ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров РБК сайтын асуултад хариулсан байна. Тэрбээр дэлхийг өөрчилж буй цар тахал, АНУ, Хятадын маргаан, визийн өөрчлөлт, Прага дахь Коневын хөшөөг буулгасантай холбоотой үүссэн санал зөрөлдөөний талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
 
-Цар тахал хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилж байна. Энэ хэрээр олон улсын гадаад бодлогод ямар өөрчлөлт гарч байна вэ?
 
-Дипломат харилцааг бүрэн сэргээхэд нэлээд хугацаа шаардлагатай. Бүх улс хязгаарлалтаа цуцалж, вакцинжуулалтын дүрмийг хэрэгжүүлэхийг хүмүүс хүлээж байна.
 
-Энэ хүнд үед ОХУ-тай холбоотой болзошгүй хязгаарлалтын талаар юу хэлэх вэ?
 
-Оросуудад ямар ч шалтгаангүйгээр нөхөрсөг арга хэмжээ авсан жишээ хангалттай бий. Манай барууны түншүүд ямар арга хэмжээ авахыг тааварлах аргагүй. Пропорциональ байдал, нийтлэг ойлголт давамгайлж, аливаа буруутгагдаж буй зүйл шүүх эсвэл олон улсын бүтцэд тодорхой баримтаар нотлогддог олон улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Өнөөг хүртэл өрнөдийнхөн биднийг үндэслэлгүй буруутгах хандлагатай байна. Бид нөхөрсөг бус шинэ алхмуудыг хүлээхгүй.
 
-Орос улсад шинэ коронавирусийн статистик тоо буурсан болон сэтгүүлчдэд хүлээлгэх хариуцлагын талаар "Financial times", "New York Times" сонинд гарсан нийтлэлийн талаар ямар бодолтой байна вэ?
 
-Сэтгүүлчид хариу үйлдэл үзүүлэхгүй тохиолдолд магадлан итгэмжлэлийг буцаана гэсэн саналыг би сонсож байгаагүй. Асуудлын мөн чанарын хувьд, "Роскомнадзор"-ын санаачилснаар энэ асуудлыг шийдвэрлэнэ. Би сэтгүүлчдийг шүүх хурлыг зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа ч тэд нийтлэлдээ хариуцлага хүлээх ёстой. Үнэн бодит мэдээллийг нийтэлж, найдвартай эх сурвалжаас эш татах нь хэвлэлийн ёс зүй юм.
 
 
 
Сэтгүүлчид сэтгүүлзүйн эрх зүйн хэм хэмжээг сахих нь зүйн хэрэг бөгөөд эдгээр стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй. Шинэ коронавирусийн статистикийн тухайд Оросын эрх баригчид үнэнийг нуугаагүй. Цар тахлыг ашиглан тодорхой улс орныг гүтгэх нь зохисгүй.
 
 
 
-Хилийн чинадаас иргэдээ татах ажиллагаа үргэлжилж байгаа юу?
 
-Гадаад улсад байгаа 250 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас 30 мянгыг нь ОХУ-д авчирсан. Ерөнхий сайд Мишустиний шийдвэр бидэнд ихээхэн тус дэм болсон. Засгийн газрын порталд бүртгүүлсэн жагсаалтуудыг үндэслэн гаргасан шалгуураас гадна манай Элчин сайдууд хүмүүнлэгийн жагсаалтад нэр нэмж оруулах эрхтэй. Энэ ажиллагаа цаашид ч үргэлжилнэ.
 
-Цар тахлын тархалтын улмаас АНУ, Хятад улсын зөрчилдөөн гүнзгийрлээ. Та энэ сэдвээр юу хэлэх вэ?
 
-Бид шударга ёс, зөв зарчмын талд байдаг. Шударга ёс гэдэг нь хэн нэгнийг буруутгаж, шүүхийн нэр биш. Аливаа хүчин чармайлтын үеэр "Хулгайчийг зогсоо" гэж хашгирах бус харин вакцин гаргаж авах ажилд нэгдэх ёстой. Дэлхийг хамарсан цар тахлын үед уралдаанд түрүүлэх гэж тэмүүлэх нь зохисгүй. АНУ вакциныг анхлан гаргаж авах гэж Францын "Sanofi" компанийг худалдаж авсан гэх нотолгоо бий. Энэ мэт геополитикийн ашиг хайсан бус хүн төрөлхтний төлөө гэсэн нийтлэг ойлголттой байвал цар тахлыг богино хугацаанд даван туулна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг үндэслэлгүйгээр буруутгалгүй, харин дэмжих хэрэгтэй. Шинэ коронавирусийн өвөрмөц шалтгааныг ойлгох шаардлагатай байна. Энэ нь байгалийн гаралтай гэдэгтэй бүгд санал нийлсэн. Ирээдүйд үүнтэй төстэй нөхцөл байдал дахин давтагдахаас зайлсхийхийн тулд улс орнууд эв нэгдэлтэй байх нь зүйн хэрэг.
 
-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын удирдагчдын онлайн уулзалтыг зохион байгуулахаар болсон. Манай улс ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Энэ бол Францын Ерөнхийлөгчийн санаачилга. Тэрбээр дэлхийн эв нэгдлийг хамгаалахын тулд энэ санаачлагыг гаргасан гэж тайлбарласан. Уулзалтын эцсийн баримт бичгийг урьдчилан бэлтгэсэн байх ёстой гэдэг дээр бид санал нэгдсэн. Харамсалтай нь, зарим гишүүн улс хоорондоо зөрчилдсөн хэвээр байна. Энэ санаачилгыг манай улсын хувьд дэмжиж байгаа. Ерөнхийлөгч В.Путин юуны түрүүнд стратегийн тогтвортой байдал, дэлхийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж үзсэн. Энэ сэдвийг таван улсын удирдагчдад хүргэхийг хүсэж байна. 
 
-Прага хотын төвд байсан Коневын хөшөөг буулгасны дараа санал зөрөлдөөн үүссэн. Түүнчлэн ЗХУ-ын түүхэн үүргийг харлуулах явдал гарах болсныг хэрхэн тайлбарлах вэ?
 
-Асуудлыг түүх биш улс төрөөр шийдэх сонирхолтнууд түүхийг дахин бичиж байна. Тэд Нюрнбергийн тунхаглалын өгүүлбэрүүд болон дайны үр дүнд байгуулсан гэрээ хэлэлцээрийг зөрчих хандлагыг санал болгодог. Чех улсын тухайд 1993 оны хэлэлцээрийг зөрчсөн. Энэ хөшөөг хотын захиргаа эзэмшиж байсан тул Чехийн эрх баригчид энэ талаар ямар ч холбоогүй гэж албан ёсоор тайлбарласан. Коневын хөшөөг арчлан хамгаалах үүргийг Чех улс хүлээж байв. Чехийн Батлан хамгаалах яамны бүртгэлд байсан тул би тус улсын тайлбарыг "хүүхдийн" гэж хэлмээр байна. Манай чех нөхөд үүргээ биелээгүй тул хөшөөг сэргээн засах ёстой.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин