sonin.mn
ДАМАСК. /Anadolu/. Сирийн баруун хойд нутгийн Африн хотод Курдистаны Ажилчны намыг дэмжигч террорист бүлэглэлийн /PKK/ үйлдсэн террорист халдлагын улмаас 40 энгийн иргэн амиа алдлаа гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Африн хотын төвд тэсрэг бөмбөг суурилуулсан шатахуун тээвэрлэгч дэлбэрсний улмаас наад зах нь 47 хүн шархадсан гэж Батлан хамгаалах яам “Twitter” хуудсаараа дамжуулсан мэдэгдсэн байна.
Амиа алдсан хүмүүсийн дунд 11 хүүхэд байжээ. Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын олон байшин барилга сүйдсэн байна. Эмнэлгийн ажилтнууд шархадсан хүмүүсийг Африн хотын төвийн эмнэлгүүдэд яаралтай хүргэжээ.
Турк 2018 оны нэгдүгээр сард Африн хотыг Курдистаны Ажилчны намыг дэмжигч террорист бүлэглэлийн босогчдоос ангижруулах цэргийн томоохон ажиллагааг эхлүүлж, гуравдугаар сард тус хотыг чөлөөлжээ. Түүнчлэн Турк 2016 оноос хойш Сиритэй залгаа хилийн дагуу терроризмтэй тэмцэх гурван ажиллагааг амжилттай явуулсан байна.
Турк улсын эсрэг 30 гаруй жилийн турш террорист ажиллагаа явуулж байгаа Курдистаны ажилчны намыг дэмжигч террорист бүлэглэл нь Турк, АНУ, Европын Холбооны орнуудын террорист байгууллагын жагсаалтад бүртгэгдсэн юм. Уг бүлэглэлийн үйлдсэн террорист ажиллагааны улмаас 40 мянга гаруй хүн амиа алджээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг