Ням гарагт болсон Словений нэг танхимтай парламентын сонгуульд Ерөнхий сайд Роберт Голобын “Эрх чөлөө” хөдөлгөөн нам, Янез Яншагийн удирдсан Словений Ардчилсан нам маш ойролцоо тооны санал авлаа. Хоёр намын аль нь ч парламентын 90 суудлаас 46-г нь авч чадсангүй. Нийт саналын хуудасны 99,85 хувийг тоолсны дараах байдлаар “Эрх чөлөө” хөдөлгөөн нам 28,62 хувийн, Словений Ардчилсан нам 27,95 хувийн санал тус тус авсан байна. Таван хувийн босгыг давж чадсан бусад 7 нам парламентад суудалтай болсноор эрх баригч эвслийг бүрдүүлэхэд оролцох бололтой.

Энэ удаагийн парламентын ээлжит сонгуульд 10 гаруй нам, эвсэл оролцож, 1300 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн байна. Ерөнхий сайд Голобын гол өрсөлдөгч болох Янез Янша бол популист улстөрч бөгөөд Д.Трампын үзэл санааг дэмждэг ажээ. Я.Янша өмнө нь 3 удаа Словений засгийн газрыг тэргүүлж байсан юм. Харин Р.Голоб 2022 онд Ерөнхий сайдаар сонгогдож, зүүн төвийн үзэл баримтлалтай гурван намаас бүрдсэн эвслийг тэргүүлэх болсон байна. “Словений сонгуулийн дүн нь Европ тивд либерал бус хандлага түгэн дэлгэрч буйг харууллаа” гэж Роберт Шуманы сангийн шинжээч Хелен Леви дүгнэжээ. Словени бол Бүгд Найрамдах Социалист Югослав улсын бүрэлдэхүүнээс хамгийн түрүүнд буюу 1991 оны 6 дугаар сард гарч, тусгаар тогтнолоо зарласан улс билээ.
Б.Адъяахүү
Даваа - 03 сарын 23,
2026
Сэтгэгдэл0