sonin.mn
“Монгол цэрэг бүжгийн холбоо” ТББ-ын тэргүүн, Монголын ард түмний гавьяат, МУСТА, “Алтан эрдэнэ”-ийн шагналт бүжигчин, чөлөөнд байгаа дэд хурандаа Д.Цэдэнтэй ярилцлаа.
 
Холбоо үүсэн байгуулагдсан тэр үеэс ярилцлагаа эхлэх үү?
 
-Би 1960 онд цэргийн албанд татагдаж Ардын Армийн анги, салбаруудад ажиллаж байгаад сүүлд ҮБХИС-д шилжсэн. Улмаар 1990 онд цэргийн тэтгэвэртээ гарсныхаа дараа энгийн газруудад ажиллаж үзлээ. Өөрийгөө шинээр сорих талбар гэж бодсон учраас тэр. Мөн 1996-2006 онд Сэлэнгэ аймгийн “Номин сувд” телевизийн захирлаар ажилласан. Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн иргэдэд сургалт явуулж бүжгийн дөртэй болгосноор өөрийн нөлөөллийг бий болгосон юм. Ингээд Сэлэнгэ аймагт бүжгийн холбоо байгуулагдаж тэргүүнээр нь намайг сонгож билээ. Хоббигоо хөгжүүлж яваа надад энэ бүхнээс цааргалах зүйл байсангүй. Харин “Монгол цэргийн бүжгийн холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулах санаа 2007 онд төрсөн. Өмнө нь өөр холбоо удирдаж байсан учраас цэргийнхэн рүүгээ хандсан холбоо байгуулахад буруудах зүйлгүй санагдсан. Одоо холбоо маань төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, мөрдэс нэгт нөхдийнхээ эрүүл мэндэд анхаарах, тэднийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашлаад оюун санааг нь төгөлдөржүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна.
 
Бусад холбооноос бүжгийн гэдгээрээ ялгардаг байх ...
 
-Урлаг, уран сайхны бас цэргийн гэсэн тодотголтой ийм холбоо цөөхөн. Цэргийнхнээс гадна иргэд манай холбооны бүжгийн клубээр үйлчлүүлэх боломжтой. Хэнбугай ч ирсэн, хэзээд тосоод авна. Дан ганц бүжиг заагаад байхгүй.
 
 
Бүжгээр дамжуулан соён гэгээрүүлэх, урлагт хайртай болгох, гоо зүйн боловсрол олгох, ёс зүйн хүмүүжил болон харилцааны өндөр соёлд сургахыг зорьдог. Урлаг нь нийгмээсээ нэг алхмын түрүүнд байх ёстой гэдэг. Энэ үгтэй би санал нийлдэг. Урлагийнхан маань нийгмийн оюун санааг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй юм шүү дээ. 
 
 
Клубийнхээ тухай товч танилцуулахгүй юу?
 
-Манай клуб найман настай балчраас 80 настай хөгшдөд нээлттэй. Хосын болон ганцаарчилсан, цэнгээнт зэрэг бусад бүжгийн төрлөөр сургалтаа явуулж байна. Найз нөхдөөрөө, гэр бүлээрээ ч ирдэг хүмүүс бий. Тэтгэвэр, чөлөөндөө гарсан цэргийнхнээс маань ч өргөнөөр хамрагдсаар ирсэн. Мөн бүжгийн багшаар төгсгөж үнэмлэх олгодгоороо онцлог. Одоогоор 10 гаруй багшийг бэлтгээд байна. Мэдээж өндөр шалгуур тавьдаг. Ёс зүй, хандлага, харилцаа зэрэг бүх зүйлийг нь үнэлж дүгнэсний хойно үнэмлэх олгодог. Бидний бэлтгэсэн багш нартай минь холбоотой гомдол ирж байсан удаагүй. Энэ нь бидний ажлын гол үр дүнг илтгэж байна. Аль ч салбарт боловсон хүчнийг бэлтгэхдээ урьтаж хүн байх ухаанд сургах нь чухал. Бид ч үүнийг эрхэм болгон ажилладаг.
 
Зэвсэгт хүчинд эдгээр бүжгийн төрлийг хөгжүүлэх боломжийн талаар ...
 
-Зарим хүнд энэ талын ойлголт тийм ч хүртээмжтэй биш байна. Нийслэл хотод манайхтай адил үйл ажиллагаа явуулдаг клубүүд олон байдгаас гадна хөдөө, орон нутагт тогтмол тэмцээн уралдааныг зохион байгуулах хүртэл хэмжээнд хөгжиж явна. Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгаас хамтарч үйл ажиллагаа явуулъя гэсэн саналууд ирдэг. Өөрөөр хэлбэл, бүжгийн урлагийг хөгжүүлье гэсэн чин эрмэлзэл байгаа нь харагдаж байна. Зэвсэгт хүчнийхэн маань бие бялдрын өндөр бэлтгэлтэй. Үүн дээр тулгуурлаад идэвхтэй хичээллэвэл ямар ч бүжгийн төрөл өндөр түвшинд хөгжин, мэргэжлийн тамирчид төрөн гарах боломжтой гэж боддог. Өнгөрсөн хавар “Монгол цэрэг бүжгийн холбоо”-той хамтран зохион байгуулсан ЗХЖШ-ын даргын нэрэмжит стандарт бүжгийн аварга шалгаруулах тэмцээний явц дээрх бодлыг минь баталсан гэхэд хилсдэхгүй.
 
 
Анх хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?
 
-Намайг залуухан офицер байхад биднийг бүжигт сургах зорилгоор ЦДБЭЧ-аас бүжигчнийг томилсон юм. Сарын хугацаанд биднийг эрчимтэй бэлдэж, үр дүнг нь тооцож, алба хаагчдад арга хэмжээ авч эсвэл сайшаан урамшуулдаг байлаа. Эхэндээ эмэгтэйчүүд нь цөөн учраас хосын бүжиг нэг тиймхэн болно. Гэвч сүүлдээ АУДС-ийн оюутнуудыг амралтын өдрүүдэд ангидаа урьж авчирснаар хосын бүжиг утгаараа амилсан юм. Бусад үед Улаанбаатар хотын бүжгийн клубүүдийн үүдийг их татна. Удирдах байгууллагын даалгаврыг гүйцэтгэж нэг мэдэхэд л бүжигт дурлаж орхисноо ойлгосон.
 
Та биш бүжиг өөрөө таныг олсон мэт сэтгэгдэл төрлөө ...
 
-Тийм ч байж болно. 30 хүрээгүй байхаасаа өнөөдрийг хүртэл 50 гаруй жил бүжиглэлээ. Өнөө маргаашгүй л 80 нас хүрэх нь. Гэсэн хэдий ч зүрх судасны үйл ажиллагаа хэвийн, хөдөлгөөний дутагдлаас хол, хөгшрөлт гэдэг зүйлийг ор тас мартсан гээд үеийнхэндээ гайхуулах зүйлс бишгүй л бий. Энэ бүхэн маань бүжгийн ач тус. Гэхдээ залуу байхдаа тэтгэвэр, чөлөөндөө гараад юу хийх талаараа огт бодож байгаагүй. Бүр бүжгээр сургалт явуулна гэж төсөөлж ч байсан удаагүй. Гэтэл өнөөдрийн дүр зургаар бол эгэл жирийн иргэдээс эхлээд олны танил эрхмүүд ч манайхыг зорьж ирдэг болж дээ.
 
Ойрын хугацаанд төлөвлөсөн зүйл юу вэ?
 
-2013 онд ХХЕГ-т хүсэлт тавьж гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлсээр байна. Өнгөрсөн хугацаанд Хилийн цэргийн 18 отрядад ажилласан. Ганцаарчилсан, хосын болон цэнгээнт зэрэг бүжгийн сургалтыг явуулж, тал талаасаа үйл ажиллагаагаа тайлагнаж, дараагийн ажлуудыг төлөвлөж тодорхой үр дүнд хүрсээр ирснийг хэлэх нь зүйтэй. Өөрийнхөө ажлыг ийм тийм гэж дүгнэх нь зохисгүй. Гэхдээ отрядуудаас дахин сургалт явуулах тухай хүсэлт ирсээр байгаа. Үүний дагуу он гарсны дараа зарим отрядад ажиллахаар төлөвлөөд байна.
 
Ахмадууд, залууст зориулсан сургалтын хөтөлбөрүүд харилцан адилгүй байх. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Ондоо. Ахмадуудыг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх талаар их анхаардаг. Тэдэнд уран, чадварлаг бүжиглэ гэсэн шаардлага тавихгүй. Аль болох идэвхтэй хөдөлснөөр таргалалт, зүрх судасны өвчин, сэтгэл санааны хямрал, үе мөчний өвчнөөс өөрсдийгөө урьдчилан сэргийлж чадна. Тиймээс тэдгээрийг чухалчлан сургалтаа чиглүүлдэг гэхэд болно. Харин залууст арай өндөр шаардлага тавьдаг. Тодруулбал, бүжгийн урлагийг хөгжүүлэхэд залуусын оролцоо чухал болохыг ойлгуулахаас гадна мэргэжлийн тамирчин болоход нь шаардагдах ур чадварыг эзэмшүүлэхийг зорьдгоороо онцлогтой.
 
Хилийн отрядуудад ажиллаж байхад таны сэтгэлийг хамгийн ихээр догдлуулсан зүйл нь юу вэ?
 
-Мэдээж дархан хил, хилийн манаанд зогсдог цэрэг эрсээ хараад хүн омогшиж бахархдаг. Миний хувьд тэр мэдрэмж нь бүр илүүтэй зонхилдог гэхэд болно. Бүжиг заана гэх сургаар Соёлын төвийн үүдэнд товлосон цагаасаа эрт, догдолсон сэтгэлдээ дийлдээд ирчихдэг цэргүүд надад их урам өгдөг. Одоо ч тэр дүр зургийг эргэн санахад өөрийн эрхгүй царайнд инээмсэглэл тодроод ирдэг юм. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй өөр зүйлийг дурсан санамаар байна.
 
Тэр нь юу билээ ...
 
-Санаанаас огт гардаггүй юм. Багш хүн үргэлж зааж, сургадаггүй юм билээ. Шавь нараасаа харилцан суралцдаг гэдгийг ойлгосон. Үлгэр дуурайл авсан гэвэл илүү сайхан сонсогдох байх. Хэдэн жилийн өмнө нэгэн Хилийн отрядад ажиллах үеэр 100 килограмм давсан жинтэй бүсгүйтэй таарав. Бүжгээр хичээллэж илүүдэл жингээсээ салахаар ирсэн юм гэнэ. Эхэндээ болохгүй гээд халгаагаагүй, би ч мунхаг хүн байж дээ гэж хожим бодогдсон шүү. Эцэст нь ангийн эмч нь батлан даагаад тэр эмэгтэйг сургалтад хамруулахаар болсон. Харин үр дүнгийн тухайд яриангүй сайн. Жингээ 80 киллограмм болтол хасаж чадсан. Богино хугацаанд тийм үр дүнг авчирна гэж хэн ч тооцоолоогүй байх. Тэр эмэгтэйн хичээл зүтгэл надад ч бас урам өгч, гүн сэтгэгдэл төрүүлсэн дээ. Өөртөө итгэх итгэлтэй болсноос гадна амьдралынх нь эргэлтийн цэг нь бүжиг байсан тухай сонсох сайхан байсан.
 
“Алтан эрдэнэ”-ийн шагналт бүжигчин болсон талаараа тодруулахгүй юу?
 
-Н.Энхбаярыг төрийн тэргүүн байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнийг ЭМЯ-тай хамтран зохион байгуулсан. Бэлгэдлээ бодоод 108 хосыг оролцуулсан юм билээ. Гурван өдрийн туршид үргэлжилж, хань бид хоёр “Алтан эрдэнэ”-ийн эзэд болцгоож гайхалтай сайхан түүхийг хамтдаа бичилцсэн юм. Есөн эрдэнийн шагналт эздийг тодруулдаг тэмцээн учраас эрэмбээрээ бидний шагнал хамгийн том нь гэсэн үг л дээ.
 
Та хоёрын учралын түүх бас л бүжгээр эхэлсэн байх. Тийм үү?
 
-Миний хань Н.Пунсалдулам амьдралын минь утга учир байсаар ирсэн, МУСТА, "Алтан гадас" одонтой. Анх Хүүхдийн ордноос урлагийн гараагаа эхэлсэн бүжгийн урлагийн амьд архив болсон боловсон хүчнүүдийн нэг. Бүжиг л биднийг холбосон. Бидний учралын түүх бүжгээр эхэлсэн. Үүнийг хувь тохиол гэж боддог. Одоо бид хоёр холбоо, клубийнхээ үйл ажиллагааг хамтдаа нуруундаа үүрэлцэж явна. Нэг зүйлийн төлөө, нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж байна шүү дээ.
 
Зорьж хүссэн бүхэн тань биелэх болтугай. Тэр үед илүү том түүхтэйгээр надтай уулзана гэдэгт итгэлтэй байна.
 
Ярилцсанд баярлалаа.
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин