sonin.mn
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Мүн Хий Сан-д, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-д, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-д тус тус илгээж буй баярын захидлыг гардуулж, БНСУ-ын төр, засгийн удирдлагаас ирүүлсэн мэндчилгээг хүлээж авав. 
 
Манай хоёр улсын харилцаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарыг хамран жилээс жилд өргөжсөөр байна. БНСУ нь бүс нутаг дахь манай ойр дотны “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш, манай иргэд хамгийн олноор оршин сууж, ажиллаж, амьдардаг улс болсон.
 
2020 оныг хоёр улсын Засгийн газраас “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаад байна.