бар төдийг барьж идсэн гэдэг тоо яриад байгаа нь орон нутгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн албан ёсны тоо. Бүртгэгдээгүй, араатанд бариулж идүүлсэн хэдэн хүн цаана нь үлдсэнийг таахад бэрх. Корбетт нь өөрөө ч бариулж идүүлэх, амь нас нь араатны шүдний ирэн дээрх нөхцөлд дэнчин тавьж хүн иддэг бар, ирвэсийг устгаж олон зуун хүнийг араатны хоол болохоос хамгаалж аварч чадсан цагаан мөртэй АНЧИН. Тэрбээр ганцхан тохиолдолд хүн барьсан гэж андууран гэм зэмгүй явсан нэг ирвэсийг буудаж алсандаа насан туршдаа гэмшиж явдгаа хэлдэг байжээ. Корбетт нь 1930-аад оны сүүлчээс Энэтхэгийн байгалийг унаган төрхөөр нь үлдээх, араатан амьтныг мөхөж сөнөхөөс авран хамгаалах их ажилд ханцуй шалман орсон бөгөөд асар их талбай бүхий газрыг тусгай хамгаалалтын бүс болгож Засгийн газраас батлуулж чадсан билээ. Түүний араатан амьтдын тухай бичсэн “Man-eaters of Kumaon” (1994он), “The Man-eating Leopard of Rudraprayag” (1948), “My India” (1952), “Jungle lore” (1953) “The Temple Tiger and more man-eaters of Kumaon” (1954), “Tree Tops” (1955)  гэсэн зургаан номыг олон улсад баримтат зохиолын шилдгүүдийн эгнээнд тооцдог юм.
 
Жим Корбетт 1955 оны дөрөвдүгээр сарын 19-нд 80 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Нас барснаас нь хойш хоёр жилийн дараа Энэтхэгийн байгаль хамгаалалд оруулсан ажлыг нь үнэлж тус улсын 521 хавтгай дөрвөлжин километр талбайтай Үндэсний амьтны хүрээлэнг түүний нэрэмжит болгосон. 1936 онд үүд хаалгаа нээсэн уг хүрээлэн одоо 585 зүйлийн жигүүртэн шувуу, 33 төрлийн мөлхөгч, долоон төрлийн өөр өөр хоёр нутагтан, долон янзын загас жараахай, 37 зүйлийн бусад амьтантай. Мөн хорвоог орхисноос нь арван гурван жилийн дараа 1968 оноос эхлэн олон улсын хэмжээнд Энэтхэг-Хятадын барыгPanthera tigris corbetti  гэж нэрлэхээр тогтсон билээ. Энэ бол Энэтхэг-Хятадын барыг зүйлийн хувьд устаж үгүй болохоос Жим Коббет хамгаалсныг нь тодорхойлсон үнэлгээ. Харин хүн идэгч 19 бар, 14 ирвэсийг устгаж үгүй болгосон үнэлгээ нь “Анчин Коббет” гэдгийн “Анчин"-д хадгалагдан мөнхөрч үлдсэн байна.
 
 
Дилов хутагт Жамсранжав
 
Хуучнаар Засагт хан аймгийн Гүн Загдсамбарын хошуу, одоогийн Завханы Түдэвтэй сумд 1884 оны аравдугаар сарын 8-нд төрж, 1965 онд АНУ-ын Нью-Йорк хотод нас барсан. Монголын тусгаар тогтнолын зүтгэлтэн, шашны мяндагтан, хутагт. Таван цастайдаа Диловын хувилгаанаар тодорч шашны боловсрол эзэмшсэн. 1911 онд монголчууд тусгаар тогтносны дараа Дилов хутагт Монголын баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдын хувиар Ховдыг чөлөөлөх хэрэгт оролцсон ба Богд хааны зарлигаар Эрх цорж номч мэргэн хутагт цол хүртсэн. Дилов гэгээн нь Жалханз хутагт, Ерөнхий сайд Ж.Дамдинбазартай үеэл бөгөөд хоёул МАН-ын Ноёдын намын идэвхтэн байжээ. 1921 оны хоёрдугаар сард Богдыг дахин хаанд залсны дараа Улиастайн сайдаар томилогдсон бөгөөд баруун хязгаар дахь цагаантны цэргийг сөнөөхөд зүтгэсэн тул Ардын засгийн газраас Самади багш цолоор шагнажээ. 1930-аад онд хөрөнгөө хоёр удаа хураалгаж, өөрөө Эрэгдэндагвын хэрэгт холбогдон тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. 1931 онд Дотоодыг хамгаалах газраас Монголд тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр Дилов хутагтыг зарсан бөгөөд Монголоос зугтан гарсан хэмээн явахдаа XIV Далай лам Данзанжамцын номын багш болж байв. 1943 онд Америкийн монголч эрдэмтэн О.Латтиморын чармайлтаар Дилов хутагт АНУ-д дүрвэн гарч тэнд Монгол судлалыг хөгжүүлэх, Бурхны шашныг сурталчлахад багагүй үүрэг гүйцэтгэв. 1950 онд АНУ-ын Нью-Жэрси хотод Буддын шашны сүм байгуулсан. 1990 онд түүний нэр төрийг цагаатгажээ.
 
 
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин