sonin.mn

Хавар зуны заагаар бужигнаж эхэлсэн улс төр намар, өвлийн завсраар улам халуурч улайслаа. УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулсан эрх баригч МАН-аас нэр дэвшиж сонгогдож томилогдсон УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр өнгөрсөн долоо хоногт гуравхан цагийн зайтай чөлөөлөгдөж, огцорлоо. Ийм явдал урьд нь Монголд лав болж байгаагүй юм.


Үндсэн хууль, бусад хуульд зааснаар, УИХ-ын дарга удахгүй сонгогдоно. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, нэр дэвшигчээ гаргаж ирнэ. Гэснээс, УИХ дахь МАН-ын бүлгийг хоёр даргатай боллоо гэдэг зүйл яригдаж эхэлсэн. Гэхдээ, эрх зүйн хувьд “...Шинээр сонгогдсон” гэх МАН-ын бүлгийн дарга хуульд бүдрэх юм байна.


Дэгийн хуулиар бүлгийн хурлыг зарлахаас эхлээд хуульгүй явчихсан. Тиймээс, “...УИХ дахь МАН-ын нэг бүлэгтэй, түүний дарга нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гэдэг дээр ямар нэг эргэлзээ байхгүй” гэдгийг эх сурвалж хийгээд “хууль” тайлбарлаж байна. Ер нь бол, МАН-ынхан одоо ингэж хоёр тийш хараад байвал Монголын төр улам бүр мухардал руу явна. Тэгээд ч улс төрийн нөхцөл байдлын тухайд, нэгэнт УИХ-ын дарга хүсэлтээ өгөөд чөлөөлөгдсөн. Ингэж “орон гарсан” учраас оронд нь УИХ дахь МАН-ын бүлгийн нэг гишүүн УИХ-ын дарга болж таарна. Түүнийг ч МАН-ынхан ойлгосон бололтой. Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөгдсөний дараахнаас учир зүйгээ ололцох талаар ярилцаад эхэлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр энэ талаар нэлээд яриа хөөрөө болсон байна. “...УИХ-ын дарга хэн болох вэ” гэдэг дээр нэр яригдах хүмүүс ч ил тодорхой болжээ. Одоогоор хэн нэг нь илт давуугаар бүлгийнхээ гишүүдийн дэмжлэгийг аваагүй байна.


Гэхдээ, “...Хэн нэг нь байж болно” гэсэн хувилбараар С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Цогтбаатар нарын лав долоон гишүүний нэр яригдаж байгаа юм байна.


Тодруулбал, УИХ-ын дараагийн даргад өдгөө ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй С.Бямбацогт яригдаж байна. Тэрээр, УИХ-ын 2008 оны сонгуулиас хойш тасралтгүй сонгогдож, тав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа юм. С.Бямбацогт УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа 2013-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2016-2017 онд Засгийн газарт ХЗДХ-ийн сайд, 2018-2019 онд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга, 2019-2020 онд ТББХ-ны дарга, 2020-2022 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2022-2024 онд Засгийн газарт ЗТХ-ийн сайд, 2024-2025 онд Засгийн газарт Батлан хамгаалахын сайд, 2025 оны зургадугаар сараас ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Мөн, ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхбаатарын нэр явж байна. Л.Мөнхбаатар нь УИХ-ын 2016 оноос хойш гурван удаагийн сонгуульд ялж УИХ-ын гишүүн болсон.


Гишүүнээр ажиллахдаа 2022-2023 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2024-2025 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2025 оноос Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан. Бас нэг гишүүн нь 2012 оноос хойш дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан байна.


Тэрээр УИХ-ын гишүүнээр ажиллахдаа 2016-2017 онд НББСШУ-ы байнгын хорооны дарга, 2017-2020 онд УИХ-ын дэд дарга, 2020-2021 онд ТББХ-ны дарга, 2021-2024 онд Засгийн газарт БШУ-ы сайд, 2024-2025 онд Засгийн газарт ГБХНХ-ын сайдаар ажилласан. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа бас УИХ-ын даргын марафонд орж иржээ. Х.Булгантуяа 2020, 2024 оны сонгуулиудад нэр дэвшиж ялалт байгуулсан. УИХ-ын гишүүнээр ажиллахдаа 2023 онд Засгийн газарт сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, 2023-2024 онд Засгийн газарт ХНХ-ын сайд, 2024 оноос УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дараагийн даргад яригдаж байна. Тэрээр, УИХ-ын 2016, 2020, 2024 оны сонгуульд нэр дэвшиж ялсан. Гурван удаа УИХ-ын гишүүнээр ажиллахдаа 2017-2018 онд Засгийн газарт ЗТХ-ийн сайд, 2019 оноос УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга, 2024-2025 онд ТББХ-ны дарга, 2025 оны зургадугаар сард УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тав дахь удаагийнхаа бүрэн эрхийг эдэлж байна. Тэрээр 2009-2010, 2012-2014, 2024 -2025 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Засгийн газарт Эрчим хүчний сайд, 2023-2024 онд БХБ-ын сайдаар ажилласан. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2016 оноос хойшх сонгуулиудад ялалт байгуулж гишүүнээр ажиллаж байна. Д.Цогтбаатар 2016-2017 онд Хүний эрхийн дэд хорооны дарга, 2017-2020 онд Засгийн газарт Гадаад харилцааны сайд, 2023 оноос ХЗБХ-ны даргаар ажиллаж буй юм.


Харин Ерөнхий сайдад Н.Учрал, С.Амарсайхан, Б.Батцэцэг, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын бас долоон эрхэм яригдаж байна. УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Учрал Засгийн газарт сайдаар ажиллаж ирсэн туршлагатай.


УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш гурав дахь удаагаа гишүүнээр ажиллаж байгаа тэрээр Засгийн газарт 2022-2024 онд ЦХХХ-ны сайд, 2024-2025 онд ЗГХЭГ-ын дарга, 2025 оноос Тэргүүн шадар сайдаар ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч С.Амарсайханы нэр байна. С.Амарсайхан 2020, 2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Засгийн газарт 2021 оноос хойш Шадар сайдаар ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшиж ялсан. Тэрээр өмнө нь Засгийн газарт 2015-2016 онд Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх, 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд, 2021 оноос хойш Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мөн дараагийн Ерөнхий сайдад боломжтой хүнээр нэрлэгджээ. Я.Содбаатар УИХ-ын 2012, 2016 оны сонгуулиудаар гишүүн болж байсан. Засгийн газарт 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд, 2018-2019 онд ЗТХ-ийн сайд, 2020-2021 онд Шадар сайдаар ажилласан. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Энхбаяр 2008-2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан. Засгийн газарт 2020-2021 онд Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, 2024 оноос ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн нэр Ерөнхий сайдад яригдаж байна. Тэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулж гишүүн болоод УИХ-ын даргаар сонгогдож байв. Тэрээр 2022-2024 оныг хүртэл ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад боломжтой хүн гэж үзэх хүн цөөнгүй байгаа бололтой. Х.Нямбаатар УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд нэр дэвшиж, хоёр удаа УИХ-ын гишүүнээр ажилласан. УИХ-ын гишүүн байхдаа 2019-2020 онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан. Тэрээр Засгийн газарт 2020-2023 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байгаад одоогийн албан тушаалдаа томилогдож очсон.


Эдгээр эрхмүүдийн нэг нь УИХ-ын даргаар сонгогдож, бас нэг нь Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай байна. УИХ-ын даргыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэр дэвшүүлэх бол Ерөнхий сайдыг МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас, магадгүй удахгүй болох Их хурлаас нь ч сонгон нэр дэвшүүлж мэдэх юм.


Юутай ч төрийн өндөр албан тушаалд очих хүмүүсээс оногдсон ажлаа сайн хийхээс гадна, улс төрийн нарийн сайн мэдрэмж, төлөвлөлт, зохион байгуулалтыг улс төрийн энэ ээдрээтэй цаг үе шаардаж буйгаараа урьдах УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас онцлогтой байна.




Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин