sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д баасан гарагт шинэ төрлийн коронавирусний халдварын 100 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 204 болсон талаар тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.


Шинээр халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь зүүн өмнөд нутгийн Тэгү хотод сүмийн арга хэмжээнд оролцсон байжээ. Мягмар гарагт коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан 61 настай эмэгтэй БНСУ-д вирусний халдвар авсан 31 дэх өвчтөн болсон юм.


31 дэх өвчтөн энэ сарын 9, 16-нд Тэгү хотын сүмд мөргөл үйлдсэн бөгөөд өнөөдөр бүртгэгдсэн коронавирусний халдварын 100 тохиолдлын 85 нь дээр дурдсан сүмд очсон хүмүүс байгаа ажээ.


“Уг шашны байгууллага Хятад тэргүүтэй олон оронд салбартай бөгөөд сүмийн гишүүдийн дунд Хубэй мужид зорчсон хүмүүс байгаа эсэхийг мэргэжилтнүүд шалгаж байна” гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг