Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аяныг эхлүүлжээ.
 
Манай улсад хамгийн түгээмэл гарч байгаа зөрчил бол шинээр нээлтээ хийсэн Монголын уран сайхны кинонуудыг хууль бусаар хуулбарлах болон өөрийн ажиллуулдаг интернет киноны сайт, youtube, фэйсбүүк хуудас зэрэгтээ ашиг олох зорилгоор байршуулж, тухайн уран бүтээлийг хууль ёсны дагуу гаргах эрхийг аль нэг телевиз авчихсан байхад түүнийг нь хуулбарлан олон нийтэд түгээх явдал дэлгэрэх болсон.
 
Тэр дундаа кино алдагддаг youtube, facebook, зөвшөөрөлгүй CD, DVD худалдаа гэсэн гурван том суваг байдаг ба “Оюуны өмчийн газар”, “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо" хамтран ажилласны үр дүнд дээрх гурван том сувгийг хааж чадах боломжтой гэдгийг тус аянхыхаа хүрээнд мэдэгдлээ.
“Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аян энэ арван нэгдүгээр  сарын 16-30-ны өдөр хүртэл явагдах ба аяны хүрээнд кино уран бүтээлчид болон кино үзэгчдэд кино урлаг нь Оюуны өмчийн хуулиар хэрхэн хамгаалагддаг талаар цэгцтэй мэдлэг мэдээллийг мөн олгож эхэлжээ.
Иймд нийт кино сонирхогч, кино сайт ажиллуулж байгаа, ажиллуулахыг хүсэж байгаа иргэн, хуулийн этгээд нь интернет орчинд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хууль бусаар буюу дээрх байдлаар битгий өөрийнхөө үйл ажиллагааг сурталчлахыг оролдоорой.
 
Энэ нь буруу үйлдэл бөгөөд хуулийн хариуцлагатай нөгөө талаас өөрийн хүч хөдөлмөрийг зарцуулан хийж бүтээсэн уран бүтээлчдийн бүтээлийг ийм байдлаар үнэгүйдүүлэхгүй байхыг анхаарууллаа.
Манай улсад зохиогчийн эрхийн зөрчлийн 30 орчим хувийг кино урлаг эзэлдэг ба аяныг зохион байгуулагчдын зүгээс “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аянд нэгдэхийг уриалав.