ТВ-9 телевизийн эрхлэн гаргадаг “Монгол коммент” нэвтрүүлгээр эмийн сангуудад амны хаалт, гар ариутгалын бодис тасарчихсан байгаа талаар хөндсөн билээ.
Бид үүний мөрөөр БНХАУ-д төдийгүй, зарим улс оронд хурдацтайгаар тархаж байгаа коронавирус нь манай улсад халдварын эрсдэл өндөр байгаа учир мэргэжлийн байгууллагаас амны хаалт зүүж, гар болон орчноо ариутгахыг анхааруулсан ч эмийн сангуудад амны хаалт олдохгүй, байгаа нэг нь үнээ нэмсэн гэх асуудлыг сурвалжиллаа.
 
Багшийн дээдийн сургуулийн ойролцоох дөрвөн ч эмийн сангаар ороход амны хаалт дууссан гэв. Эмийн сангийн хаалгаар орж буй үйлчлүүлэгчид бүгд л маск асууна. Хэд алхаад л тааралддаг эмийн сангаар маск сураглаж бараг нэг километр явсны эцэст арайхийн масктай эмийн сан олдов.  
 
 
 
Энгийн үед  нэг удаагийн амны хаалт нэг боодол нь буюу 50 ширхэг нь 2500 төгрөг гэдэг ба нэг ширхэг нь 150 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагддаг байсан бол  маскны эрэлт нэмэгдсэнээр зөвхөн нэг ширхэг нь 500-800 төгрөгөөр худалдаалж байлаа.  
 
 
Өөр маск асуухад байхгүй энэ л байна гэх. Аргагүйн эрхэнд маск хайж ирсэн иргэд түүнийг нь худалдан авч байв. Нэг эмийн сангаар таван минут ч хүрэхгүй хугацаанд гэхэд 8-10 хүн маск асууж орж ирэв. Зарим эмийн сан нэг хүнд амны хаалт таван ширхгээс илүү өгөхгүй гэдгээ хэлж байлаа. “Монос” эмийн бөөний төвд ч мөн амны хаалт тасарчээ.
 
Эмийн санч Л.Одонтунгалаг “Нэг удаагийн болон даавуун,  утааны шүүлтүүртэй гэх маскууд нь олон төрлөөр худалдаалагддаг байсан ч сүүлийн гурав хоногт маш их зарагдаж дууссан. Орж ирж байгаа арван хүний найм нь маск асууж байна. Маск дууссан дариуд захиалга өгсөн ч одоог хүртэл алга л байна. Үнийн хувьд нэг удаагийн маск 200 төгрөг, даавуун болон утааны шүүлтүүртэй маскийг 2000-12000 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Одоо хэзээ маскны нийлүүлэлт ирэхийг сайн мэдэхгүй байна” гэдгийг хэлсэн юм.
 
 
 
Эмийн сангаар үйлчлүүлж байсан иргэн н.Нямсүрэн “Маск, гар ариутгагч хэр барагтай олдохгүй байна. Дөрөв хоногийн өмнө арав гаруй нэг удаагийн маск авсан дуусаад дахиад авах гэтэл 500 төгрөг болсон байна. Зарим газар нь бүр 800 төгрөг ч гэж байна” гэсэн юм.
 
 
 
Зарим үйлчилгээний байгууллагууд үнэгүй маск тарааж байна
 
Өвчний халдвараас сэргийлэх гэсэн иргэдийн дунд маск, санитол, спиртийн эрэлт үүсч, анхан шатны сэргийлэх дээрх хэрэгслийн хомстол үүсээд байгааг хүн бүхэн хэлж байна. Эрүүл мэндийн яамнаас үндэсний үйлдвэрлэгч “Мөнхийн тун”, “Монхимо” үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 30-40 мянган ширхгийг үйлдвэрлэн, эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудаар түгээж байна гэж мэдээлсэн. Гэвч үнэн хэрэгтээ наанадаж 4-5 эмийн сан дамжихгүй л бол маск олдохгүй хэвээр дүр зураг ажиглагдсаар л байна. Түүнчлэн иргэд маскийг их хэмжээгээр авч байгаагаас үүдэн зохиомол хомстол үүсгэж байгааг албаны хүмүүс хэлж байсан юм.
Зарим үйлчилгээний байгууллагууд нэг удаагийн маскийг их хэмжээгээр худалдан авч үйлчлүүлж буй иргэдэд үнэгүй тарааж байлаа. Тухайлбал, “Tom n toms”-оор үйлчлүүлэхэд үйлчлүүлэгч бүртээ нэг удаагийн маскийг дөрөв хоногийн өмнөөс бүх сүлжээ кофе шопоор үнэгүй тарааж байгаа юм байна. Мөн Exclusive брэнд амны хаалт үйлдвэрлэж иргэдэд үнэгүй тарааж эхэлсэн бол, “Интермэд” болон “Эм Жи Жи” гэсэн эмнэлгүүд, ч бас үйлчлүүлэгчиддээ амны хаалт үнэгүй тарааж байсан юм. Эм зүйн байгууллагын гүйцэтгэх захирал И.Балжинням “Ихэнх эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэх бодисын 2-4 сарын нөөцтэй байсан ч бүгд дуусч, дахин хангалт хийхээр холбогдогч байгууллагуудад захиалга өгсөн” гэдгийг хэллээ.
 
Харин эмийн үйлдвэрүүдээс тодруулахад захиалгаа дийлэхгүй байна гэсэн хариултыг өгсөн юм.Тодруулбал, спирт үйлдвэрлэдэг “Тавин Ус” эмийн үйлдвэр захиалгаа дийлэхгүй, амны хаалт, гар ариутгагч, спирт үйлдвэрлэдэг “Мөнхийн тун” үйлдвэр 24 цагаар ажиллаж байгаа хэдий ч  захиалга ирэх долоо хоногийн Даваа гариг хүртэл дүүрсэн, “Монхимо” үйлдвэрийн гар ариутгагч мягмар гаригаас, амны хаалт баасан гариг хүртэл захиалгатай байгаа гэсэн юм. Ийнхүү вирусийн халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаагаа дэмжих, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах гэдгийг эмнэлгийн байгууллагаас зөвлөж байгаа энэ үед амны хаалт, гар ариутгагч, спиртийн хомсдол үүсээд байна. Нэг удаагийн маскийг ханиадтай хүн хоёр цаг, эрүүл хүн дөрвөн цагийн турш зүүх стандарттай. Гэтэл өдөрт 4-5 удаа маск сольж зүүх санхүүгийн боломж хийгээд бүх нийтээр иймэрхүү хөөрөгдсөн үнээр худалдаж авах боломж хомс байна.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин