sonin.mn
ЖЕНЕВ. /TASS/. БНХАУ-д дэгдсэн уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа үүсгэгч “2019-nCoV” коронавирус хэлбэрээ өөрчилснийг нотолсон мэдээлэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ байхгүй байна гэж Женевт нийтлэгдсэн тус байгууллагын хэвлэлийн мэдээнд дурджээ.
“Вирус өөрчлөгдсөний нотолгоог ДЭМБ хүлээж аваагүй. Бид БНХАУ-ын албаны хүмүүсээс нэмэлт мэдээлэл хүлээж байна” гэж тус байгууллага онцлон тэмдэглэсэн байна.
 
 
 
Шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусний хүнээс хүнд халдварладаг чадвар эрчимжиж, улмаар халдварын тархалтын байдал шинэ, илүү хүнд шатандаа шилжсэн гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооны дарга Ма Сяовэй ням гарагт Бээжин хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
 
 
 
ДЭМБ-ын мэдээлэлд цохон тэмдэглэснээр, одоогийн дэгдэлтэд хийсэн тооцооллоор “2019-nCoV” вирусний халдварын далд үе нь 2-10 хоног үргэлжилдэг байна. MERS /Ойрхи Дорнодын амьсгалын хам шинж/ зэрэг коронавирусээр үүсгэгдэг бусад өвчний дэгдэлтийн үед “халдварын шинж тэмдэг илрээгүй хүмүүс бусдад халдвар тараах боломжтой байдаг” гэж тус байгууллага цохон тэмдэглэсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг