sonin.mn

КОПЕНГАГЕН, 2026 оны аравдугаар сарын 6 /Kazinform/. Данийн хүн амын бүртгэлийн сан дахь одоо амьдарч байгаа, нас барсан болон гадаадад цагаачилсан Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд хакерууд нэвтэрсэн байна. Энэ тухай DW мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.

Тэд хулгайлсан мэдээллээ ашиглан цахим залилан, фишинг халдлага үйлдэж магадгүй гэдгийг эрх баригчид сэрэмжлүүлжээ. Судалгаа шинжилгээ, боловсрол, цахимжуулалтын асуудал эрхэлсэн сайд Кристина Эгелунн мэдэгдэхдээ “энэ бол маш ноцтой хэрэг бөгөөд түүний цар хүрээг тогтоох шаардлагатай” гэдгийг дурдлаа.   




Халдлага үйлдэгчид тус улсын одоогийн болон өмнөх үеийн оршин суугчид, тэр дундаа нас барсан, тус улсаас цагаачилсан хүмүүсийн нэр, хаяг, нийгмийн даатгалын дугаарт нэвтэрсэн байна. Данийн хүн амын бүртгэлийн санд /CPR/ 11 сая хүний мэдээлэл байгаа бөгөөд хувийн мэдээлэл нь онцгой хамгаалалтад байдаг хүмүүсийн мэдээлэлд хакерууд нэвтэрч чадаагүй байна.




Судалгаа шинжилгээ, боловсрол, цахимжуулалтын яамнаас мэдээлснээр, системд нь хэвийн бус байдал илэрсэн талаар өнгөрсөн есдүгээр сард CPR-т сэрэмжлүүлж байжээ. Хакерууд Данийн нэгэн компанийн эзэмшдэг хууль ёсны нэвтрэх эрхийг ашиглан системд нэвтэрсэн байна. Үүний дараа уг эрхийг хаажээ.




Одоогийн байдлаар, зохих байгууллагууд болсон хэрэг явдлын цар хүрээг тодорхойлж байгаа бөгөөд цаашид халдлага гарахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байна. Харин халдлагыг зохион байгуулагчид нь хэн болохыг тогтоож чадаагүй байгаа ажээ.

Сайд Кристина Эгелунн иргэдэд хандан, сэжигтэй тохиолдолд хувийн мэдээллээ өгөхгүй байх, үл мэдэгдэх холбоосоор нэвтрэхгүй байхыг уриаллаа.  

Дани улс 6 сая орчим хүн амтай бол CPR бүртгэлийн санд тус улсын одоогийн ба өмнөх үеийн 11 сая иргэний мэдээлэл хадгалагдаж байдаг ажээ.  



Б.Адъяахүү