sonin.mn
Монгол түмэнд чин сэтгэлээсээ талархаж явдаг
 
 
 
“Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” булангийнхаа энэ удаагийн дугаарт Бүгд Найрамдах Казахстан улс тунхагласны 28 жилийн ойг тохиолдуулан  тус улсаас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевыг урьсан юм.
Тэрээр манай улсад томилогдон ирээд удаагүй байгаа. Монголд  ирэхээсээ өмнө Бүгд Найрамдах Литва Улсад Элчин сайдын яамны зөвлөх, Бүгд найрамдах Австри Улсад Элчин сайдын яамны зөвлөх, Армени Улсад Элчин-зөвлөх мөн Исламын Бүгд Найрамдах Иран Улсад Ерөнхий консулаар ажиллаж байсан  дипломатч нэгэн гэхээс өөр түүний тухай мэдээлэл ховор. Өөрөөр хэлбэл, түүний тухай монголчууд сайн мэдэхгүй. Тэгвэл ноён Жалгас Жумаевич Адилбаев найрсаг бөгөөд нээлттэй  хүн юм. Биднийг очиход тэрээр  “Монголчууд хүнлэг, сайхан ард түмэн. Монгол Улсад 120 мянга орчим казах иргэн амьдардаг. Тэднийг эх хэлээрээ ярих, сурч боловсрох, амьдрах боломжийг олгодог монгол түмэнд чин сэтгэлээсээ талархдаг шүү”  хэмээн найрсгаар мэндлэн угтлаа.
 
 
 
Намайг өдий зэрэгт хүрэхэд  гэр бүлийн хүмүүжил их нөлөөлсөн
 
 
 
Жалгас Жумаевич Адилбаев  Казахстан улсын Гурьев мужид долоон хүүхэдтэй айлын тав дахь хүү болон мэндэлжээ. Харин аав ээж нь түүнийг казах түмний онцлог нэгэн ёс заншлын дагуу  өөрийн төрлийн хүндээ өргүүлсэн байна. Цусан төрлийн хүн нь хүүхэдтэй болохгүй байвал тухайн айлд хүүхдээ өргүүлдэг уламжлалтай билээ. Харин Ж.Адилбаев өргөж авсан аав ээждээ хайрын үр дагуулан очиж удалгүй охин дүүтэй болжээ. Түүний бага нас бусад хүүхдүүдийн адил аав ээжийн гар дээр элэг бүтэн өссөн байна. Тэрээр өөрийг нь өөрийн хүүхэд шиг хайрлан өсгөсөн аав ээжийнхээ тухай “Нуулгүй хэлэхэд би өөрийн төрүүлсэн аав, ээжээсээ илүү намайг өсгөж хүмүүжүүлсэн аав ээж, дүүтэйгээ дотно байдаг. Тэд намайг биеэ сайн бодоорой, ажил нь яаж байна гэх мэтчилэн үргэлж анхаарал тавьдаг. Мөн намайг  өнөөдрийн  байр суурьт хүрэхэд миний өссөн гэр бүлийн минь хүмүүжил их нөлөөлсөн” хэмээн ярьж  байна.
 
 
 
Ном унших дуртай хүүхэд байжээ
 
 
 
Бага насныхаа тухай тэрээр  “Би нэлээн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Үргэлж  гадаа тоглодог байсан. Харин сургуульд ороод ном их уншдаг, чөлөөт цагаараа  номын санд суух сонирхолтой  болсон. Нэг ном барьчихвал түүнийгээ дуусгах гээд хэдэн цагаар ч хамаагүй суудаг байсан даа. Одоо ч энэ зан минь хэвээрээ шүү” гэж байв. Бага, дунд сургуулиа Гурьев мужид дүүргэсэн тэрээр  их сургуульд сурахаар Алмата хотыг зорьжээ. Энэ тухайгаа  “Гурьев мужаас Алмата хот руу  очиход нэлээн зайтай. С.М.Кировын нэрэмжит Казах улсын их сургуулийн Түүхийн танхмийг Нийгэм, Улс төр судлалын багш мэргэжлээр суралцаж төгссөн. Төгсөөд их сургуульд таван жил багшилсан” хэмээн дурслаа. Гэхдээ хүмүүс түүнийг түүхч гэж ойлгож, тэгж ярьдаг. Энэ тухайд өөрөө  “Хүмүүс намайг түүхч гэдэг. Гэхдээ би түүхч гэхээс  илүү нийгэм улс төрийн ухааны багшийн чиглэлээр түлхүү ажилласан” хэмээн хариулж байна. Түүний хувьд  их сургуульд суралцахаар ирэхдээ 17 настай байсан бол  энэ л үеэс бие  дааж эхэлсэн гэдэг. Энэ нь магадгүй олон улсад өөрийн улсаа төлөөлж суух хүндтэй өнөөдрийн энэхүү эрхэм хүн бий болоход нөлөөлсөн биз ээ.
 
 
 
Үзэсгэлэнт цэцэгсээр хүрээлүүлсэн аз жаргалтай эрхэм
 
 
 
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев   эхнэр хоёр охины хамт амьдардаг юм байна. Гэр бүлийнхээ тухай “Би хамгийн үзэсгэлэнтэй цэцэгсээр өөрийгөө хүрээлүүлсэн азтай хүн шүү”  хэмээн ярих нь амьдралдаа сэтгэл хангалуун байдгын, бас дээр нь  эхнэр хүүхдээ хэрхэн бодож явдгын илрэл юм гэж бодогдоно.
 
Манай улсад тэрээр  эхнэр, бага охины хамт амьдарч байгаа юм байна. Том охин нь Белги улсад суралцаж байгаа аж .Охидынхоо тухай “Тэд маань их хичээнгүй. Мөн гадаад хэлийг сонирхон суралцдаг. Энэ байдлыг нь хараад их бахархдаг шүү” гэв. Тэрээр өөрөө ч гадаад хэлэнд сонирхолтой аж.  Ажиллаж буй улсынхаа хэлийг сурна гэдэг тухайн улсыг хүндэлж байгаагийн  нэгэн илрэл гэж боддог. Тиймээс би ирээдүйд монгол хэл сурна гэдэгтээ итгэлтэй байгаа хэмээн ярьж байна.
 
 
 
Монгол Улс эх орон шиг минь санагддаг
 
 
 
Түүний хувьд  20 жилийн өмнө анх  Монгол Улсад айлчлан ирж байжээ. Гэхдээ тэр үед өөрийгөө улсаа төлөөлөн  Монголд ажиллаж, амьдарна  гэж төсөөлж байгаагүй аж. Манай хоёр улс эсгий туургатан, нүүдэлчин соёлтой, байгаль цаг уур, газар нутаг болон зан заншлын хувьд төстэй. Мөн түүнээс гадна казах иргэд олноор суурьшдаг. Тиймээс   Монгол Улс их дотно эх орондоо байгаа юм шиг санагддаг.Гудамжинд гараад алхаж байхдаа би өөрийгөө монгол хүн шиг төсөөлдөг. Гудамжинд зөрөх хүмүүсээс ялгарах зүйлгүй юм шиг санагддаг.Монгол бол сайхан орон.Монголд ирээд удаагүй болохоор Монголын түүхэн газруудаар аялж амжаагүй байгаа. Түүхэн ач холбогдолт газруудаар аялах төлөвлөгөө бий хэмээн тэрээр  хуучилж байна.
 
 
 
Хоёр улсын харилцааг бэхжүүлэх тал дээр хичээнгүйлэн ажиллана
 
 
 
Улсаа төлөөлөөд суух хүндтэй үүргийг хүлээж авсан нь түүний  хувьд нэр төрийн хэрэг байсан гэв.  Гэхдээ  хоёр орны хамтын харилцааны асуудлыг хариуцаж байгаа хүний хувьд тийм ч амар  ажил биш. Гэхдээ би сайн ажиллах болно гэдгээ танай сониноор уламжлахдаа таатай байна гэж Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев бидэнтэй ярилцах үеэрээ онцолсон  юм.
 
Хоёр улсын хамтын ажиллагааны хувьд гэвэл 25 жилийн дараа буюу өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсад   айлчилсан.  Энэ үеэр хоёр улсыг холбох алтан гүүр гэж нэрлэгддэг Монголд суух казах иргэдийн талаар ярилцжээ.  Мөн ирээдүйд хоёр улс бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааны талаар яригдсан. Миний бие энэхүү харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь миний  нэн тэргүүний ажил хэмээн Элчин сайд энэ үеэр мөн тэмдэглэв.
 
 
 
2020 он Казахстан-Монголын харилцаа шинэ  түвшинд хөгжих онцлог жил болно
 
 
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстанд хийсэн албан айлчлал нь хоёр талт харилцаан дахь түүхэн ач холбогдолтой үйл явдал байсныг дурдахад таатай байна гэж Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев тодотгож байсан юм.
 
Тодруулбал, хоёр улс найрамдалт харилцаа тогтоосноос хойш  25 жилийн дараа болсон тус дээд түвшний айлчлалын  дүнд гарын үсэг зурагдсан баримт бичгүүд хоёр талт харилцааны хөгжилд түлхэц өгч,худалдаа-эдийн засаг, соёл-хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлснийг ч тэрээр   дурдаад “Ирэх  он Казахстан-Монголын харилцаа холбоо шинэ түвшинд хөгжих онцлог жил байх болно гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, өндөр дээд түвшний харилцан албан айлчлалууд мөн хоёр талт худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн болон соёлын хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссийн VIII хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар төлөвлөж байна.
 
Манай орны хувьд Монгол Улстай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал явдал юм. Өнгөрсөн зургадугаар  сарын 3-нд нээгдсэн  шууд нислэгээр   хоёр хоёр талт тээвэр-транзит, ложистикийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх суурь тавигдлаа. Мөн ирэх онд «Улаанбаатар – Алматы» чиглэлд агаарын нислэг үйлдэх ажилд бид хувь нэмрээ оруулж, хичээж ажиллах болно.
Өнгөрсөн зургадугаар сарын  4-5-ны  өдрүүдэд Улаанбаатарт,  мөн аравдугаар сарын 11-ний өдөр Нур-Султанд амжилттай зохион байгуулсан хоёр талт бизнес форумын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчд харилцан ашигтай харилцааг идэвхжүүлсэн.
 
Монгол Улсад амьдардаг казахын ард түмэн Монголын нийгмийн салшгүй нэг хэсэг билээ. Түүхэн цаг хугацааны турш казах түмэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, үндэсний уламжлалт ёс-заншлаа хадгалж, эх хэлээрээ сурч, боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлж өгсөн явдалд Монголын төр засаг хийгээд нийт ард иргэдэд үргэлж талархаж явдгаа үүгээр илэрхийлье. Монгол Улсад амьдарч буй казахтүмэн хоёр улсын хоорондын худалдаа-эдийн засаг, соёл-хүмүүнлэгийн харилцааны «алтан гүүр» билээ” хэмээн  онцлон тэмдэглэв.
 
Айлчлалын үеэр  Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан хэмээн Элчин сайд ярьж байна.  Хөдөө аж ахуй болон барилгын салбарт хамтран ажиллах тал дээр таатай нөхцөл байдал, боломжууд  түлхүү байгаа. Тухайлбал, малыг амьдаар нь буюу хөлөөр гаргах, Казахстанаар дамжуулан Ойрхи Дорнод болон Арабын орнууд руу гаргах, мөн  мах экспортлох  нөөц их бий. Түүнээс гадна Казахстаны нийслэл Нурсултан болон Улаанбаатар хот хооронд ахан дүүсийн холбоо тогтоох гэрээнд гарын үсэг зурсан. Энэ  хүрээнд Монгол Улсад Нурсултан хотын нэрэмжит гудамж байгуулах тухай ажил ярьж байгаа. Тиймээс дээрх боломжуудыг ашиглаж, ажил хэрэг болгож чадвал хоёр улсын эдийн засгийн эргэлт сайжирана гэдэгт  эргэлзэхгүй байгаагаа тэрээр манай сониноор дамжуулан монголчуудад дуулгалаа.
 
 
 
Монголын түүх сонирхолтой санагддаг
 
 
 
Монгол орон баялаг түүхтэй. Тэгвэл ноён Жалгас Жумаевич Адилбаевын хувьд Монголын түүхийн талаар судалсан зүйл болон нийтлэл, ном тэр байтугай сэтгэгдэл ч бичиж байгаагүй гэлээ. Гэхдээ хувь хүнийхээ зүгээс Монголын түүх сонирхолтой санагддаг учраас шимтэн уншдаг. Чингис хааны тухайд  тэрээр “Дэлхийн агуу их  удирдагч  байсан шүү дээ. Тиймээс дэлхий даяар түүхчид маш олон янзаар тайлбарлан бичдэг. Мөн дэлхийн олон улс орон өөрсдөдөө хамаатуулж ярьж, тайлбарлах нь ч элбэг байдаг. Би хувьдаа Чингис хааны тухай энд тэнд бичсэн мэдээлэлд  хувь хүний үзэл бодлоос илүү олон нийтэд зөвшөөрөгдсөн мэдээлэл, түүхэн дурсгал, баримттай, үнэн зөв мэдээллийг эх сурвалжаа болгон уншиж байж шийдвэр гаргаж сэтгэгдлээ хэлэх нь зүйтэй болов уу.  Хэн нэгэн, аль нэг улс түүхэн хүнийг  өөрсдөдөө хамаатуулах гэсэн мэдээллээс илүү түүхийн баримтыг чухалчилан үздэг” гэлээ.
 
Харин Зүчи хаан бол Казахстан улсын хувьд ач холбогдол бүхий түүхэн чухал хүн.  Бас Монголчуудын хувьд ч гэсэн. Энэ жил Казахстан Улсад Алтан ордны 750 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсад айлчлал хийх үеэрээ Зүчи хааны нэртэй онгоц хөлөглөж ирсэн.Эндээс бид Казахстан болон Монгол Улсын хувьд Зүчи хаан ямар их ач холбогдолтой болохыг харж болох юм хэмээн тэрээр өгүүлж байсан юм.
 
Бүгд Найрамдах Казахстан улсаас   Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевын амьдрал, ажил хэрэг, үзэл бодлын тойргоор  аялахад ийм байна. Хэлсэн ярьснаа хэрхэн хэрэгжүүлэх нь  түүний хэн болохыг монголчуудын болоод  манай уншигчдын өмнө  дахин тодотгох биз ээ.  Томилолт өвөртлөн Монголд ирээд удаагүй байгаа шинэ Элчин сайд хэдий ч, олон улс оронд элчин зөвлөхөөр ажиллаж,  дипломат албаны  туршлагатай  хуримтуулсан,  Монгол элэгтэй, Монголын талаар сайхан бодол сэтгэл тээж явдагтүүнд  амжилт хүсье.
 
Б.Баяржавхлан
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2019.12.16  ДАВАА  №248  (6215)