sonin.mn
Хүний амьдралын түүхийг сонины нэг хуудаснаа бүтнээр нь өгүүлнэ гэж үгүй.  Ялангуяа ахмад дипломатч, орчуулагч Ж.Гэндэндарам гуай шиг баялаг амьдарсан нэгнийх бол бүүр ч хэцүү ажээ. Уншаад дуусдаггүй ном шиг түүний амьдрал оршил, өрнөл, тэмцэл, ялалт гэснээ дахиад л  оршил, өрнөл, тэмцэл, ялалт гээд үргэлжлэнэ. Үүний нэг жишээ гэхэд Ж.Гэндэндарам гуай тэтгэвэрт гараад өөрийгөө дахин нээсэн тухай юм.  Ж.Гэндэндарам гэж хэн бэ гэдэг эрэл хайгуулын учгаа энэ л цаг үед олж тэрээр шинээр амьдарсан гэж ярих дуртай.  Мөн дэндүү хожуу ухаарсан хэмээн өвгөн бодох нь бий.  Ийнхүү энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа 90 гаруй насыг шүргэж байгаа ч “цэл залуу”-гаараа, орчуулагчийн хувьд цэцэг шиг дэлгэрсэн хэвээр байгаа ахмад дипломатч, соёлын гавьяат зүтгэлтэн Жамсрангийн Гэндэндарам гуайг урьж, ярилцсан билээ. Түүнтэй ярилцаж дуусаад би нийтлэлээ юугаар, ямар үйл явдлаар нь эхлэх тухай их бодсон.  Учир нь түүний амьдрал баялаг учраас амаргүй байв. Гэхдээ нэг л зүйл дээр би өвгөнтэй адил нулимс унагаж суув.
 
Энэ нь аав ээжийнх нь тухай яриа юм. Ж.Гэндэндарам Завхан аймгийн Улаагчин буюу одоогийнхоор Нөмрөг сумын хүн.  Өөрийнх нь тухай өгүүлэхийн өмнө  аав Жамсрангийнх нь богинохон  түүхийг  дэлгэе.
 
Жамсран гуай Хөвсгөл аймгийнх. Завхан аймагт цагаачилж, тэндээ амьдарч, насыг  барсан нэгэн.  Түүнийг аав нь Тэсийн хүрээний багш ламд мөргүүлж, номын мөр хөөлгөхөөр үлдээсэн байна.   Гэтэл лам нь зодоод болдоггүй, оргоод гэртээ иржээ.   Харин аав нь  лам багшаас оргож ирлээ гээд эргээд явуулсан байдаг.  Тэгсэн нөгөө лам нь улам л хатуу хөтүү хандах болж, аргагүй эрхэнд  лам багшаа хүлж хаячихаад 21 насандаа нутгаасаа гарч одсон.  Тэгээд Хөвсгөл аймгаас Ховдын Хар ус нуур хүртэл явсан байдаг.  Тэнд баян айлын адуу малладаг байж байгаад эргэн ээж аавдаа золгохоор нутгаа зорьсон. Ингэж явахдаа Завханы Нөмрөг сумын хүнтэй танилцаж ханилан суусан байдаг. Ж.Гэндэндарам гуайн ээж, аав хоёр нь ингэж амьдарсан түүхтэй билээ.
 
 
 
Түүний аав Жамсран нь мал маллахын зэрэгцээ, уран дархан хүн байсан. Тэднийх  ах дүү наймуулаа. Аав нь нэг удаа “Ухаан муутайгууд нь сургуулиараа яваг.  Би ганц хүүхэд шилж дархан болгоно” гэжээ.  Ингээд Ж.Гэндэндарам гуайн  дүүг сонгоод сургуулиас нь гаргаж, дарханы бүхий л эрдмийг заасан гэдэг.  Харин нийтлэлийн баатар маань номын мөр хөөхөөр болсон.
 
 
 
Яг энэ үеэс өгүүлэх түүний түүх их гоё, хайрламаар санагдаж билээ. Одоогийн эцэг эхчүүд балчир хүүхдээ өмнө нь хэзээ ч очиж байгаагүй газар нь, танихгүй хүмүүстэй,  эрдэм ном сур гээд уйлуулаад орхиж эс чадна.  Харин 1930 гаруй онд  Монголын нийгэмд ийм үзэгдлүүд их байсан.   Тэр үед Ж.Гэндэндарам хүүд сургууль гэж юу байдаг тухай ямар ч төсөөлөл байсангүй.  Тэгэхэд аав нь сургуульд ор гээд Гэндэндарам ээжтэйгээ тухайн үеийн сумын сургуульд очжээ.   Нэг их том гэрт ороод л хоол унд идчихээд ээж харья гэхэд “Миний хүү үлдэнэ” гэжээ.  Тэгээд захирал багш нь түүнд чихэр дэвтэр өгөөд элдвийг тайлбарлах хооронд ээж нь гараад явчихсан байв.  Тэр өдөржин, шөнөжингөө уйлсан гэдэг. Сум даяараа түүний уйлсан тухай яриа болж. Нутгийн хөгшид аав дээр нь ирээд “Золбин гөлөг төөрүүлж байгаа юу. Тэр нялх амьтныг авч ир” гэдэг байв.  Гэтэл аав нь нэг өдөр шуудайнд хавх, сарил хоёр хийгээд сургууль дээр нь иржээ.  Хүү намайг авч явах нь гэж ихэд баярлана. Гэвч тийм зүйл болоогүй.  Аав нь ирээд “Сургуульд орохгүй бол чамайг гэртээ аваачихгүй.  Элстийн өвөрт хаяна. Чи хавх сарил хоёроор тарвага барьж, тэндээ амьдар” гэжээ.  Тэгэхэд нь Ж.Гэндэндарам хүү “Би Элстийн хөндийд очихгүй, сургуульд сууна” хэмээн уйлж,  нэгдүгээр ангийн сурагч болсон түүхтэй.
 
 
Дараагийн он цагийн түүхийг ярихдаа  Ж.Гэндэндарам гуай нулимс дуслуулж байв.   Долдугаар анги төгсөх жил нь аав, ах хоёр нь  нэг сарын зайтай бурханы оронд оджээ. Хавар нь гэртээ иртэл хоёр эгч нь хүнтэй суугаад явчихсан,  ээж нь гурав, таван настай хоёр хүүхэдтэй үлдсэн байлаа.  Тэгэхэд Ж.Гэндэндарам “Миний сургуульд явах ч өнгөрчээ. Ээждээ хань болно” хэмээн боджээ.   Гэтэл ээж нь дуудаад “За хүү минь,  аавын тань чамд өгсөн өмч хөрөнгө энэ хэдэн мал биш юм шүү.  Аавын чинь чамд үлдээсэн хөрөнгө бол номын мөр  юм. Миний хүү тэр мөрөөрөө яв. Аавынхаа өгсөн өмчөөр яв.  Ээж нь болно оо” гэжээ. Яг л энэ үгс тэр үед түүний голыг зураад л явчихсан гэдэг.  Яг л нь энэ үгс түүний амьдралын жанжин шугам байж,  тэр хазайгаагүй.  Ээжийнхээ хэлсэн энэ үгсийг тэр тарни мэт цээжилчихсэн байв. Хэрэв тэр үед аав нь сургуульд үлдээгээгүй, ээж нь явуулаагүй бол одоогийн Ж.Гэндэндарам гэж байхгүй гэдгийг тэр онцлон ярьж байна. “Миний аав ээж миний мөрийг ингэж заасан даа” гэж тэр санаа алдан өгүүлж суулаа.  “Хүн эх эцгийн ачийг бүрэн хариулна гэж байдаггүй юм билээ” хэмээн нулимсаа арчив. Тэрээр ачийг нь нэгэнтээ өгч чадаагүйгээс хойш нэрийг нь мөнхөлье хэмээн бодож гурван жилийн өмнө Завхан аймгийн Нөмрөг суманд очиж, амьдарч байсан газрынх нь ойролцоох хаданд аав ээжийнхээ нэрийг сийлжээ. “Ач буяны далай аав Жамсран дархан,  ээж Намсрайжав нарынхаа Алдар нэрийг эх болсон хайрханд  нь эгнэгт залан мөнхжүүлэв”  хэмээн бичжээ.  Хадны сүг зураг хэдэн мянган жил болдог шиг хоёр мм-ийн гүнтэй сийлсэн Жамсран, Намсрайжав нарын нэрс  эгнэгт тод орших биз ээ.
 
Цааш  нь түүний идэр залуу насны түүхийг сөхлөө. Тэрээр бага сургуулиа төгсөөд ээж дүү нараа орхин хотод ирэхдээ баахан уйлсан гэдэг.  Гэхдээ аавынх нь үлдээсэн өмч, энэ л зам гэдгийг дахин дахин бодсоор явсан. Ингээд хотод  Багшийн сургуулийн дэргэдэх Дунд ангийн багш бэлтгэх хоёр жилийн факультет суралцаж төгссөнөөр ёстой л түүний эрдмийн зам мөр эхэлсэн гэхэд болно.  Ингэхдээ тэрээр 19-хөн настай байв.   Завхан, Архангай аймгийн  дунд сургуульд  хэл түүхийн багш, хичээлийн эрхлэгч, захирал хийж явсан.  Ингээд 1957 онд эргээд Улаанбаатарт ирж, МУИС-д суралцав.  Монгол хэлний ангид элсэн орж, хагас жил орчим сурч байхад нь МАХН-ын төв хорооноос үүрэг өгч, Энэтхэгт хэлний сургуульд явжээ.  Бадраа, Нямсүрэн, Гэндэндарам нар тус улс руу томилолт өвөртлөн очсон анхны монгол оюутнууд болсон байдаг.  Тэнд хувийн академид англи, хинди хэл заалгасан. Гэвч Ж.Бадраа гуайн  бие нь өвдөж, таван сар орчим болсон, харин  Нямсүрэн хоёр жил болоод буцжээ. Ж.Гэндэндарам гуай тэнд дөрвөн жил суралцсан байдаг.
 
Ер нь Энэтхэг улс түүний хувьд хоёр дахь эх орон нь болсон.  Түүний амьдралын 17 жил тэнд өнгөрсөн гэхээр арга ч үгүй юм даа. Найз нөхөд нь түүнийг “Чи энэтхэг паспорт аваад, энэтхэг хүн бол”  хэмээн цаашлуулдаг байсан гэдэг. Тэрээр сургуулиа төгссөний дараа  буюу 1962 онд Энэтхэгийн ЭСЯ-нд орчуулагч, 1967 -1971 он хүртэл мөн ЭСЯ-нд нэг, хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга,  1984-1989 онд Энэтхэгт Элчин сайдын зөвлөхөөр ажиллажээ. Орчуулагчаас эхлээд Элчин сайд цолонд хүрч ажилласан хүн юм.   Харин түүний дундуур буюу 1978-1981 он хүртэл Афганистанд томилогдож ажилласан юм.
 
-Таныг 1958 онд Энэтхэгт очиход цаг үе ямар байсан бэ?
 
-Үндэсний баячууд нь тодорчихсон.  Баян ядуугийн ялгаа ихтэй ийм л нийгэм угтсан.  Гэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд Неру Энэтхэгийн өнөө цагийн хөгжлийн суурийг,  маш ухаантай тавьжээ.  Хэдийгээр хөрөнгөтөн орон ч гэлээ социалист чиг баримжаагаар явж ирсэн.  Өөрөөр хэлбэл, хүн бүхнийг адил тэгш амьдруулах энэ чиг шугамаас ухраагүй.  Мөн үйлдвэржүүлэх ажлыг эрчимтэй хийсэн.   Түүнчлэн хүнээ гэгээрүүлэхэд их анхаарсан. Энэ бодлогын улбаагаар Энэтхэг өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудын нэг болж чаджээ.
 
-Та Энэтхэгийн түүх, ялангуяа уран зохиолыг ихэд судалсан.  Тэндээс сурах зүйл их бий биз?
 
-Тийм ээ. Олон жил гадаадад явахад эх орныг минь гүйцэх газар гэж байсангүй.  Гэхдээ Энэтхэг улстай хувь заяагаа холбосондоо баярлаж явдаг.  Өнөөдөр ард түмэндээ хүндтэй, улсдаа хийсэн бүтээсэнтэй хүн болсон минь үүний л ач гавьяа.  Энэтхэг бол эртний мундаг соёлтой орон юм.  Энэ соёлыг би эх орондоо таниулсан.
 
 
 
Энэтхэгийн эртний буюу манай тооллын 2-3 мянган онд зохиогдсон бүтээлүүд гэдэг тэр чигтэй гайхамшиг.  Дэлхийн эрдэнэсийн санд орчихсон. Үүнийг би монгол хэлнээ хөрвүүлж, 23 боть ном бүтээснээ их хувь заяа хэмээн бодно.  Хүн төрөлхтөн байсан цагт энэ бүтээлүүд байсаар байна.  Энэ үйлсэд нэрээ холбосон минь их хувь заяа.
 
 
 
– Таны орчуулсан ном зохиолд Буддын сургаалийн тухай тод өгүүлдэг.  Энэ тухай та өөрөө ямар ойлголттой байдаг вэ?
 
-Энэтхэг  маш их эртний утга зохиолын түүхтэй. Мөн бүтээлүүдийг нь ойлгож, уншаад орчуулж байхад ямар их эрдэмтэн мэргэдтэй байсан юм бэ гэдэг нь харагддаг. Тэдний хэлсэн үгнүүд өнөөгийн бидний амьдралтай яг таардаг. Яг л өнөөгийн амьдралын эрээн бараанаас гэтэлгээд байгаа юм шиг тийм содон түүхүүд бий. Үүний дотроос яах аргагүй тодорсон хүн бол Будда багш юм. Нэрийнх нь утга нь төгс явдалт гэсэн утгатай.   Их баян хааны хүү тэрээр нэг өдөр ордноосоо гараад амьдралын эрээн барааныг харсан байдаг.  Тэгээд ертөнцийг таниад эргээд ордондоо ирээгүй. Ой хээрээр даян хийж, мэргэдтэй уулзаж, ядарсан олонд тусалж ирсэн.  Бодь модонд очиж, сахил хүртээл 26 насандаа анхны айлдвараа хүргэсэн ийм л хүн юм.  Тэр эцсийн дүндээ тэнгэр бурхан гэж байдаггүй.  Тэнгэр бурхан гэж байдаг бол хүн өөрөө өөртөө л бурхан. Хүн өөрийн амьдралаа зохиож түүгээрээ л амьдардаг. Зөвөөр зохиож, зөв замаар, зөв ухаанаар залахад хүн сайхан амьдарна гэдэг энэ ухааныг нээсэн.  Ингэж амьдрахын тулд хүн гэгээрэх хэрэгтэй.  Бүдүүлэг мунхаг байсан цагт амьдралын дандаа буруу зам руу явдаг.  Харин гэгээрсэн цагт өөрөө өөрийгөө залаад явж чадна.  Тиймээс гэгээрч, танил хүмүүсээ ч гэгээрүүлсэн цаг ертөнц тэр чигээрээ гэгээрч сая бодь мөрийн зэргийг олно оо гэсэн байдаг.  Ер нь хүн төрөлхтний түүхэнд сод гайхамшигтай хүмүүс хааяа, цөөн гардаг юм байна.  Энэтхэгт гэхэд Будда багш, түүний дараа  ХIХ, ХХ зуунд Махатма Ганди тодорлоо. Их гүн Ганди гэсэн утгатай л даа.  Англид мэргэжил эзэмшээд Африкт ажиллахдаа колоничлол гэдэг зүйлийг үзэн ядаж, үүнээс салах аргыг маш нарийн тооцоолсон.  Ингээд нутагтаа ирээд “Англичууд Энэтхэгийг буу дуугаргалгүйгээр эзэлж авсан бол би англичуудыг буу дуугаргалгүйгээр нутгаасаа хөөж гаргана” гэсэн. Үүнийгээ биелэл болгосон хүн шүү дээ.  Энэ мэтчилэн Энэтхэг ард түмэн намайг өөртөө татдаг.
 
Ийнхүү бидний яриа Энэтхэг улс,  Будда, бодь мөрийн зэргээр үргэлжилсэн. Ж.Гэндэндарам гуай Хандгайт дахь зусландаа өвөл зунгүй байна.   Ингэхдээ тэрээр дасгал хөдөлгөөнийг эрхэм болгож, хажуугаар нь ном хөрвүүлж, бүтээл хийх ажилдаа шамдана.  Нүдээрээ инээсэн хөөрхөн шар өвгөн, ярих яриа нь цэгцтэй ч гэж жигтэйхэн.   Тэрээр “Би тэтгэвэрт гараад л өөрийгөө таньж шинээр нээсэн дээ” гэж байна.  “Та орчуулгын ажилдаа илүү шамдав уу гэхэд “Би энэ насандаа хоёр хэл сурсан.  Энэ хоёр маань надтай адилхан тэтгэвэрт гарчихгүй байлтай. Хүн мэргэжилдээ жаахан харамсдаг юм билээ. Хинди хэл заана гэж байхгүй.  Гэхдээ энэ хэлээр хэдэн ном орчуулж гаргаад олон түмэндээ үлдээе л гэж бодсон” гэлээ. Тэрээр оюутан байхдаа “Гэрэл” нэртэй анхны номоо гаргаж байсан. Энэтхэг охины ээдрээт түүхийг тухайн үед хүмүүс их  л сонирхож байсан гэдэг.   Түүнээс хойш дипломат  албанд зүтгэх 30 жилийн хугацаандаа 4-5 ном орчуулж, харин тэтгэвэртээ гарсныхаа дараа 60 орчим бүтээлтэй болжээ.  Тэгэхээр тэрээр тэтгэврийнхээ хэдэн жилийн амьдралаа номонд л зориулчихсан хүн юм билээ.  Ялангуяа Энэтхэгт сурч байхдаа эртний санскрит утга зохиолын ном их цуглуулсан нь энэ цаг үед их хэрэг болсон гэнэ.   Дөрвөн жил сурахдаа хоёр номтой ирсэн. Тэднийгээ 30 жилийн хугацаанд орчуулсан байна.  Үүний зэрэгцээ Энэтхэгийн мэргэдийн замаар дасгал хөдөлгөөн, бясалгал хийжээ. Түүний амьдрал нэг л зөв юм.
 
Харин одоо тэрээр  гуравдугаар зууны үеийн Энэтхэгийн яруу найрагч Ашукошын “Сайхан Нанда” гэсэн бүтээлийг орчуулж байна.  Будда бол хааны их хатнаас гарсан хүү юм. Харин хоёр дахь хатнаас мэндэлсэн хүүг Нанда гэдэг.  Энэ зохиол нь Буддагийн түүхээс эхтэй. Будда өөрийн үеэл дүү Нандаагаа хэрхэн гэгээрүүлж, бодь мөр рүү оруулж байгааг өгүүлсэн бүтээл юм байна.  Түүнээс би шашны тухай асуумаар санагдлаа.  Та Буддын шашинтай хүн үү гэхэд багахан түүхийг ярилаа. “Тэрээр шашин гэдэг маань ерөөсөө л хүний дагаж мөрддөг үзэл суртал юм” гэлээ.  Ж.Гэндэндарам гуайг Энэтхэгт сурж байхад Делийн их сургуулийн нэг профессор ирээд “Монгол гэхээр энэтхэг хүний зүрхэнд их дотно санагддаг. Чи ямар шашин шүтдэг вэ” гэжээ. Шашин шүтдэггүй гэчихэв. “Чи шашингүй бол мал болох нь ээ. Мал хүн хоёр үхнэ төрнө, өвдөнө зовно гээд яг адилхан амьтад. Тэднийг ялгадаг ганцхан зүйл нь хүнд өөрийн гэсэн үзэл бодол байдаг.  Харин малд байдаггүй.  Тэгэхээр шашин гэдэг нь тэр үзэл бодол юм” гэж тайлбарласан гэдэг.  Түүний дараа Ж.Гэндэндарам гуай шашны тухай ихэд судалжээ.  Тэгээд нэлээд хэдэн жилийн дараа нөгөө эрдэмтэнтэйгээ таарахад   “Хүү минь чи хүн болж чадав уу” гэж асуужээ.  Тэрээр “Би чадсан. Маркисимз, Ленинизм миний шашин” гэсэн гэдэг.  Тэгэхэд нөгөө энэтхэг профессор “Мөн шүү дээ. Энэ үзэл бодлыг  л шашин гэдэг юм” гэлээ.  Түүнээс хойш Ж.Гэндэндарам гуай буддын сургаалийн олон ном  орчуулсон бөгөөд будда яг нь энэ агуулгыг давтан давтан айлтгаад байдаг.  Бурхан тэнгэр гэж байхгүй, хүн өөрөө өөртөө л бурхан. Харин  манайд буддын  буруу урсгал нь түлхүү орж ирсэн гэдгийг тэрээр хэлж байдаг шүү.  Шавар бурхан, зураг бурханд мөргөж, шүтэх нь Буддагийн мөн чанар үнэндээ биш. Энэ бол мухар сүсэг гэсэн юм.
 
Ж.Гэндэндарам гуайнх гурван хүүхэдтэй. Том нь өнгөрсөн жил өвчний улмаас нас өөд болсон гэнэ. Чихрийн шижин гэдэг өвчнөөс ихэд сэрэмжлээрэй хэмээн тэр хэлж байна.   Харин дунд охин Г.Энхцэцэг нь одоо нэгэн сургуульд гадаад хэлний багшаар ажилладаг.  Бага охин Г.Энхтүвшин нь орос сургууль төгсөөд, Бельгид магистрын зэрэг, Канадад доктор хамгаалсан.  Одоо тэндээ ажиллаж амьдарч байна.  Гэр бүлийн хүн Б.Баасан нь  мөн л гадаад яаманд олон жил ажилласан хэлний хүн юм.  Ж.Гэндэндарам гуай  “Аяны шувуу шиг нэг улсаас нөгөөгийн хооронд амьдарч ирсэн дээ. Тэр бүхэнд гэр бүлээ дагуулаад л явна.  Энэтхэгт өнгөрүүлсэн 17 жил эх орон шиг минь л байлаа.  Харин афганистан улсад дайн байлдаан дунд өнгөрүүлсэн гурван жил хар дарсан зүүд байсан.  Гурван болчихоод наашаа нисэхдээ эхнэртээ “Яахав дээ.  Ингээд амьд буцах заяатай байж дээ” гэсэн.  Эхнэр маань “Тэгж ярих болоогүй шүү.  Хил гарсан хойно л чи тэгэж ярь.  Онгоцыг маань буудах вий” гэж байжээ.
Ийнхүү Ж.Гэндэндарам гуайтай хөөрөлдөж өнгөрүүлсэн 60 минут нүд ирмэхийн зуур өнгөрлөө. Энэ хүний амьдралаар бахархаж, энэ хүний зарим мөрөөр алхаж үзмээр санагдана.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин