sonin.mn
Энэ удаагийн “Миний мэргэжил” буландаа Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяаг урьсан юм. Түүний мэргэжил эх барих, эмэгтэйчүүдийн эмч ч сүүлийн долоон жил олон хосын гал голомтыг бадраах ариун үйлсэд зүтгэж явна. Тэрээр “Миний мэргэжил хүүхэд эхээс төрж, орчлон дээр нэг хүнийг угтаж авдаг. Яагаад гэвэл хүн эхээс төрөхөд эх барьж, эхэд нь амлуулдаг бол энэ ажил маань Монгол Улсад нэг өрх айлыг бий болгож гал голомтоо бадраахыг нь батжуулж өгдгөөрөө онцлогтой гэж билэгшээдэг.
 
 
Миний анхны эзэмшсэн мэргэжил бол эх барих, эмэгтэйчүүдийн эмч. Дараа нь хүний нөөцийн мэргэжилтнээр олон жил ажилласан. Сүүлийн долоон жил Гэрлэх ёслолын ордны захирлаар ажиллан гэгээлэг сайхныг удирдах болсон нь миний хувь тавилан юм болов уу.
 
 
Хэн болгон энэ сайхан хүндтэй, гэгээлэг ордны удирдлагаар ажиллах нь ховор завшаан гэж боддог. Ажиллах хугацаандаа мянга мянган хосын цаашдынх нь амьдралд хэзээ ч дахин давтагдахгүй сайхан дурсамж, ах дүү, хамаатан саднаа дагуулж ирээд Монголд нэг айл нэгээр нэмэгдэж аав ээжийнхээ голомтоос гал таслан бадрааж, тэднийх гэдэг айл бий боллоо шүү гэдгийг хоёр талын ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамтын олонд нь танилцуулсан. Гэрлэх ёслолын ордонд хуримлаж байгаа хосууд маань сэтгэл өндөр гардаг. Манайд ирж байгаа хүмүүс хамгийн сайхан хувцсаа өмсөөд, хамгийн дотны хайртай хүмүүсээ баяр хөөртэй дагуулж ирдэг. Мөн алт, мөнгөн, Очир эрдэнийн хуримыг зохион байгуулдаг. Энэ олон хосын аз жаргал, энерги, ирсэн зочдын баяр талархал, сайхан инээд хөөр бялхсан газар. Гэрлэх ёслолын ордон 43 жилийн түүхтэй учраас энд ажиллаж байгаа хамт олон, хуримын ёслолоо хийсэн залуу хосууд олон жил хамтдаа амьдарч, мөнхөд галын дөл шиг өөдөө байж олон сайхан үр хүүхэдтэй болж он удаан жил хамтдаа амьдраад өнөр өтгөн сайхан айл болоосой гэж бодож явдаг” хэмээн ажил, мэргэжлээрээ бахархаж байсан юм.
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин