Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой энэ сарын 5-нд утсаар ярив.
Талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, ирэх онд Монгол Улс, АНУ дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, АНУ-ын харилцаа хоёр талын хамтын ажиллагааны механизм, яриа хэлэлцээгээр дамжин улам бүр бэхжиж буйг тэмдэглэхийн сацуу манай хоёр улсын бодит, үр дүнтэй хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Мянганы сорилтын Хоёрдугаар Компакт амжилттай хэрэгжсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.
Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио Монгол Улс олон улсын тавцанд АНУ-ын бодлого, санаачилгыг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.
Түүнчлэн талууд хоёр улсын хамтын ажиллагааг харилцан ашигтай салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл0