sonin.mn
Хүний хүсэл сонирхолд хязгаар үгүй. Мөнгө хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар зарж үрэх гэж цуглуулдаггүй. Олон хавтас дүүрэн мөнгөний цуглуулгатай болчихоод түүнийгэээ харж суух нь миний мөрөөдөл. Хүмүүс зарчих гэдэг. Гэхдээ хүн өөрийн гэсэн сонирхдог зүйлтэй байх нь мөнгөнөөс илүү хамгийн сайхан нь хэмээн ярих энэ залууг А.Хүрэлцоож гэдэг. Тэрээр Дотоод хэргийн их сургуулийн Хилийн сургуулийн IV дамжаанд суралцдаг. Түүний хобби зургаан жилийн өмнөөс анх Оросын рубль, Хятадын юань цуглуулахаас эхэлснээр өнөөдөр 100 гаруй орны 150 төрлийн мөнгөн тэмдэгттэй болжээ. Үүнийг  монгол мөнгөөр үнэлбэл таван сая гаруй төгрөг болох аж. А.Хүрэлцоож “Мөнгөн тэмдэгт тухайн улсынхаа түүх соёл, онцлогийг харуулахаас гадна хэдэн ч жил өнгөрсөн үнэ цэнээ алддаггүй. Цуглуулгын минь хамгийн үнэтэй нь 100 гаруй мянган төгрөгөөр үнэлэгдэх Вьетнамын донг. Энэ мөнгийг танил ах маань бэлэглэсэн. Хамгийн дурсгалтай нь аавын Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирэхдээ авчирч өгсөн мөнгө.
 
 
Аав ээжийнхээ өгсөн хэрэглээний мөнгийг хэмнэж байгаад хоббигоо өргөжүүлэхэд зарцуулдаг. Бас найзууд, хамаатны ах,эгч бэлэглэнэ. Одоо бол Африкийн зарим улсын мөнгөн тэмдэгтийг л олж авмаар байна. Манай сургуулийн хилийн албаны тэнхимийн багш, хошууч Мөнгөнбагана “Цуглуулагч” клуб ажиллуулдаг.
 
 
Энэ клубт цаасан мөнгө цуглуулдаг хэд хэдэн сонсогч байдаг болохоор илүүгээ хоорондоо солилцдог. Надад байгаа хамгийн өвөрмөц мөнгөн тэмдэгт нь гүйлгээнд гараагүй Антарктидын доллар, ОХУ өвлийн олимпийн үеэр гаргасан 100 рубль, Бразиль улсын мөнгөн тэмдэгт дээр микроскопын зураг тавьсан нь сонирхолтой санагдсан. Бусад улсын мөнгөн тэмдэгт дээр эртний хаад, алдартай хүмүүс байдаг” хэмээн сонирхуулсан юм.
 
 
Н.Даян
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин