Геологийн салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойд зориулсан “Монголын геологи-80” баярын хурал өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд боллоо. Багануур, Шарын гол, Эрдэнэтээс эхэлсэн их бүтээн байгуулалт одоо Оюутолгой, Тавантолгойгоор үргэлжилж байна.  Монгол Улсын хөгжлийг төдийгөөс өдийг хүртэл геологичид түүчээлж ирснийг хурлын үеэр онцолж байсан юм.
 
 
Түүхэн хуудас сөхвөл, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар  Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүхтэй.
 
 
Тэр цагаас хойш өнөөдөр бие даасан салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, геофизикийн зэрэг судалгаанд хамруулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон ордуудыг ажиллуулж байна.
 
“ГЕОЛОГИЙН САЛБАРТ ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА”
 
“Монголын геологи-80” баярын хурлын үйл ажиллагааг нээж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газар, улсын хил орчмын нутаг дэвсгэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж геологийн зураглал, эрэл, хайгуулын ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.  Түүнчлэн, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд геофизик, геохими, уул-өрөмдлөгийн ажлыг цогцоор нь гүйцэтгэж чанарыг сайжруулах, үндэсний гео мэдээллийн нэгдсэн санг байгуулан цахим мэдээллийн технологийн системд шилжүүлнэ.  Мөн энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах зэрэг нь бидний өмнөө тавьсан томоохон зорилт, сорилт юм. Уг зорилтыг бодит ажил болгон хэрэгжүүлэх, сорилтыг даван туулахад хамт олны шинэлэг санал, санаачлага, бүтээлч хөдөлмөр голлох үүрэгтэй гэдгийг онцолж байсан юм.  Баярын хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У. Хүрэлсүх нар баярын мэндчилгээ илгээсэн байв.
 
Х.Баттулга: БАЙГАЛИЙН БАЯЛАГ НИЙТИЙН ӨМЧ ГЭДГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
 
Мөн хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Тэрээр “Геологийн салбарын хөгжил нь Монгол Улсын эдийн засгийн болон Үндэсний аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөөтэй билээ. Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх ёстой газрын хэвлий дэх баялгийг нээн олж, арвижуулагчид нь геологичид та бүхэн бөгөөд шинээр илрүүлэн нээж олсон орд, уурхай баялаг болгон тань үндэсний баялгийг нэмэгдүүлж, эдийн засгийн чадавхийг сайжруулах ёстой гэж үздэг. Гэсэн ч хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон эрдсийн нөөц нь тухайн үндэстний өмч мөн болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх, ялангуяа нийтийн өмч мөн гэдгийг баталгаажуулах шаардлага тулгарч байна. Тиймээс уул уурхайн салбарт Үндсэн хуулийнхаа 6.1 дэх заалтыг зөрчсөн байдлаар олборлолт, ашиглалтын гэрээ хийгдсэн тохиолдлуудыг эргэн харах, хуульд нийцүүлэх нь зүйтэй” гэсэн юм.
Баярын хуралд хамтын ажиллагаа бүхий орны төлөөлөгчид оролцсон.  Тухайлбал Бүх Оросын Эрдэс баялгийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн доктор Г. Машковцев, Бүгд найрамдах Чех Улсын профессор Карел Шулмани  хүрэлцэн ирсэн байв.  Энэ үеэр зарим төлөөлөгчийн сэтгэгдлийг сонслоо.
 
Ахмад геологич Т.Тамжав:
 
-Би Политекникумын хоёрдугаар  курсийн оюутан буюу 16 настайдаа одоогийн “Эрдэнэт” үйлдвэрт геологичоор ажиллаж  байлаа. Хүрз, жоотуу барьж, ОХУ-ын геологичидтой мөр зэрэгцэн ажиллаж дээжийг нь авч явсан. Түүнээс хойш Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийн ордуудыг анх нээлцэж байлаа.
 
 Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч М.Очирбат: 
 
-Манай геологи дотроо олон төрөл. Тухайлбал, манай холбоо гэхэд геологийн үйлдвэрлэл талаас, эрэл хайгуулыг хариуцан ажилладаг. Үйлдвэрлэлийн геологичид бидний ажил геологийн суурь судалгааны ажилд оролцохоос эхэлдэг. Өнөөдөр манай улсад улсын төсвийн хөрөнгөөр 40-өөд төсөл хэрэгжүүлж байна.
 
 
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл 1200 орчим олгогдоод байгаа нь үйлдвэрлэлийн геологич бидний ажиллах гол талбар юм. Монголын геологичид эх орныхоо томоохон ордуудаас гадна олон улсад, дэлхийд ажиллаж байна. Мэргэжлийн түвшинд хүрч ажиллаж чадаж байна.
 
 
УУХҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Алтанхуяг :
 
-Сүүлийн жилүүдэд геологийн салбарт Япон, Канад, Австрали, Франц, Солонгос зэрэг орнуудтай хамтран ажиллаж байна. Манай геологичид гадны геологичидтой мөр зэрэгцэн ажиллаж орчин үеийн өндөр технологийн багаж тоног төхөөрөмж, программ хангамжийг эзэмшин тэднээс суралцахаас гадна бусад улсад ч ажиллах болсон нь тэднийг олон улсын түвшинд хүрснийг харуулж байна. Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, улс орныхоо нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг судлах, ашигт малтмалын хэтийн төлвийг тогтоож олон арван орд илрэлийг нээн илрүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх үйлст эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан яваа геологийн салбарын үе үеийн эрдэмтэд, багш нар, геологичид, болон хуралд оролцож буй зочид төлөөлөгчиддөө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нэрийн өмнөөс хүргэе” гэв.
 
 
Т.Батсайхан
Эх  сурвалж: "Зууны мэдээ" сонин