sonin.mn
ТОКИО. /TASS/. Ёкохама хотын боомтод хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээрх ОХУ-ын иргэнээс коронавирус илэрчээ. Энэ тухай ОХУ-аас Япон улсад суугаа Элчин сайдын яам мэдэгдсэн байна.
 
 
 
“Японы эмч нар хөлөг онгоцонд байгаа хүмүүсээс “COVID-19” коронавирусний шинжилгээ авах үеэр ОХУ-ын иргэнээс энэ вирус илэрчээ. Түүнийг ойрын хугацаанд эмнэлэгт хүргэх бөгөөд тэнд эмчилгээ хийлгэне” хэмээн дипломат төлөөлөгчийн газар цохон тэмдэглэжээ. Энэ нь Оросын иргэд дунд коронавирусний халдвар илэрсэн анхны тохиолдол болж байна.
 
 
 
Аяллын хөлөг онгоцон дээрх өөр 99 хүнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 454 болсон тухай өмнө нь мэдээлсэн юм. Хөлөг онгоц Ёкохамагаас 1 дүгээр сарын 20-нд гарч, 2 дугаар сарын 3-нд эргэж ирсэн юм. Зорчигчид дунд шинэ төрлийн коронавирус илэрсэн Хятадын иргэн байжээ. Үүнтэй холбогдуулан, Японы эрх баригчид аяллын хөлөг онгоцыг хөл хорионд байлгах шийдвэр гаргасан бөгөөд хөл хорионд байх хугацаа 2 дугаар сарын 19 хүртэл үргэлжилж магадгүй байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг