sonin.mn
Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн хувьд анх 1921 онд тус эмнэлэг үүсгэн байгуулагдахад хамт тулгын чулуугаа тавьсан бөгөөд одоогоор зургаан тасаг, шуурхай дөрвөн бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ талаар Поликлиникийн дарга, клиникийн профессор, анагаах ухааны магистр, мэс заслын ахлах зэрэгтэй эмч, дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ “Цэргийн төв эмнэлгийн Поликлиник нь Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад дайчид, тэдгээрийн гэр бүл, харьяаллын үйлчлэх хүрээний болон харьяаллын бус иргэдэд амбулаторийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнх хувь нь Поликлиникээр дамжиж дараагийн тусламж үйлчилгээг авдаг онцлогтой. Нэн яаралтай үед шууд хэвтэн эмчлүүлэх хэсэгт хүргэгддэг. Энэ ч утгаараа Поликлиник нь тухайн эмнэлгийн нүүр царай болж, өндөр нэр хүнд, үүрэг хариуцлагыг дааж явдаг учраас эмч, сувилагч, үйлчлэгч нар маань ажил үүргээ гүйцэтгэхдээ үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг дээдлэн хэл яриа, үйл хөдлөлөө тун сайн цэгнэдэг. Дараагийн дугаарт, өвчнийг нь эрт илрүүлэн оношилж, эрсдэлээс сэргийлэхээс гадна хяналтад авсан өвчтөнүүдийн эмчилгээ хэдий хэр хугацаанд хийгдэхийг нарийн зохион байгуулна. Цэргийн төв эмнэлэгт хэрэглэгдэж байгаа эмчилгээ, оношилгооны багаж, тоног төхөөрөмж бүгд Поликлиникт данслагддаг. Шинжилгээний хариуг хөдөлшгүй үнэн байлгахын тулд Поликлиникийн дүрс оношилгооны тасгийнхан өндөр хариуцлага хүлээдэг.
 
Мөн лабораторийн тасаг нь олон улсын чанарын итгэмжлэл болох "ISO-15189"-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж дууссан. Түүнчлэн эмнэлгийн ажилчид болон харьяаллын үйлчлүүлэгч нартаа эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг тасралтгүй явуулахын зэрэгцээ улирлын өвчлөлөөс сэргийлж вакцинжуулалтыг зохион байгуулдаг. Ачаалал тун ихтэй. Энгийн үед өдөртөө 500-600 хүн хүлээж авдаг бол Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын болон энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалтад орох бүрэлдэхүүнд үзлэг явуулах үед энэ тоо 1000 хүрдэг” гэв.
 
 
Поликлиник нь мэс засал, дотор, эрүү нүүр, шүд, лаборатори, сэргээн засах, дүрс оношилгооны тасгуудтай. Эдгээр тасагт нийт 50 гаруй кабинет бий. Дотрын тасаг буюу арьс харшил, мэдрэл, сэтгэц, зүрх судас, өндөр настан, элэг цөс, уламжлалт, халдвар, сүрьеэ, хордлогын зэрэг кабинетаар үйлчлүүлж, үзлэгт орсон иргэдийн тоо жилд 10 гаруй мянгад хүрдэг. Мөн сэргээн засах тасгаар 146 мянга орчим хүн үйлчлүүлсэн гэсэн судалгаа ч байна. Бусад тасгийн хувьд ч ялгаагүй ачаалал ихтэй. Энд олон тоо дурдахаас илүүтэй Поликлиник нь эрүүл мэндийн даатгалын сантай хийсэн гэрээний дагуу оношилгооны гүйцэтгэл, амбулаторийн үзлэгийн гүйцэтгэл зэргийг хангалттай давуулан зорилго, зорилтоо бүрэн ханган ажилласан гэдэг үзүүлэлт уншигч танд нэгийг бодогдуулах биз.
Мөн тус хамт олон өнгөрсөн онд зарим кабинетыг шинээр бий болгох ажлыг эхлүүлсэн байна. Тухайлбал, сэтгэл заслын болон сэтгэл зүйчийн кабинеттай болох сууриа тавьжээ.
 
Энэхүү эрэлт хэрэгцээг дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ тодорхойлохдоо “Хилийн чанадад үүрэг гүйцэтгээд ирсэн зарим цэргийн алба хаагч стресст тодорхой хэмжээнд өртдөг. Тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, тусламж үйлчилгээ үзүүлэх нь нэн чухал гэж үзээд өнгөрсөн оноос үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Жишээлбэл, гэр бүлийнхнээсээ гирвэших ч юм уу, аль эсвэл хөндийрсөн ч гэмээр өвчтөнтэй манай эмч нар тулж ажилласан туршлагатай. Иймэрхүү тохиолдлууд байдаг юм билээ" гэв. Мөн ус, агаар мэт үгүйлэгдэж байсан тархины зөөврийн цахилгаан бичлэгийн аппараттай болсон баяраа ч хуваалцлаа. 
 
Тус аппаратын тусламжтайгаар өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна зарим шинжилгээг Цэргийн төв эмнэлэгтээ хийх боломж бүрдсэн аж. Түүнчлэн амьсгалын багтаамж үздэг аппаратыг энэ ондоо үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Ингэснээр сүрьеэ, архаг бронхит зэрэг олон өвчнийг эрт оношлон илрүүлэх сайн цагийг урин дуудсан гэлтэй. Баярын мэдээ энэ хүрээд зогссонгүй. Шүдний ёзоорыг тоймлон хэмждэг байсан бол одоо компьютерын тусламжтайгаар нарийн тогтоож ямар хэмжээний ломбо орохыг нь тооцоолж чадахаар болсноос гадна судасны зөөврийн болон сонсголын аппараттай ч болоод амжжээ. Үүнээс гадна өнгөрсөн онд тус Поликлиник цусны сорьц уншдаг аппаратаа шинэчилсэн. Нэг цагт 60 хүний цусны сорьцыг уншдаг байсан бол одоо 80-ыг уншиж чадахаар болж хүчин чадал нь нэмэгдсэн. Үүний үр дүнд цаг хэмнэхээс гадна ажлын бүтээмж дээшилж, үзлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдах иргэдийн идэвх ч тэр хэрээрээ сайжирна гэдгийг тус хамт олон онцолсон.
 
 
Дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ Цэргийн төв эмнэлэгт 14 дэх жилдээ ажиллаж байгаагаас сүүлийн гурван жил Поликлиникийн даргын албыг хашиж байна. Энэ хугацаанд БНХАУ, БНЭУ-д бүдүүн гэдэсний болон хэвлийн хөндийн мэс заслаар мэргэжил дээшлүүлж, гаднын орнуудад зохиогдсон хурал, зөвлөгөөнд тогтмол хамрагдан өөрийн мэдлэг, ур чадвараа ахиулан удирдах албан тушаалтан болоход өөрийгөө гологдохооргүйгээр бэлдсээр иржээ. Бас түүний удирдах арга барил нь даргалахдаа бус ажилчдынхаа оронд өөрийгөө тавьж үзэн тэдний найз бас сайн зөвлөгч нь байхыг хичээдэгт оршдог аж. Энэ занд нь бусад эмч, сувилагч хэдийнээ идээшсэн гэдэг нь үнэнээс хол зөрөхгүй болов уу.
 
Мөн тэрээр 2010 онд Зэвсэгт хүчний 339 дүгээр анги үүсэн байгуулагдахад суурийг нь тавилцаж эмнэлгийн албаны даргаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байсан тэр өдрийг дурсаад үргэлжлүүлэн Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын анхны бөгөөд сүүлийн цор ганц эргүүлийн ротод үүрэг гүйцэтгэсэн тухайгаа хуучиллаа.
 
Түүний хувьд уулын эргүүлийн ротод үүрэг гүйцэтгэхдээ өндөр, хад асга ихтэй газар нэгээс нөгөөд хөдөлгөөн үйлддэг учраас эрсдэлтэй санагдаж бага зэрэг айдас төрүүлсэн гэнэ. Хийсэн сонголтдоо эргэлзэх үе ч байжээ. “Гэхдээ энэ бүхнийг эргээд харахад олон аавын хөвгүүдтэй, дэлхийн шилдэг дайчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгээд ирнэ гэдэг бахархалтай, нэр төрийн хэрэг” гэж даруухан омогших дэд хурандаа Б.Болор-Эрдэнийн талаар товчхон өгүүлэхэд ийм.
2008 онд Цэргийн төв эмнэлэгт чих, хамар хоолойн эмчээр томилогдсоноос хойш Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн эмнэлгийн албаны даргаар ажиллаж, БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагаанд эмчээр үүрэг гүйцэтгэсэн гээд хос тангарагтан байхын онцлог, утга учрыг нь биеэрээ мэдэрч, ойлгосон ахмад Д.Батбаярын хувьд удам залгасан эмч. Нөгөөтэйгүүр гэр бүлээсээ ганцаараа цэргийн хүн. Түүний аав Ховд аймгийн Чандмань суманд насаараа Эрүүл мэндийн төвийн дарга хийсэн гавьяат эмч бол ээж нь ч мөн ялгаагүй эх баригч эмч байсан бөгөөд 4000 гаруй хүүхдийг эх барьжээ. Ахмад Д.Батбаяр хэлэхдээ “Нийгэм цаг үеэ дагаад залуусын сэтгэлгээ, манайд хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж, аппаратууд эрс шинэчлэгдсэн. Мөн сүүлийн гурав, дөрвөн жилийн дотор Поликлиникийн боловсон хүчний хувьд нэг үе солигдсон гэж хэлж болно. Залуу боловсон хүчин олноор, чанартай бэлтгэгдэж байгаа нь бидний ололт амжилтын нэг чухал хүчин зүйл. Ахмад үеийнхэн маань ч дөнгөж төгсөөд ирсэн залуусыг "өлгийдөж" аваад сурган дадлагажуулаад мэргэжилд нь дурлуулчихдаг” гэв.
 
 
Үнэхээр ч Поликлиникийн эмч, сувилагч, ажилчдын дийлэнх нь залуус. Тэдний төлөөлөл болох хошууч Г.Батмөнх Унгар улсад “НАТО”-ийн эмнэлгийн штабын офицерын сургалтад хамрагдсан бол сэргээн засах тасгийн зүүний эмч Т.Намгар БНХАУ-д мэргэжил, ур чадвараа дээшлүүлэн кинетик зүүний аргаар өвдөлт намдаах инновац нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.
“Анх Цэргийн төв эмнэлгийн үүдээр алхан орж байсан үеийг бодвол эмнэлгийн байрны өргөтгөл, тоног төхөөрөмж, боловсон хүчний шинэчлэлүүд хийгдсэн зэрэг олон зүйл өөрчлөгджээ, цаг үетэйгээ хөл нийлүүлэх гээд хэрэндээ л хичээж байна даа” гээд инээд алдах эмэгтэйг хошууч Д.Түмэнцэцэг гэдэг. 1997 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Шүүхийн шийдвэрийн байгууллага, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажилласнаас хойш 10 гаруй жилийг тус эмнэлэгт өнгөрүүлэхдээ гурван даргын нүүр үзжээ. Тэрээр “Дэд хурандаа Б.Болор-Эрдэнэ даргын хувьд залуу хүн, алсын бодолтой, төлөв түвшин, түшигтэй санагддаг” гээд залуусынхаа талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Ингэхдээ “Манай Поликлиникийн залуусын тодорхой хувь нь БНХАУ болон ОХУ-д академи төгссөн. Ийм ирээдүйтэй залууст мэдээж туршлага хэрэгтэй. Гэхдээ богино хугацаанд их туршлага хуримтлуулах нь лавтай. Тэд биднийг өнгөлж байна” хэмээсэн.
 
Цэргийн эмч гэх нэр хүндийг үүрч явахад түүнд хамгийн их үлгэр дуурайл үзүүлсэн хүн бол Дотрын клиникийн дарга асан, бэлтгэл хурандаа Г.Чулуунбаатар бөгөөд Д.Түмэнцэцэг энэхүү нийтлэлээр дамжуулан түүнд баярласнаа илэрхийлсэн юм.
 
Дэслэгч Н.Өлзийхутаг 100 жилийн түүхтэй Поликлиникийн нэг эд эс болохынхоо хувьд гэгээлэг сайхан мөрөөдөл тээж явдаг. Тэрээр 2014 онд ЭМШУИС-ийг хүний их эмчээр төгсөж, 2017 онд сэтгэцийн эмчээр мэргэжил дээшлүүлсэн ба 2017-2018 онд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад Цэргийн төв эмнэлэгт сэтгэцийн эмчээр томилогджээ. Дэслэгч Н.Өлзийхутаг Цэргийн төв эмнэлэгт ажиллаж хос тангарагтан болсноороо хүний эрүүл мэндийн болон эх орныхоо халдашгүй дархан байдлын манаанд гардаг цэргийн эмч нэг гартаа чагнуур, нөгөө гартаа буугаа бариад явах шиг бахархал үгүй гэдгийг маш сайн ойлгож мэдэрсэн аж.
Ийм л итгэл, зүтгэлтэй хамт олон Цэргийн төв эмнэлгийн нүүр царай нь болж, тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хамгийн ойрын бас эхний "аврагч" нар болдог билээ.
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин