НЬЮ-ЙОРК. /RIA Novsoti/. АНУ-ын Нью-Йорк хотын эрх баригчид тус хотод тогтоосон хөл хорих цагийг нэг хоног сунгах шийдвэр гаргалаа. Хөл хорих цаг оройн 20:00 цагт эхэлнэ гэж хотын даргын хэвлэлийн нарийн бичгийн дарга Фредди Гольдштейн мэдээлжээ.
Эмх замбараагүй байдал эхэлсний дараа Нью-Йоркт даваа гаргийн 23:00 цагаас эхлэн хөл хорьсон юм. Гэвч эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид хөл хорионы дэглэмийг дагаж мөрдөөгүй байна.
“Маргааш буюу зургадугаар сарын 2-ны мягмар гарагт Нью-Йоркт 20 цагаас эхлэн хөл хорино. Хөл хорих цаг лхагва гаргийн өглөөний 5 цагт дуусна” гэж Гольдшьтейн твиттер хуудсандаа мэдээлжээ. Жорж Флойд гэх африк гаралтай америк эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсаны дараа АНУ-ын хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал үүссэн юм.
Цагдаа нар Флойдын гарыг гавласныхаа дараа хүзүүн дээр нь өвдөглөж буй дүрс бичлэг интернэтэд тавигдсан байна. Флойд амьсгалж чадахгүй байгаагаа хэд хэдэн удаа хэлсэн боловч цагдаа нар тоогоогүй байна. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Эмх замбараагүй байдал дэгдсэний дараа дөрвөн цагдааг ажлаас нь халсан бол өвдөглөсөн цагдааг хүний аминд санамсаргүй хүрсэн хэрэгт буруутгажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0