sonin.mn
АН-ын Бүс нутгийн хөгжил, хот байгуулалт, барилгын бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга З.Сарантуяатай ярилцлаа.
 
-Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлыг өмнөх жилүүдэд нэлээд ярьж, төлөвлөж, зарим газарт хийж хэрэгжүүлсэн зүйл бий.   Харин МАН-ын үед асуудлын эрч нэлээд суларчихлаа.  Энэ тухай яриагаа эхлэх үү? 
 
-Манай бодлогын зөвлөлөөс гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар судалгаа хийж эхэлсэн.  МАН-ын үед нийслэлийн удирдлагыг хоёр хүн аваад байна.  Гэвч Засаг даргаар ажилласан хүмүүс маань гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг зүйлийг мартсан.  Энэ асуудлаар нэг ширхэг ч ажлыг эхлүүлээгүй байна.  Уг нь хотын хөгжлийн гол суурь нь дахин төлөвлөлт, дэд бүтцийн ажил байдаг. 
 
 
Өндөр байшин барилга гэхээс илүү алсыг харсан бодлого байх ёстой.  Гэтэл үүн дээр анхаарал хандуулахгүй өнөөдрийн цаг үеийн асуудлуудтайгаа зууралдаж байна.  Илүү олон нийт, масс руу чиглэсэн мэдэгдэл хийж, улс төрийн поп амлалтуудыг өгч байна.  Энэ нь 1.5 сая хүн амтай Улаанбаатарын хотын хөгжилтэй наалдаж, уялдаж өгөхгүй  байна.
 
 
– Гэр хорооллын дахин төлөвлөлтэй холбоотой судалгаа хийж байгаа юм байна.  Хотын дарга асан  Э.Бат-Үүлийн үед хийж хэрэгжүүлсэн ажлууд яаж үргэлжилсэн бэ?
 
-Э.Бат-Үүл даргын баг яалт ч үгүй энэ асуудалд нэлээд хүч хаяж ажилласан.  “Гудамж” төслөөс эхлээд дахин төлөвлөлт дээр үе шаттай ажлуудыг хийсэн.  “Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэж байсан. Гэтэл энэ хөтөлбөрүүд, сайн жишээнүүд тухайн үедээ эрчээ авч хэрэгжиж байгаад засаг солигдоод л алга болсон. Энэ нь мөн төрийн залгамж халаа гэдэг зүйлийг үгүй хийсэн.  Одоо тухайн төслүүд үргэлжилж байсан бол хоттой холбоотой олон асуудлыг шийдэх байлаа.
 
-Нэн тэргүүнд агаарын бохирдол байна.  Дахин төлөвлөлт энэ асуудалтай бас холбогддог?
 
-Тэгэлгүй яахав.  Агаарын бохирдол гэхээр зөвхөн яндангаас гарч байгаа утааны асуудал биш юм.  Дахин төлөвлөлтийн асуудалтай хамгийн нэгдүгээрт холбогдоно.  Дахин төлөвлөлтийн асуудлаа сууриар нь шийдээгүй,  дэлхийн  томоохон хотуудын хэмжээнд, алсыг харж чадаагүй байж агаарын бохирдлын тухай мянга яриад нэмэргүй.   Аль ч  төрийн хэмжээнд энэ асуудлыг урт хугацаандаа шийдэх гарц гаргалгааг гаргаж чадаагүй байна.  Манай нийслэлд Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг. Тэгэхээр Төрийн  бодлого чухал. Хөдөө орон нутгаас шилжин ирж суурьшиж байгаа хүмүүсийг хэрхэн төвлөрүүлэх үү, ямар арга зам хэрэглэх вэ.  Мөн нийгэмд дундаж давхарга гэж бараг үгүй болчихлоо.  Ядуу иргэдийн тоо нэмэгдэж байна.  Дэд бүтцийг хийхдээ тэдний асуудлыг яаж шийдэх вэ гээд энэ бүхэнд алсыг харсан бодлого хэрэгтэй.  Өнөө маргаашаа аргацаасан байдлаар бид асуудалд хандмааргүй байгаа юм.
 
-Тэгэхээр та бүхэнд ямар гарц шийдэл байна вэ?
 
-Дөрвөн бүсэд хуваагаад, үе шат дараалалтайгаар хөгжүүлэх хэрэгтэй. Асуудлыг хотын төвөөсөө эхлэх үү. Эсвэл хамгийн том Сонгинохайрхан,  Баянзүрх дүүргээс эхлэх үү гэдгийг цогцоор нь харах хэрэгтэй. Зөвхөн шахмал түлшээр асуудлыг шийдээд өнгөрч болохгүй. Тэгвэл бид дахиад л гэр хороололтойгоо хэдэн арван жил амьдрах болчихоод байна.  Одоогийн байдлаар дахин төлөвлөлттэй холбоотой Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг зүйл алга.  Хэрэв байсан бол өнөөгийнх шиг эмх замбараагүй байдал үүсэхгүй.  Дуртай газраа шон татаад гэрээ бариад амьдрахгүй. Энэ олон асуудлууд гарахгүй байсан.  Түүнчлэн Монголын хоёр, гурав дахь хотууд болох Эрдэнэт, Дархан яг л Улаанбаатарын араас явж байна.  Ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн асуудал алга. Дэд бүтэцтэй хэсгээсээ дахиад халиад дуртай газраа шон татаад явж байна.  Энэ нь эргээд маш олон асуудлыг дагуулна.  Тэгэхээр улс орныхоо хэмжээнд энэ асуудлуудыг бодлогоор дэмжиж ажилламаар байна. Тэгсэн цагт бид илүү их үр дүнтэй хөгжил рүү ойртоно гэж боддог.
 
-Дөрвөн бүсэд хуваах асуудлыг ярьлаа.  Энд юу юу багтаж байна вэ?
 
– Улаанбаатарын айл өрхийн 43 хувь нь орон сууцанд, 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн их хүн амтай. Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уулд яг төвийн хорооллууд багтдаг. Тухайлбал, утааны асуудал гэхээр захаасаа эхэлж дунд руугаа бөөгнөрдөг. Тэгэхээр голын дүүргүүдийнхээ дэд бүтцийг нэгтгэх нэг бодлогод зангидах, захын дүүргүүдээ нэг бодлогоор авч явах ч юм уу.  Бүсчилсэн хөгжлийн бодлогыг  Улаанбаатарт нийцнэ гэж үзэж байгаа.
 
-АН-ын бодлогын зөвлөлөөс энэ асуудалд судалгааг нэлээд эрчимтэй хийж байгаа гэж ойлголоо.  Ер нь ямар арга аргачлал хэрэглэж байна вэ?
 
-Би өөрөө хүмүүнлэгийн ажил хийдэг. 2012 оноос эхлээд гэр хорооллоор явж байна. Дэд бүтэц, барилга байгууламж, хот төлөвлөлттэй холбоотойгоор яг нэг жил ажиллаж, судалгаа хийж байна.  Шахмал түлштэй холбоотой хүний амь эрсэдлээ.  Нийгэм айдастай байна.  Энэ асуудлаар мөн судалгаа хийж, гэр хорооллоор явлаа.  Бид гэр хорооллын иргэдийн аль түвшинд нь дэд бүтцийн асуудлаа шийдэх боломжтой, ямар хэсэг нь боломжгүй байна гэдгийг мэднэ.
 
 
Бүр хүсээд ч өөрийгөө хамгаалж, дэд бүтцээ хөгжүүлж чадахгүй, толгойд нь өдрийн хоолоо яая даа гэсэн бодол орж ирдэг нийгмийн давхарга ч байна. Хүүхдийнхээ мөнгөөр амьдралаа авч яваа хүмүүс юун хотын төлөвлөлт бодох манатай байна.  Тэгэхээр энэ асуудалд яалт ч үгүй төрийн бодлого үгүйлэгдэж байна. 
 
 
-Шахмал түлштэй холбоотой таагүй мэдээллүүд нийгэмд байна.  Та бүхэн бас энэ асуудалд анхаарч байгаа гэлээ.  Энэ үнэхээр шийдэл байж чадах уу?
 
-Монгол Улсын нөхцөлд шахмал түлш тохирох арга хэмжээ биш гэж үзээд байгаа юм.  Яагаад гэхээр үүнээс олон хүн хордож байна.  Тэгээд холбогдох байгууллагууд нь эргээд үүнийхээ бурууг эгэл жирийн иргэд рүү түлхэж байна.  Зуухаа дүүргэж хийсэн, яндангаа хөөлөөгүй гэх зэргээр бухаж эхэллээ.  Өнгөрсөн хугацаанд судалгаа хийдэг, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй уулзлаа.  Айл өрхөөр ч орлоо.  Утаагүй ч гэлээ эцсийн дүндээ гарч байгаа хий нь үнэргүй, өнгөгүй мөртлөө хүний эрүүл мэндэд хортой болж таарсан.  Тэгэхээр энэ яаж шийдэл байж чадах юм бэ. Угаартаад хүн нас барж байна, эмнэлэгт хүргэгдэж байна.  Гэтэл угаартаагүй атлаа, тэр хийгээр амсгалж байгаа иргэдийн эрүүл мэнд яах вэ.   Хэдэн арван жилийн дараа өвчин болохгүй гэх баталгааг хэн өгөх юм.  Энэ дээр Засгийн газраас ямар нэгэн бодлогогүй ажиллаж байна. Хоргүй л гэж яриад байдаг. Гэтэл түүнийгээ батлаагүй байна. Энэ нь агаарын бохирдлын асуудлаасаа илүү эргэлзээ төрүүлсэн том асуудал болчихлоо.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин