sonin.mn
Дорнын говь руу салхи татуулан давхиж явна. Хэзээнээсээ л баатар зоригт дайчдын ажлын талбар, хээрийн академи байсан авшиг ерөөлтэй ийм сайхан нутгаар намрын адаг сарын сүүлчээр өртөөлөн саатахаар халаасандаа улс орны бүтээн байгуулалтад манлайлан оролцож байгаа цэргийн нөхдөө сурвалжлах томилолттой, үүргэвчиндээ зургийн аппарат, дуу хураагчтай довтолгож байгаа минь энэ. Тэнд УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян сум хүртэлх 414,6 км төмөр замын суурь бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний төмөр замын хээрийн 7780, 7781, 7782 дугаар анги, Зэвсэгт хүчний 017, 110, 338, 339, 340 дүгээр ангийн томилогдсон бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа юм. Нийслэлээс Говьсүмбэр аймаг хүртэл цастай байсан бол цаашаа цас алга. Гэхдээ жиндүүхэн, салхитай. Тал газрын салхи жавартай ч гэж жигтэйхэн юм.
 
 
ДАЛАН БАРИХАД ОЛОН ДАМЖЛАГА ЯВАГДДАГ
 
ЗХЖШ-ын даргын тушаалаар бүтээн байгуулагч цэрэг дайчдаас социологийн судалгаа авахаар томилогдсон Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн ажлын хэсгийнхэнтэй хамт дөрөө харшуулан давхисаар эхний газартаа ирсэн нь бригадын генерал П.Доржсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний төмөр замын 7781 дүгээр ангийн байрлал байв. Монгол гэр болон та бидний ярьж сурснаар сэндвичин байруудыг шугам шиг л эгнэн байрлуулсан байх бөгөөд захирагчийнх гэж заасан гэрт оров. Удсан ч үгүй ангийн жижүүр нь ирээд захирагч ажлын талбар руу явсан, бүрэлдэхүүний өдрийн ээлж ажиллаж, шөнийн ээлжийн ажиллагсад амарч байгаа гэв. Амарч байгаа бүрэлдэхүүнээс ярилцлага авах боломжтой эсэхийг лавлахад “Болно, болно. Тэд одоо шөнийн ээлждээ бэлтгэж байгаа” гэж тус ангийн Захиргаа, удирдлагын албаны дарга, хошууч Г.Уранжаргал хэлэв. Хошуучийн хэлснээр бүрэлдэхүүний олонх нь өнгөрсөн 5 дугаар сараас хойш бүтээн байгуулалтад оролцож байгаа бөгөөд дөрвөн хэсэгт хуваагдан ажиллаж байгаа гэнэ. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт гүйцэтгэх ёстой гол ажлаа нугалчихаад цөөн хэдэн бүрэлдэхүүнээ үлдээгээд Зүүнбаян суманд шилжин байрласан бөгөөд ирснээсээ хойш гүйцэтгэсэн ажлын явц 90 орчим хувьтай байгаа аж. Тэдний хүлээсэн үүрэг нь төмөр замын далангийн ажил гүйцэтгэх юм. Амрах байруудаар нь оров. Нэг байранд 6-8 хүн байрлажээ. Тэдний нэг нь ахлагч М.Гантөмөр (256). Тэрээр өөрийгөө Зэвсэгт хүчинд 22 дахь жилдээ алба хааж байгаа, төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа баяртай байдаг, өдгөө “Хово” буюу өөрөө буулгагч машины жолоочоор ажилладаг гэж танилцуулав. Залууст ахын ёсоор зааж зөвлөдөг бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг чандлан сахихыг юу юунаас илүү захидаг гэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан офицер нь ажилд гарахын өмнө зааварчилгааг өгч, ажлын талбарт ч хяналтаа тавьдгийг тэрээр онцолж байсан юм. Түүний "хөршүүд" болох ахлах ахлагч Б.Мөнхбат мөн жолоочоор, ахлагч Б.Бямбадорж талбайн зохицуулагч буюу дохиочноор ажилладаг байна. Ахлах ахлагч Б.Мөнхбат (314) бүтээн байгуулалтад оролцож байгаад сэтгэл хангалуун байгаа, бага хүүгээ жаахан санах юм гэв. Ангийн захирагч, бригадын генерал П.Доржсүрэн хүний төлөөх сайхан сэтгэлтэй, баг хамт олныг удирдахдаа гаргуун цэргийн дарга гэдгийг удирдлагад нь ажиллаад мэдэрч байна гэж ярилаа. Харин ахлагч Б.Бямбадоржийн тухайд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбарт ажилладаг, төмөр замын бүтээн байгуулалтад өөрийн саналаар оролцон, түүх бүтээлцэж яваадаа олзуурхаж байлаа. Энд бас ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгсөөд удалгүй томилогдсон цөөнгүй залуус байсан нь дэд ахлагч Э.Цоодол, Ц.Баасандамба нар. Дэд ахлагч Ц.Баасандамбаас "Улс орны хэмжээний ийм том бүтээн байгуулалтад оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа юу?” гэхэд толгой дохин инээмсэглэв. Үүнийг харсан журмын нөхөд нь “Бааска зүгээр ярь. Бичлэг биш шүү” гэж наргиан болгож, бидний онигоо нэгээр нэмэгдлээ гээд л хөхрөлдөцгөөв. Нээрээ л тэр толгой дохисон шигээ сэтгэгдэл хангалуун байгаа бөгөөд үеийнх нь нөхөд энэ жил хоёрдугаар дамжааны оюутан бол түүний хувьд улс орондоо өөрийн хувь нэмрээ оруулсан бүтээн байгуулагч цэрэг болсноо тодотгов. Зэвсэгт хүчний төмөр замын хээрийн 7781 дүгээр ангид Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид өөрийн саналаар мөн үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Өдрийн цагаар гүүр, хоолойны барилгын ажилд туслахаар ажилладаг тэднээс байлдагч Б.Гансүх л амралтын байрандаа байж таарав. Гал тогоонд бэлтгэгчээр ажилладаг байлдагч маань Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас 2019 оны нэгдүгээр ээлжээр татагдан иржээ. Аймгийнхаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг барилгын мужааны мэргэжлээр төгссөн түүнд бүтээн байгуулалтын ажилд түүртэх зүйл алга, харин ч сайн дадлага болж байна, олон сайхан ах нартай болсондоо ч баяртай байгаа гэлээ. Ийнхүү шөнийн ээлжинд ажиллахаар бэлтгэж байгаа залуустай төсөрхөн хөөрөлдчихөөд ажлын талбарт нь очиход дэслэгч Д.Түмэннаст (150) нарын олон цэргийн алба хаагч тус тусынхаа үүргийг гүйцэтгэж байлаа. Тэр өдрийн хүйтнийг хэлэх үү, машинаасаа тавхан минут бууж зураг дарахад хацар хайрагдчихав уу гэлтэй даарч байв. Харин манайхан даарсан шинжгүй, цаг минуттай уралдан үүргээ гүйцэтгэж байгааг хараад бахархаж бас хайрлаж явлаа.
Энд нэг зүйлийг онцлоход далангийн ажил гэдэг нь зөвхөн шороо овоолчихдоггүй хамгийн их хүч хөдөлмөр, мэдрэмж, техник, технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал шаардсан хүнд хөдөлмөр байдаг аж. Энгийнээр тайлбарлахад өөрөө буулгагч “Хово” машинаар хэдэнтээ шороо буулгаж, дараа нь индүүдэх, нягтруулах, шалгах зэрэг олон дамжлага явагддаг юм байна. Индүүдэж дуусахад ердөө 30 см буюу дунджаар мухар тохой орчим л болж нягтардаг юм байна. Үүний дараа дахиад л шороо буулгана, индүүднэ. Ингэж явсаар ойролцоогоор хоёр давхар барилга бүхий өндөртэй болдог нь замын явцад харагдаж байв. Мэдээж өндөрсөх тутам өргөөшөө улам нарийсдаг байна. Энэ нь жолооч нарын ур чадварыг ихээхэн шаарддаг болох нь тодорхой.
 
 
МОНГОЛ ЦЭРЭГ БҮТЭЭЖ ЧАДДАГАА НОТОЛЖ БАЙНА
 
Нар шингэхтэй уралдан Зэвсэгт хүчний төмөр замын 7782 дугаар ангийн байрлалд ирлээ. Жагсаалын талбайдаа Төрийн далбаагаа мандуулсан тус ангийн амралтын байрууд, гэр, майхан гээд байгууламжууд нь тун чиг эмх цэгцтэй юм. Ангийн захирагч, хурандаа Б.Энхбаяр ажлын талбараас дөнгөж ирээд байгаа бололтой. Энд ер нь сул чөлөөтэй зогсдог нэг ч хүн алга. Бүгд л өөр өөрийн хүлээсэн үүрэгтэй. Зэвсэгт хүчний төмөр замын 7782 дугаар анги ЗХЖШ-ын даргын тушаалаар хэдэн сарын өмнө байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажилд орсон байна. Хурандаа Б.Энхбаярын хувьд өнгөрсөн 5 дугаар сараас Зэвсэгт хүчний төмөр замын 7781 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженерээр ажиллаж байгаад тус ангийн захирагчаар томилогджээ. Тус ангийнхан мөн л төмөр замын далангийн ажлыг гүүр, хоолойн барилгын хамт гүйцэтгэх бөгөөд өдгөө ажлын явц 90 орчим хувьтай байгаа гэнэ.
 
Энд бүтээн байгуулагчдын санаа зовоодог асуудлын нэг нь материалын олдоц. Сайн далан барихад чулуулаг ихтэй шороо чухал үүрэгтэй бөгөөд харин орон нутгийн хувьд голдуу элсэрхэг хөрстэй. Гэсэн ч манай цэргийнхэн тавигдсан шаардлагад нь бүрэн нийцүүлж, захиалагч талынхан ч нарийн багажаар шалгаж авдаг гэнэ. Тус ангид Зэвсэгт хүчний анги, салбаруудын нарийн мэргэжлийн алба хаагчид өөрийн саналаар үүрэг гүйцэтгэж байгаагийн дотор хугацаат цэргийн алба хаагчид ч байна. Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн хүсэлтээр далангийн гүүр хоолойны ажилд болон ар тал, хангалтын ажилд туслахаар ажиллаж байна. Тэдэнтэй уулзаж, сэтгэгдлийг нь хуваалцахад байлдагч Г.Үүрцайх, П.Бямбадорж, Ч.Тэгшбаяр, Б.Энхмөнх, Ө.Төгөлдөр, Н.Гантулга, С.Идэр, цэргийн гэрээт алба хаагч А.Тэрбиш гээд 50 орчим залуус улс орны бүтээн байгуулалтад өөрийн хүсэлтээр оролцож байгаа, хожим үр хүүхдүүддээ ярих бахархлыг бүтээж байгаадаа баяртай байна гэв. Тухайлбал, байлдагч П.Бямбадорж Архангай аймгийн Хангай сумаас хугацаат цэргийн албанд татагдан ирсэн гэнэ. Хугацаат цэргийн албаа хааж байхад нь ангийн удирдлагууд нь “Бүтээн байгуулалтад нарийн мэргэжилтэй хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулна. Хүнд даацын машин болон барилга заслын чиглэлээр суралцсан байлдагчдад энэ боломж нээлттэй” гэхэд нь хамгийн түрүүнд өргөдлөө гаргасан гэнэ. Үеийн хөвгүүдээсээ түрүүлж цэргийн албанд ирсэндээ, цэргийн албанаас бүтээн байгуулалтад оролцож буйгаа олон хүнд олдоод байхгүй хувь заяа гэж бодож явдаг гэлээ. Харин байлдагч Б.Энхмөнхийн хувьд хугацаат цэргийн албанд ирснээсээ хойш их юм боддог болсон гэнэ. Мөрөөдлөө, мэргэжлээ, хэрхэн сайхан амьдрах тухайгаа бичиж тэмдэглэдэг байна. Жүжигчин болж, ирээдүйд дэлхийн бүх орноор аялах мөрөөдлөө цэргийн албанаас л олж авсан гэнэ. Байлдагч Ч.Тэгшбаярт Дархан-Уул аймгийн “Төмөрлөгийн үйлдвэр”-т ажилладаг байсан нь бүтээн байгуулалтад оролцоход их дөхөм болж байгаа аж. “Арматур зангидахдаа мэргэжлийн түвшинд сайн” гэж цэргийн ах нар нь урам өгөхөд хамгийн их баярладаг гэсэн. Саяхан аав, ээж нь утсаар залгаад “Бидний үр эх орныхоо хүү болжээ. Бид л өврөөс гараагүй жаахан гэж боддог байхад миний хүү цэргийн ах, эгч нартайгаа хамт том бүтээн байгуулалт өрнүүлж байдаг” гээд л хууч хөөрсөн гэнэ. Сэлэнгэ аймгийн харьяат байлдагч С.Идэр амьдралд хэрэгцээтэй мэргэжил буюу сайн цахилгаанчин болох төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Өдгөө ажлын талбарт хүндрэлтэй асуудал байхгүй, цэргийн ах нараасаа олон зүйлийг суралцаж байгаагаа хэлэв. “Сурвалжлагч эгч ээ, сайн байна уу? Та биднийг таньж байна уу? Ургац хураалтад оролцож байхад ирж ярилцлага авсан” гээд дотночлон мэндлэх залуус байлдагч Ө.Төгөлдөр, Н.Гантулга нар байв. Зэвсэгт хүчний 016 дугаар бригадынх. Тэд бас л өөрийн хүсэлтээр ирсэн бөгөөд дараа жил ахлагчийн албанд улирч, бүтээн байгуулалтад дахин оролцох хүсэлтэй ажээ.
Хурандаа Б.Энхбаяр “Бүтээн байгуулалтын энэхүү ажил нь багийн ажиллагаа. Нэг хүн дутахад л ажил доголддог талтай. Манай алба хаагчдын хувьд үүнийг сайн ухамсарлан дор бүрнээ хичээдэг” гээд алба хаагчдадаа сэтгэл санаагаар байнга дэмжиж, урам зориг өгөхийг хичээдэг тухайгаа онцоллоо. 
 
7782 дугаар ангийнхны санаа зовоож байгаа асуудал нь өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой далангийн шороог индүүдэхэд гарч байгаа хүндрэл. Тэдний тайлбарлаж буйгаар тодорхой дулаан хэмд нягтруулж индүүддэг юм байна. Гэтэл зарим үед хөлдчихөөд байгаа учир ажил удаашрах нөхцөл болоод байгаа гэнэ. 
 
Энэ нь дорнын говьд бүтээн байгуулалт өрнүүлж буй төрийн болон хувийн хэвшлийнхний тулгамдсан асуудал бололтой.
 
 
Жолооч нарын амралтын байраар зочиллоо. Асгатын мөнгөний ордын зам, гүүрийг хамт олонтойгоо барилцаж байсан туршлагатай ахлагч Ц.Балжинням (340) өнгөрсөн тавдугаар сараас хойш бүтээн байгуулалтад оролцож байгаа бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа гэртээ хариагүй байна. Гол зорилго нь баг хамт олныхоо хамт хүлээсэн үүргээ хугацаанд нь чанартай биелүүлээд нэр төртэй ээж дээрээ очих гэсэн. Харин ахлах ахлагч Э.Энхнасан (016) өөрөө буулгагч машины жолоочоор ажилладаг, улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтад оролцож байгаад баяртай буйгаа дуулгасан. “Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орны бүтээн байгуулалтад хэзээнээсээ л оролцож байсан ч төмөр зам тавихад оролцож байсан түүх байгаагүй. Энэ бол бидний үр хүүхдүүдийн бахархал болох ёстой. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Удахгүй гурав дахь үр маань мэндэлнэ” гээд л хажуудаа зогсох нөхрийнхөө дал мөрөөр алгадан инээлдэх нь баяр жаргалын нэгэн агшин байсан юм. Энэ зуур гаднаас “Явахад бэлэн үү” гэсээр хоёр залуу орж ирсэн нь талбайн инженер ахлах дэслэгч Д.Мөнхнаран (340), дэслэгч Ц.Чулуунбаатар (014) нар. Бүтээн байгуулалтын ажлын талбарт цол хэргэмээс нь илүүтэй талбайн инженерүүд нь удирдан чиглүүлэх дүрэмтэй. Энэ л дүрмээрээ шөнийн ээлжийн алба хаагчид ажилдаа гарахаар шуурхайлав. Тэдэнтэй зөрөөд өдрийн ээлжийнхэн бууж ирэх ёстой.
 
УС НЭВТРҮҮЛЭХ ХООЛОЙГ УГСАРЧ БАЙГАА ЗАЛУУС
 
Товчхон түүх дурдахад, 1947-1949 оны үед ЗХУ /тухайн үеийн нэрээр/-ын Наушки өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл 400 км төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгасан байдаг аж. Тухайн үед орчин үеийн төмөр зам барих техник хэрэгсэл байгаагүй бөгөөд ихэнх нь гар аргаар баригдсан тухай баримт байдаг гэнэ. Мөн Улаанбаатар-Дорноговь аймгийн Замын-Үүд чиглэлийн 700 орчим км төмөр замыг богино хугацаанд барьж дуусгасан байдаг бөгөөд энэ түүхийг давтан бүтээхээр хүч, хөдөлмөрөө дайчлан ажиллаж байгаа хамт олон бол Зэвсэгт хүчний 017, 110, 338, 339, 340 дүгээр ангийн томилогдсон бүрэлдэхүүн. Хошууч Т.Амартүвшин захирагчтай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийнхны хувьд далангийн доод талын ус нэвтрүүлэх хоолойн эх бие угсрах ёстой. Хяналтын инженер, дэслэгч Э.Лхагвасүрэнгийн хэлснээр энэ нь нэлээд нарийн чимхлүүр ажил ихтэй бөгөөд захиалагч талдаа хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр цаг наргүй хөдөлмөрлөж байгаа гэнэ. Ажлын талбайд 22 цаг гэхэд хасах 16 хэм байсан ч тэдний хувьд түүртэх юм алга. Бүгд дор бүрнээ ажлаа хийгээд үг солих ч завгүй. Энэ үед шавилхан биетэй нэгэн бүсгүй ирсэн нь ангийн сувилагч, ахлагч Б.Золжаргал. Түүний үндсэн үүрэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боловч тогооч нартаа тусалж, бие бүрэлдэхүүний хоолыг байнга зөөж өгдөг байна. “Алив, манайхаан хоолоо халуун дээр нь идээрэй. Нааш ир" хэмээн хоолой угсарч байгаа залуусыг хооллов. Ахлагч Б.Золжаргал бүрэлдэхүүний дархлааг дэмжиж аарц, чацарганы жүүсийг хоёр хоног тутамд нэг удаа өгдөг байна. Энэ бүсгүй Зэвсэгт хүчинд дөрөв дэх жилдээ алба хааж байгаа бөгөөд ирээдүйд эмч болох мөрөөдөлтэй гэсэн.
 
 
Дараагийн онцлох бүрэлдэхүүн нь Зэвсэгт хүчний 338 дугаар ангийнхан. Тэд мөн л ус нэвтрүүлэх хоолойны угсралтыг гүйцэтгэх үүрэгтэй. “Хоолой цутгах техник, аргачлалынх нь дагуу бид ажлаа гүйцэтгэж байна. Бидний ерөнхий зарчим чанартай гүйцэтгэх явдал. Мэдээж байгаль цаг ууртай холбоотой хүндрэл гарч байгаа. Гэхдээ бетон цутгалтаа гүйцэтгээд өөрсдийн нөхцөл боломжийг дайчлан хатаадаг. Эсгийгээр хучихаас эхлээд олон хувилбарууд байгаа” гэж ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, ахмад Д.Содномдорж онцлов. Тус ангийнхан Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын бүтээн байгуулалтад манлайлан оролцсон хамт олон юм. Энэ жил улс орны хэмжээнд бүтээж босгосон хоёр том ажилд оролцож байгаадаа баяртай байна гэдгээ тогооч бүсгүйчүүд Ж.Эрдэнэчимэг, Б.Оюун-Эрдэнэ нар дурдсан. Тэдний зорилго нь хөдөлмөрч хамт олноо амин дэмтэй, тэжээллэг хоол хүнсээр хангах гэнэ.
 
ӨРТӨӨГ БАРИЛГАЧИН ДАЙЧИД БАРЬЖ БАЙНА
 
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян сум хүртэлх 414,6 км төмөр замд нэг өртөө, зургаан зөрлөг байх юм байна. Тэгвэл өртөөнийх нь бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 110, 339 дугаар ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн барилгачин дайчид хоёр давхар 13 айлын орон сууц барьж байна. Талбайн инженер, ахлах дэслэгч Б.Мөнхбаатарын хэлснээр барилгын ажлаа өнгөрсөн 9 дүгээр сараас эхлүүлжээ. Харин энэхүү орон сууцны урд талд нь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийнхан нэг давхар бүхий удирдлагын байрыг барьж байна. Талбайн инженер нь дэслэгч Б.Гүрбадам. Дорнын говьд бүтээн байгуулалт өрнүүлж байгаа манай цэргийнхний ганцхан эмэгтэй талбайн инженер Б.Гүрбадам Зэвсэгт хүчинд гурав дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд “Бидний ажилд хүндрэлтэй асуудал алга. Барилгын явц 85 хувьтай байна. Удахгүй дотоод заслын ажилдаа орно” гэсэн. Эдгээр ангийнхны бүтээн байгуулалт нэг дор явагдаж байгаа учраас хээрийн байрлал ч нэг дор байлаа.
 
АЖЛЫН ЯВЦ 92 ХУВЬТАЙ БАЙГАА ГЭВ
 
Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийнхны хувьд Дорноговь аймгийн Мандах сумын Будар бригадын нутаг дэвсгэрт далангийн суурийн ажил гүйцэтгэж байна. Ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Ц.Гантулгаас бүтээн байгуулалтын явцаас тодруулахад “Ажлын гүйцэтгэл 92 хувьтай.
 
 
Байгаль, цаг уураас шалтгаалан шөнийн цагт ажил удаашрах тал байна. Манай бүрэлдэхүүний хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан мөрддөг. Манай ангид Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн зургаан хугацаат цэргийн алба хаагч арын албанд туслахаар ажиллаж байгаа” гэлээ.
 
 
Бүрэлдэхүүн монгол гэрт хуваагдан байрласан байх бөгөөд мөн л 12:12 цагаар ажилладаг байна. Бүтээн байгуулалтад оролцож байсан туршлагатай олон эрхэм байсны нэг нь техникийн офицер, ахмад Г.Нэмэхбаяр. Тэрээр 1999 онд Багахангай-Сайншанд чиглэлд шилэн кабель суулгах, 2002 онд Завхан аймгийн Яруу, Идэр сумдад зам тавих, 2013 онд Баян-Өлгий аймагт Асгатын мөнгөний ордод зам, гүүрийн ажилд оролцож байсан туршлагатай. Энэ ангид цөөнгүй эмэгтэй арын албанд үүрэг гүйцэтгэж байгаа нь эмч, дэслэгч Б.Энхзул, тогооч Г.Наранцэцэг, Г.Соёл-Эрдэнэ, Г.Цэнд нар юм. Тэд амттай хоол хийж, эрүүл мэндийн тусламж үзүүлэхээс гадна ээж хүний ёсоор урагдсан хувцсыг нь оёхоос эхлээд тусалж дэмжихийг хичээдэг гэнэ. Ахлах дэслэгч Б.Энхзул эмчийн хувьд Мандах сумын районд байгаа цэргийн болон хувийн хэвшлийн 800 орчим хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна. Саяхан тэрээр өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой томуугийн эсрэг вакциныг хийсэн гэнэ.
 
Энэ цаг үед ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг дорнын говьд бүтээн байгуулж байгаа цэргүүдээ эргэхээр ирж таарав. Тэрээр бие бүрэлдэхүүний ажлын явцтай танилцаж, санал хүсэлтийг нь тогтмол сонсдог байна.
 
“Монгол цэрэг дэлхий дахинаа эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн, мандуулж байна. Тэгвэл дотооддоо ч ялгаагүй энэ зарчим байх ёстой. Цэрэг хүний туйлын зорилго эх орны тусгаар тогтнол, эрх ашгийн төлөө байдаг. Тэгэхээр улс орны хэмжээнд өрнөж байгаа энэхүү төмөр замын бүтээн байгуулалтад манлайлж оролцох нь та бидний эрхэм үүрэг” гэж онцлоод тэдний цалин, ар тал, хангамж болоод бусад асуудлаар ярилцана лээ.
 
 
Ажлын талбарт очлоо. Шөнийн 02.40 цаг болж байв. Ахлах дэслэгч Б.Дорж тэргүүтэй шөнийн ээлжийнхэн дор бүрнээ үүргээ гүйцэтгэж байх бөгөөд энэ үед “Хово” машинаар далан дээр шороо буулгаж байв. Талбайн зохицуулагч, ахлагч Ц.Нурбахет (014) жолооч нарыг зааж чиглүүлэн шороог буулгах бол хөдөлмөрийн аюулгүй байдлын офицер, ахлах дэслэгч Н.Баатархуяг (340) үйл явцыг анхааралтай ажиглангаа шороо буулгахаар дугаарлаж байгаа дэд ахлагч Э.Давааням (110) нарын жолооч нарт заавар, зөвлөгөө өгч байсан юм. “Сурвалжлагч ирсэн байна. Ярилцлага өгөөрэй. Та бүхэн ярих эрхтэй хүмүүс шүү” хэмээн миний ажлыг хүндэтгэн, бусдад уриалах эрхмийг сургагч ахлагч Б.Батбаяр гэдэг. Зэвсэгт хүчинд 23 дахь жилдээ алба хааж байгаа тэрээр дүү нараа уриалж, хөгжөөж, урам зориг өгдөг нь андашгүй байв. Олны эв нэгдлийг бэхжүүлсэн олонтойгоо хүн байдаг даа. Тэр яг л тийм. Гадаа хасах 20 гаруй хэм байгаа ч залуусын хувьд инээд хөөртэйгөөр ажлаа урам зоригтой гүйцэтгэж байгаа нь дотно сайхан харагдлаа.
Ийнхүү дорнын говьд цэргийнхэн тун чиг завгүй хөдөлмөрлөж байна.
 
 
 
Дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: Соёмбо сонин