sonin.mn
Завхан аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Завхан аймгийн удирдлагууд орон нутаг дахь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний анги, салбаруудыг дэмжин ажилладаг сайн түншүүд юм.
 
Завхан аймгаар сонин сайхан юутай байна вэ?
 
-2019 он манай аймгийн хувьд бүтээн байгуулалтын их ажлын жил байлаа. Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдоогүй цөөхөн аймгийн нэг байсан бол энэ жилээс үндсэндээ холбогдож байна. Одоо зөвхөн Загастайн давааны орчмын хэдэн километр зам л үлдээд байна. Дараа жилийн долоодугаар сар гэхэд ашиглалтад орчих болов уу. Сумдын хувьд ч ялгаагүй хатуу хучилттай замтай холбогдож байна. Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино сум чиглэлийн 167 километр хатуу хучилттай замыг өнгөрсөн 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авлаа. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил сумдын маань төвд ч гэсэн үргэлжилж байна. Тухайлбал, Улиастай сумын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Гудамж” төсөл хэрэгжүүлж, 4,7 км замыг хатуу хучилттай болгож, гэрэлтүүлэг, тохижилт, авто зогсоолтой байхаар бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, Алдар суманд "Шинэ сум" төслийг хэрэгжүүлж байна. Аймгийн төвөөс ердөө 32 километр зайтай оршдог сум. Зарим хүн "Шинэ сум" төсөл гэхээр шинээр барилга байгууламж барьж байна гэж ойлгож магадгүй.
 
 
 
Бидний баримталж байгаа зарчим бол иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх үүднээс хамгийн түрүүнд дулаан, инженерийн байгууламжийг шинэчилж, гэрэлтүүлэг, авто зам барих явдал юм.Их-Уул суманд соёлын ордон, сургуулийн шинэ байр, Сантмаргаз суманд сургуулийн шинэ байр, Алдархаан, Шилүүстэй, Дөрвөлжин сумдад 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж, Тосонцэнгэл суманд шинэ цэцэрлэгийн байр худалдан авч байна. Бас нэг томоохон ажил гэвэл Завхан аймаг нь 24 сумтай бөгөөд үүний 10 гаруй нь алслагдмал газар оронд хамаардаг. Тэр утгаараа төвлөрсөн халаалтад ердөө тавхан сум холбогддог байсан бол энэ жил найман сумыг шинээр холбож, 13 сум төвлөрсөн халаалттай боллоо.
 
 
 
Үүнийг дагаад төрийн болон хувийн байгууллага, иргэдийн ажиллаж, амьдрах орчин сайжрах боломж бүрдэж байгаа юм. Нөгөө талаар төвлөрсөн халаалтыг шийдвэрлэсэн нь төрийн байгууллагуудыг аж ахуйн ажлаас чөлөөлж, үндсэн ажилдаа анхаарал хандуулах нөхцөлийг нь бүрдүүллээ. Өнгөрсөн жил манай аймаг 3,6 сая толгой мал тоолуулж, хавар нэг сая гаруй төл хүлээж авсан. Гэхдээ малчид маань зах зээлд нэлээд борлууллаа. Шалтгаан нь малын элдэв халдварт өвчин байхгүй эрүүл байгаатай холбоотойгоор худалдан авалт их байна. Энэ жил бид хөдөө аж ахуйн салбартаа мал бүртгэлжүүлэх том ажлыг анхлан санаачиллаа. Улсын хэмжээнд анх удаа гэсэн үг. Малчдын чуулганаас гарсан зөвлөмжийн дагуу Мал эмнэлгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн юм.
 
Танай аймаг хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох зорилт дэвшүүлжээ. Хөгжлийн төлөвлөгөө ямар зарчмаар хэрэгжиж байгаа вэ?
 
-Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлын нэг нь “Хэрэглэгч аймгаас-Үйлдвэрлэгч аймаг” болох амаргүй бөгөөд томоохон зорилт юм. Үүнийгээ хэрэгжүүлж үйлдвэрлэгч аймаг болохын тулд үйлдвэрлэлийн хэд хэдэн үе шат байх ёстой гэж үзсэн. Хамгийн эхнийх нь өрхийн үйлдвэрлэл юм. Өрх бүр үйлдвэрлэгч байж өөрийн гэсэн бүтээгдэхүүнээ хийдэг, борлуулдаг, түүнийгээ зах зээл дээр гаргадаг болно. Хоёр дахь шат нь сумын түвшний жижиг үйлдвэрлэлийн асуудал юм. Гурав дахь шат нь сум хоорондын бүсчилсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Дөрөв дэх нь аймгийн хэмжээнд, тав дахь нь улс орны хэмжээнд брэнд болохуйц үйлдвэрлэл хөгжүүлэх зорилго юм.
 
Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний анги болон Цэргийн штабын талаар ...
 
-Орон нутгийн удирдлагуудын зүгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаа бодлогоор дэмжиж байна. Ялангуяа, Цэргийн штаб болон Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн үйл ажиллагааг бид бүрэн дэмждэг. Цэргийнхэн дэг журам, зохион байгуулалт, сахилга баттай байдаг нь орон нутгийн иргэдийн хувьд томоохон үлгэрлэл нь байдаг юм. Ажил хариуцвал бүрэн гүйцэтгэж, уралдаан тэмцээнд үргэлж манлайлдаг шилдэг хүмүүс бол манай цэргийнхэн юм даа.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин