sonin.mn

 “Буян” компаниараа овоглосон бизнесмен Б.Жаргалсайхан нэгэн удаа “Манай Монголчууд уг нь жаахан залхуу хүмүүс болохоос биш одоо энэ дэлхий нийтээрээ бариад байгаа гар утаснуудад гоё гэр уут хийж зараад бизнес хийж болохоор доо. Монгол хөдөө аж ахуй, малын орон. Малынхаа арьс ширээр боловсруулсан жинхэнэ натураль, гоёмсог уут гэр хийгээд худалдвал брэнд болохоор.. гэж хэлж билээ.

 

Хэрэгжүүлж л чадахгүй байгаа болохоос биш энэ бол санаа. Мөрөөдлийн нөгөө тал нь түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх явдалд оршдог гэдэг шиг уг нь Монголчууд үүрэн телефоны дагалдах хэрэгслийн үйлдвэрлэл, худалдааг эх орондоо хөгжүүлэх боломж, нөхцөл, чадал чадамж нь бидэнд бий нь бий. Яг “Мерседес Бенц”-ын зарим тоноглолыг зэргэлдээх Австрид хийдэг шиг. Б.Жаргалсайхан дээрх санаагаа чухам энэ утгаар хэлсэн нь дамжиггүй.



....Социализмын үед манайд Унгар улсын “Икарус” гэдэг автобус явдаг байв. Одооны залуус сайн мэдэхгүй ч, тэдний ах ,эгч, аав ээж нар андахгүй. Манай нийтийн тээвэрт явж байсан тэр автобусуудыг социалзмын нэг гишүүн орон (бусдаасаа арай илүү хөгжилтэй) Унгарт хэдийгээр үйлдвэрлэдэг байсан ч автобусны шилийг Чехэд /тэр үеийн Чехословак улс шил, болор эдлэлээр сайн хөгжсөн/, дугуйг нь Ардчилсан Герман болон Польшид хийдэг, ингээд автобусны их биеийг социалист бусад оронд угсардаг байв.

 

Үүнийгээ СЭВ-ийн орнуудын интеграцлал гэдэг байв. (СЭВ гэдэг нь социалист орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Эдийн Засгийн харилцан туслах Зөвлөл гэсэн орос нэр юм). Тэр нь одоогийнхоор бол глобальчлал буюу даяаршил юм уу даа. Социалист нийгэм задран бутарснаар мэдээж “Социалист интеграцлал” үгүй болсон. Тэгээд чөлөөт зах зээлийн нийгмийг сонгосон манай улс дэлхий нийтийг даган даяаршилд нэгдсэн.

 

Гэхдээ тэр даяаршилдаа нэгдээд түүндээ хувь нэмэр болох нэг ч гэсэн өчүүхэн зүйл хийгээгүй явна. Түүнийг л Б.Жаргалсайхан хэлээд байгаа нь тэр. Ганц тэр ч биш, үүнийг олон хүн хэлж байгаа. Бүр дээр дооргүй ярьсаар ирсэн. Түүнийгээ их олон өнцөгөөр илэрхийлэн хэлж байгаа юм. “Өрсөлдөх чадвараа дээшлүүлье!", “Кластераа хөгжүүлье!" гэх мэтээр. Бүгд л нэг юмыг хэлээд байгаа юм л даа..

 

Тэр нь явж явж брэнд бүтээх гэсэн ганцхан зүйлд төвлөрөн ирж байгаа юм. Энэ өнцөгөөс хэлбэл, манайд брэнд болох зүйл байна уу? Үүнд та юу гэж хариулах вэ?
Эхнээс нь дурдая. Ноолуур Монголын брэнд мөн үү? Европ, Америкийн хүүхнүүд манай “Говь"- иин зөөлөн, дулаан ноолууран хувцасаар гангардаг жишгээр бол Монгол ноолуур брэнд ч юм шиг.

 

Гэтэл нарийн яривал бас биш юм аа. Учир нь Энэтхэг, Пакистан, Иран улсууд манайхаас илүү чанартай ноолуураар цамц, хөнжил хийгээд гадаадад гаргадаг.
Энд сүүлийн жилүүдэд Хятад улс нэмэгдэж “орсон”. Ингэснээр манай ноолуур дэлхийн зах зээлд нэг ёсондоо цохигдсон учир ноолуураа бас яг брэнд гэж хэлэхэд учир дутагдалтай болж ирж байна.

 

Тэгвэл Монгол мах, сүү мөн үү? Хэдийгээр манай махыг цэвэр байгалийн гаралтай, амт чанар сайтай гэдэг боловч шүлхийтэй гээд хөрш хоёр орны Хорио цээрийнх нь алба хүлээн авдаггүй шүү дээ. Тэгээд ч Австрали улс хонины тоо толгой, махаараа, өмнөд Солонгос, Япон үхрийн брэнд махаараа дэлхийг нэгэнтээ эзлээд авсан. Тэгвэл Монгол хивс мөн үү? Бас л биш.

 

Хивсээр хэзээний алдартай Пакистан, Афганстан зэрэг улс байтугай манайхтай хөгжил нэг нийгэмд хөрш байсан Тажик улс хүртэл хивсээрээ олон улсад гайхуулаад байна шүү дээ. Тэгэхээр яавч биш болж таарч байна. Тэгвэл аялал жуулчлал мөн үү? Одоогоор бол одтой тэнгэр, нүүдэлчин ахуйгаа гайхуулна уу Гэхээс биш бидэнд гадныханд Цонжин болдогийг хөшөөнөөс өөр үзүүлэх юмгүй улсыг яаж брэнд аялал жуулчлалтай орон гэх вэ дээ.

 

Тэгвэл чацаргана орно. Бас л биш. Гэхдээ сүүлийн жилд манай өрсөлдөх бүтээгдэхүүнд нэр нь дуулдаад байгаа. Уг нь Монголчууд савхин эдлэлээрээ олон улсад дуулдаж байсан. Ямар сайндаа нэг Монгол нөхөр хуучин зүүн Германд дэлгүүрт ороод нэг их гоё савхин хүрэм худалдан авлаа гэсэн чинь тэр нь Монгол савхи байсан байгаа юм. Боловсруулж чадвал манайд түүхий эд арьс шир нь хангалттай байгаа.

 

Даанч манайхан ингэж чадаагүй, социализмын үед Болгар, Югославчуудын барьж өгсөн арьс шир, нэхий эдлэлийн үйлдвэрүүд зах зээлийн эхэнд дампуураад дууссан. Аргагүй шүү дээ, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай Монгол Улс зорилтот зах зээлдээ зориулсан бус, хэрэгцээнээсээ илүү зардал ихтэй, том үйлдвэр барьчихсан юм чинь.

 

Гэхдээ л манай арьс шир, нэхий эдлэл, хивс, ноолууран бүтээгдэхүүнүүд тухайн үедээ Пловдив, Брно, Лейпциг, Токиогийн зэрэг олон улсын яармагуудаас медалиуд авч л байсан....


Эцэст бид уул уурхайн бүтээгдэхүүнээрээ брэнд болж болох нь гэтэл бас л биш юм аа. Манайх Оюутолгой, Эрдэнэтийн зэсээрээ дэлхийд гайхуулдаг ч гэсэн Монголчууд зэсээ өөрсдөө хайлуулах үйлдвэргүй сууж байгаа улс орныг ямар юмных нь өрсөлдөх. Тэгээд ч эрдэс баялаг гэдэг ашиглаад дуудсаг түүхий эд. Харин тэрний дэргэд манай арьс шир, ноос, ноолуур, хөөвөр, өлөн гэдэс зэрэг бол мал нь байгаа цагт ширгэдэггүй, улам л ундраад байдаг нөхөн сэргээгддэг өвөрмөц түүхий эд.

 

Гэхдээ одоогоор малын гаралтай түүхий эдээс ноолуур, хивсийг эс тооцвол нэмүү төртөг шингээн олон улсад өрсөлдөхүйц хийсэн эцсийн бүтэгдэхүүн алга байна. Ингээд нэхээд үзвэл манайд үнэхээр брэнд болчихоор зүйл байхгүй байгаа биз... Дээр дурдсан олон зүйлээс алийг нь ч дорвитой хөгжүүлж чадаагүй юм чинь яаж брэнд болох вэ дээ.

 


Харин манайд нутаг нутгийн брэнд бол байгаа. Жишээ нь, Архангай аймаг амттай сайхан цагаан идээ боловсруулдагаараа брэнд бол айраг гэхэд Дундговийнхон говийн чимчигнэсэн таанын айргаараа онцлог бол Булган аймаг Могод, Сайхны зөлөөний айргаараа Монголдоо алдартай ямар ч нутгийнхныг урдаа  гишгүүлдэггүй гэх мэт. За, тэгээд Завхан аймаг улаан сонгиноороо алдартай.

 

Гэх мэтээр нутаг нутгийн брэнд бий. Үндэсний хэмжээнд ч банкны цахим карт гаргаад байгаа бол олон улсын хэмжээнд гэхэд хамгийн сүүлийн жишээнд “Чингис” нэртэй бонд гаргаад буйг хэлж болно... Гэхдээ дэлхийд өрслдөх брэнд алга. Тэгээд яавал тэр “золиг”-ийн брэндийг хөгжүүлж болохыг хөөж үзье.
...Брэнд бараа, бүтээгдэхүүн гэдэг нь чанарыг хэлдэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Чанараас гадна хоёрдугаарт, зар сурталчилгаа байдаг аж.

 

Тэр нь тухайн бүтээгдэхүүний нэр хүндийн баталгааг илэрхийлэхүйц байх ёстой гэнэ. Нэг ёсондоо товчоор хэлэхэд хүнийг уруу татах тухайн барааны уриа юм. Энэ нь товч тодорхой, утга төгөлдөх байх учиртай аж. Тэгэж байж брэнд болно. Жишээлбэл, ‘‘Шинэ үе Пепси-ийг сонгож байна!” гэх мэтээр. Брэнд гэдэг нь:


-Чанар, /энэ нь төгс шийдэл, давтагдашгүй бүтэгдэхүүний илрэл байх бөгөөд түүнийг дагаж тухайн брэнд үнэлэгдэж, үнэ цэн нь бий болдог/

-Бусдаас ялгарах онцлог, / энд тухайн бүтээгдэхүүний өвөрмөц онцлог орж, түүнийг төлөөлсөн стратегийн бодлого оршино/. Өвөрмөц онцлогт түүхий эд, технологи, ноу хау, дахин давтагдашгүй хийц хүртэл хамаарч багтана.

-Дээрх брэндийн шалгуур үзүүлэлтүүд нь тууштай, тогтвортой байх ёстой, /энд тогтвортой менежмент шаардагдахыг хэлж байна/.

-Түүхий эд нийлүүлэгч, үйлдвэрлэгч, эрдэмтэн, мэргэжилтэн нарын хамтын бүтээл байх ёстой. /Брэндийг хэрэгжүүлэгч багийг хэлж байна/ юм.

Тэгвэл брэндийн нөгөө тал болох кластер гэж юуг хэлэх вэ? Үүнийг точвоор хэлбэл, тухайн салбарын үйлдвэрлэлийн төвлөрөл юм. Тодруулж хэлбэл, тодорхой нэг чиглэлээр нэг дор байршсан цогц үйлдвэрлэлийг хэлнэ. Энд түүхий эд нийлүүлэгчээс эхлээд хүлээн авагч, үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, худалдаалагч зэрэг харилцан нягт холбоотой үйл ажиллагаа бүхий цогц үйлдвэрлэл орно.

 

Харин энэ цогцын үйл ажиллагаа яаж явагддаг вэ гэвэл, эхлээд тухайн бүтэгдэхүүнийг үйлдвэрлэх, хийх эсэх талын суурь судалгаа хийгдэнэ. Дараагаар нь зах зээл, хэрэглэгч, нөгөө талаас нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн сонирхпыг нэгтгэж, тэдгээрийн хоорондын итгэлцлийг үүсгэн бий болгоно. Тэгээд хөтөлбөр гаргаж, ажил хэргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдана.

 

Ингэж байж тухайн бүтээгдэхүүний кластер бүрдэнэ. Гэхдээ энэ бол нэг л бүтээгдэхүүнийх шүү. Тэр нь гол нь дэлхийд өрсөлдөх хэмжээнд байна гэсэн үг. Тэгэхээр ганцхан бүтээгдэхүүн гаргаж авах гэж маш олон хүн, байгууллага ажиллаж, их цаг хугацаа шаардагдаж байгаа биз. Манайд энэ л дутагдаад байгаа. Брэндийн туршлага, түүхээс:

 

Энд олон зүйлийг хэлж болно. Жишээлбэл, Швед орныг бид Сканданивын хойгт оршдог, эзэн хаантай улс гэдгийг мэдэхээсээ илүү энэ бол “Volvo” машин, тавилга, өргөн хэрэглээний барааны алдарт сүлжээ “IKEA” дэлгүүр, “ABBA” хамтлагаар нь хүн бүр мэднэ шүү дээ. Тэгэхээр шведүүд “Volvo” машинаа дэлхийн хамгийн аюулгүй, баталгаатай машин болгож, улмаар түүнийг дэлхийн хүмүүс шууд мэддэг болж чадсанд брэндийн нэр хүнд оршиж байна.

 

Тухайлбал, Дани улсыг бид Европын хойгын жижиг жижиг арлууд дээр оршдогыг сайн мэдэхгүй ч энэ бол сүүний эх орон, “Тетрапак” технологийг нэвтрүүлсэн улс гэх мэтээр брэндийн жишээг дурдвал олон жишээ бий. Хамгийн наад захын жишээ гэхэд бид Хятадын гангар шаазан, будаатай аяга гэж олонтаа ярьж ирсэн. Тэр брэнд биш гэж үү.

 

Мөн бидний сайн мэдэх Чехийн “Олд”, “Пелзень” “Будвайзер” зэрэг шар айргийг Сингапур, Хонгконг, Япон гээд өндөр хөгжилтэй улсууд технологийг нь худалдан авч хийх гээд ер чадаагүй гэдэг. Үүний нууц нь Чехийн Тесла мөрний усанд оршиж байсан бөгөөд зүүн Азийнхан ямар Теслагийн усыг зөөлтөй нь биш. Брэнд бүтээгдэхүүний давтагдашгүй чанар чухам энд л оршиж байдаг аж.

 

Үүнийг жишээг Монголчууд бид ч мэднэ. Юу гэвэл манайд үйлдвэрлэж байгаа “Кока кола", “Пепси” Америкт уусан, үгүй ядах нь ээ хамгийн ойр хойд хөрш Орост байх “МакДональдс”-т амссанаас арай л өөр амттай гэж бид ярьдаг нь оргүй зүйл биш юм. Брэнд гэдэг чухам эндээс л эхэлдэг аж.

 

Б.Болд

Эх сурвалж: “Бизнес Таймс”