Монголын бахархал юу вэ? хэмээн Монголчуудаас асуувал нэг хэсэг нь хөх тэнгэр, адуу мал сүрэг, хувьсгалчид, Галдан, Чойбалсан гэх мэтээр хариулж магадгүй. Социализмын үед монголын бахархал бол ардын хувьсгалт нам, Маркс, Ленин, Сталин, Чойбалсан, Цэдэнбал байлаа. Социализмын үед хамгийн муу хүн бол лам хүн, тайж язгууртан хүн, Бурханы шашин шүтдэг хүн байлаа. Ийм том эндүүрэл, хорт ухуулга 70 жилийн турш Монголд үргэлжилж ард түмний тархинд гүн суугджээ. Одоо болтол тэрхүү хар энерги бүрэн арилаагүй л байна.
Монгол улс ардчилсан эрх чөлөөт нийгэмд шилжин ороод 35 жил болж байна.Энэ үед монголын бахархал юү болоод байна вэ? Монгол хүн гадаадын хүнээс ялгарах зүйл юу байна вэ? Монголчуудын үнэт шүтээн болсон бахархал бол Эзэн Богд Чингис хаан, төгс гэгээрсэн Бурхан багш хоёр л юм.
Энэ хоёр бахархал бол үнэн хэрэгтээ ард түмний шүтээн юм. Ариун шүтээнээ доромжилж устгасан ард түмэн адаг сүүлдээ яаж доройтдогийг монголын түүх нэгэнтээ харуулсан. Сартваах Буддагийн оронд сахалт чөтгөрийг шүтээд юү боллоо. Монголын төр одоо болтол энэхүү хоёр шүтээнээ өмгөөлөн хамгаалж, хэн нэгэн этгээд шүтээнийг нь доромжилж гүтгэхийг хориглосон хууль тогтоол гаргаагүй нь харамсалтай. Орчин үеийн монголчууд одоо болтол энэхүү хоёр шүтээнээ сайн мэдэхгүй, сургууль цэцэрлэгт ч заадаггүй өдий хүрчээ. Сургуульд алгебр, физик, химийн баахан томьёо заадаг нь хэвээрээ байна. Одоо сургуулийн хөтөлбөрт англи хэлээ өргөжүүлж шинээр шатар оруулж заана гэж байна. Энэ яахав байж болно. Гэхдээ монгол хүүхдүүдэд бага наснаас нь Эзэн Богд Чингис хааны намтар, сургаал, Бурхан багшийн намтар, сургаалийг заах нь маш чухал юм. Учир нь монгол хүүхдүүд багаасаа Эзэн Богд Чингис хааны намтар сургаалийг мэддэг болвол эх оронч сайн хүн болох боломжтой юм. Бурхан багшийн аврал үнэний сургаалийг мэддэг болвол хүнлэг энэрэнгүй, ухаалаг хүн болох боломжтой юм. Бурханы сургаалийг мэддэг хүн уур, шунал, мунхаглал гэсэн гурван хорт нисваанисаас салж энэрэнгүй уужим сэтгэлтэй гэгээлэг хүн болдог юм. Монголын бахархал бол энэ хоёр агуу хүнээс эхэлдэг юм. Энэ хоёр агуу хүний сургаалийг дагасан цагтаа Монгол хүчирхэг агуу үндэстэн байсан.
Эзэн Богд Чингис хаан болон түүний залгамжлагч алтан ургийн их хаад дэлхийд Алтан орд улсыг байгуулж түүний үндсэн дээр Орос орон үүсч байлаа, монголын их Юань улсыг байгуулж түүний үндсэн дээр Хятад улс үүсч байлаа, Евро азийн олон төрт улсуудыг үндэслэж байлаа. Их Монгол улс яагаад задран доройтов?
Энэ хоёр шүтээнээ устгаснаас болж Монгол улс сүйрсэн, уруудсан, доройтсон, харийн улсад хамаг газар нутаг, хүн ардаа булаалгасан. Одоо болтол олигтой сэхээгүй л байна, амжилттай хөгжөөгүй л байна. монголчууд бид. Дэлхийд коммунизм устаад 35 жил болж байхад Монголд Бурханы шашин, лам хуврагаа муучилсан доромжилсон урлаг, уран зохиол, кино одоо болтол байсаар байгаа нь харамсалтай. Саяхан би зээ охиныхоо сургуулийн 10-р ангийн уран зохиолын сурах бичгийг одооны сургуульд юү заадаг юм бол гэж бодоод үзлээ. Гэтэл тэрхүү сурах бичигт Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” хэмээх тэртээх өнгөрсөн зууны гучаад оны улаан хувьсгалт монголын үеийн коммунист зохиол байж байх юм. Коммунизм одоо болтол бидний үр хүүхдийг хордуулсаар байх гэж үү. Би зээ охиндоо лам хүний сахил, энгийн хүний буян , нүгэл, Бурхан багшийн зарим сургаалиас бага зэрэг ярьж өглөө. Удалгүй би телевизээ асааж хартал монголын ТВ-ээр өнөөх “Ламбугайн нулимс” өгүүлэл бүр орчин үеийн томоохон дуурь болчихсон явж байх юм. Арай ч дээ. Хоёр мянган жилийн түүхтэй Бурханы шашин, лам нараа муулж гүтгэдэг нүгэлт ажиллагаа одоо болтол Монголд явагдаж байгаа нь юутай гутамшиг. Монголын Боловсролын яам одоо болтол сурагчиддаа Равжаа хутагтын бүтээл, Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу, Нэгэн үсгийн эрдэм,Тоть шувууны сургаал, Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх шаштир , Авах гээхийн дөрвөн мөрт шүлэг зэрэг монголын уламжлалт сонгодог шилдэг бүтээлийг хичээлийн сурах бичиг, хөтөлбөртөө батлаагүй юм болов уу. Хайран монгол соёл.
Үе үеийн монголын ерөнхийлөгчид монгол айл бүхэн гэртээ Морин хуур залах тухай, мөн албан байгууллага, айл өрх бүр хоймортоо Чингис хааны эш хөрөг залах тухай зарлиг гаргасан нь сайн хэрэг.
Гэхдээ би улсын ерөнхийлөгч зөвхөн ийм ажил хийгээд зогсохгүй, дараах ажлыг нэмж хийвэл зүйтэй юм болов уу гэж бодоод ажил хэрэгч саналуудыг Монгол улсын Ерөнхийлөгчид явуулж байлаа. 2022 онд Монгол улсын ерөнхийлөгчид Чингис хааны эш хөргийг дагалдуулан Чингис хааны дэлхийн хэмжээнд болон монголын хувьд байгуулсан гавьяа , сургаалийг товхимол болгон албан байгуулага, айл өрхд өгөх тухай саналыг тавьж , тэрхүү товхимолд хэвлүүлэх Чингис хааны гавьяа, сургаалийн тухай нийтлэлийг өөрөө бичиж илгээсэн юм. Мөн Эзэн Богд Чингис хааны хөрөг, нэр төр, намтар түүхийг гүтгэх, доромжлох, хараах, гуйвуулах явдал гадаад, дотоодын ном, хэвлэл, кинонд сүүлийн 100 жилийн турш тасралтгүй явж ирсэн тул энэ гүтгэлэг доромжлолыг зогсоож хориглох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гаргах тухай саналыг 2022 оны 9-р сард илгээсэн юм. Гэвч хариу огт ирээгүй, ямар ч ажил хэрэгжээгүй нь үнэхээр харамсалтай. Монголын төр Эзэн Богд Чингис хааныхаа үзэл санаа, сургаалийг орчин үетэй хослуулан хэрэгжүүлсэн бол хамгийн зөв төрийн бодлого болох байлаа. Эзэн Богд Чингис хааныхаа сургаалийг өсвөр залуу үедээ зааж сургасан бол хамгийн зөв бодлого болох байлаа.
Эзэн Богд Чингис хааныхөө хөргийг албан байгуулага, айл өрхийн хоймортоо залах нь зүйтэй ч гэсэн Эзэн Богд Чингис хааныхаа сургаалийг сэтгэлдээ залвал хамгийн зөв хэрэг болох юм биш үү.
Монголчууд Эзэн Богд Чингис хааны сургаалийг мартаж, монгол төрөөсөө хагацсан цаг үедээ хамаг газар нутаг, хүн ардаа харьд алдаж, буурай дорой үндэстэн болцгоосон гэдгээ сайтар санаж ойлгох хэрэгтэй. Учир иймд Эзэн Богд Чингис хааныхаа алтан сургаалийг монгол хүн бүр үеийг үед санаж, монгол төрөө дээдэлж явбаас зохилтой.
Эзэн Богд Чингис хааны зарим сургаалийг толилуулвал: Эзэн Богд Чингис хаан өгүүлрүүн: “Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож байгааг нь олж мэд. Юу бодож, юуг хүсэж буйг мэдэхгүйгээр тэднийг дагуулна гэж үгүй.” “Дэлхий дахин нэгэн гэр бүл болж төв түвшин, энх амгалан болбоос сая миний сэтгэл баясах хэрэг. Бидний эргэн тойрон ёс журамгүй,эзэрхэг харгис,шунахай хаад олон байна.Тэд эрх дураар аашлан ард иргэдээ зовоон үргэлж цэрэглэн байлдаж хүний үхэх элс хийсэхтэй адил болжээ. Иймээс бид тэднийг энх түвшин болгох бодолтой байна. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доод амьтанд өршөөл болно”. “Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яарагтун. Сэтгэлийг нь эзлэхтүн. Сэтгэлийг эзэлбээс бие нь хаашаа одох билээ.” “Эрдэмт ,өршөөлт сайн хаан улсын эрдэнэ, эрхэм ухаант мэргэн түшмэл төрийн эрдэнэ, эевэргүү сэтгэлт эм гэрийн эрдэнэ, элбэрэл тахимдуу хөвгүүн үүрдийн эрдэнэ”. “Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх”. “Саруул ухаанаас илүү сайн нөхөр хүнд байхгүй. ”Мунхаг хилэнгээс илүү муу дайсан хүнд байхгүй”.
Чингис хаан Уйгарын Идүүд хаанд охиноо хатан болгож өгөхдөө хэлсэн сургаал: ”Хатан хүнд гурван эр буй.Анхны эр нь алтан төр.Удаах эр нь ариун нэр.Дараах эр нь авсан эр болой.Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр буй болно.Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл одно”. “Цэргийн хүнд байлдах цагт гурван эх буй.Анхны эх нь гартаа барьсан зэвсэг.Удаах эх нь унасан хөлөг морь. Гуравдах эх нь оршсон газар. Энэ гурван эхээсээ салаагүй цагт цэрэг хүн амьд байж чадмой”.
Чингис хаан архины талаар өгүүлрүүн: “Архи дарс уудаг хүн согтохдоо юу ч харж чадахгүй нүдэн балай болмой. Дуудахад дуулахгүй чихэн дүлий болмой.Хэлэхэд хариулахгүй хэл нь хөшүүн болмой. Хүн согтохдоо амьд байвч үхсэн мэт болъюу. Цэх сууж ч чадахгүй, толгойгоо сүхдүүлсэн мэт ухаан мэдрэлгүй, үлгэн салган болъюу. Хүмүүний оюун санаа,эрдэм мэдлэг,сайн чанар сайхан аальд ч архины тус гэж огт үгүй, харин согтуу хүн зодоон хийж, хүн алж, хүрээ талж, олсон зөөснөө үгүйрүүлж, сурсан мэдсэнээ мартдаг болмой. Хүн нэгийг гээж байхад тэр хоёрыг хаядаг бус уу.
Архинд орсон хаан ямар ч үйл бүтээж мэргэн айлдал хийж чадахгүй, Архинд шунаг ноён мянгат, зуут, аравтаа засаж чадахгүй, эхэлсэн ажлаа дуусгаж үл чадмой. Архинд орсон харц ард малаа барж эд хөрөнгөө үгүйрүүлж гуйлгачин болмой.
Согтуу хүн гараар юм өргөе гэхэд даахгүй, урлан бүтээе гэхэд чадваргүй болон сульдаж хөлөөр явъя гэхэд хөл нь зөөгдөхгүй, хөдлөе гэхэд бие нь даагдахгүй сульдаж, оюунаар сэтгэе гэхэд сэтгэхгүй болон балайртаж сэрдэг мэдэрдэг бүх эрхтнийг сандаадаг буюу. Архи огт уухгүй байваас түүнээс сайн юм гэж хаа байхав.Тийм хүн олдвоос хүндлэн дээдлүүштэй” гэжээ. Бурхан багшийн сургаалийг монголчууд хоёр мянганы тэртээгээс дээдэлж ирсэн. Гэвч монголчууд хорьдугаар зуунд харийн улаантнуудын дарангуйлал дор орж Бурханы шашнаа устгаж буруу номтон бурангуй харгис хүмүүс болцгоосон. Одоо болтол тэрхүү хар энерги арилж алга болоогүй л байна. Бурханы сургаал бол үнэний сургаал юм, аврал гэгээрэлийн сургаал юм. Бурханы зарим сургаалийг дурдвал, Бурхан багш хоёр мянганы тэртээ хүн төрөлхтөний түүхэнд анх удаа эртний Энэтхэг орноо хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх болон хамаг амьтныг их амгалан жаргалд хүргэх мөр болсон “Гэгээрэхүйн хутагт зорчих бодь мөр”-ийн эрхэм зарлигаа айлдсан бөлгөө. Будда “Та бүхэн алтыг галд хайлуулж үздэг шиг миний сургаалд дүн шинжилгээ хийж үнэн худлыг нь шалгаарай” гэсэн гэдэг. Будда өөрийн нээж олсон рашаан мэт ариун сургаалиа ”Гадаад дөрвөн далай шорвог амттай, Миний сургаал авралын амттай” хэмээн айлдсан байдаг.
Будда хоёр мянганы тэртээ: ”Төмрийн зэвийг сайтар арилгавал түүгээр хийсэн эдлэл эрхэм сайхан болно. Түүнчлэн хүн хэрэв бодь хутгийг хүсвэл зүрх сэтгэлээ шуналын хир, үйлийн буртгаас цэвэрлэх хэрэгтэй. Хүмүүс муу төрлөөс хэлтрэвч хүний төрлийг олох нь ховор завшаан. Хүний төрлийг оловч зургаан мэдрэхүй бүрдэх нь ховор завшаан. Зургаан мэрэхгүй бүрдэвч Буддагийн цаг үед мэндлэх нь ховор завшаан. Буддагийн цаг үед мэндлэвч гэгээрсэн багштай учрах нь ховор завшаан. Гэгээрсэн багштай учравч зүрхний угаас итгэх нь ховор завшаан. Зүрхний угаас итгэвч билиг ухаан сэрэх нь ховор завшаан. Билиг ухаан сэрэвч сахил дадлаас хэтийдэх нь ховор завшаан. Та бүхэн надаас түмэн бээр хол оршивч миний сургаалийг бясалгаваас гэгээн хутгийг олох нь гарцаагүй. Миний хажууд байсан ч сургаал зарчмыг минь огоорсон хүн хэзээ ч гэгээрэхгүй” хэмээн айлджээ.Тэхлээр Буддагийн сургаалийг эзэмшиж байж л гэгээрнэ, тэрнээс биш духаа цоортол мөргөж мухраар сүсэглээд юү ч болохгүй.
Бурхан багшийн сургаал бол ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгаан, мөн чанар, логик, сэтгэл судлалын ухаан бөгөөд сэтгэлд бугшсан нисваанисийг хэрхэн дарж боди сэтгэлийг олж хоосон чанарыг онож гэгээрэлд хүрэх тухай сургаал юм.
Бурханы сургаалд гэгээрлийн арван шат, дөрвөн үнэн, найман мөр, шүтэн барилдлага, боди стгэлийг олох, ложон, хоосон чанар гэсэн гайхамшигт сургаалийг заасан байдаг.Бурханы сургаал юунаас авардаг юм бэ? ямар ач тустай юм бэ? Бурханы сургаал хүнийг харанхуй мунхагаас авардаг, нисваанисаас авардаг,сансарын зовлонгоос авардаг, оюуны төөрөгдлөөс авардаг. Хүн төрөхөөсөө эхлэн үхэн үхтлээ сансрын зовлон дунд нисваанист хүлээстэй байдаг. Бурханы сургаал тэрхүү нисваанисийн хүлээсийг тас татаж гэгээрлийн эрх чөлөөнд хүргэдэг. Бурхан багшийн дөрвөн үнэн, найман мөр, арван хоёр шүтэн барилдахуй, найман сахилын тухай сургаалийг хүн бүр заавал мэдэх хэрэгтэй. Бурхан багшийн сургаалийн “Дөрвөн үнэн” гэдэг нь “Зовлон үнэн, Зовлонгийн шалтгаан үнэн, Зовлонг хорихуй үнэн, Сэтгэлийн зам мөрийн үнэн” хэмээн айлдсан байдаг.
Товчоор хэлвэл
1.Зовлон байдаг.
2.Зовлон шалтгаантай байдаг. Тэр нь шунал.
3.Шунал үгүй бол зовлон үгүй.
4.Зовлонг устгах арга зам буй.
Дөрвөн үнэнийг өвчин хийгээд өвчинөөс салсан амгалантай зүйрлэж айлдсан буй. Энэ нь зовлонгийн үнэн болох зовлонт бие цогцосыг өвчин мэт, зовлонгийн уг болсон үйл ба нисваанисыг өвчний эх үүсвэр мэт, зовлонгоос гэтэлсэн гэгээрэл нь өвчингүй амгалан мэт бөгөөд гэгээрэлд хүрэх арга бясалгал нь өвчний ерөндөгт сайн эмийг шүтдэгтэй адил хэмээн зүйрлэсэн болой. Зовлонгоос гарах зам мөр нь Хутагтын найман гишүүнт зам мөр юм. Энэ зам мөр нь гурван хэсэгт хуваагддаг. Шилла буюу зөв амьдрал, Самади буюу сэтгэлийн хяналт, Пакка буюу сэтгэлийг бүрэн цэвэрлэн ариусгах билгүүн ухааныг үүсгэх тухайтад байдаг.
Хутагтын 8 гишүүнт зам мөр: Билгүүн ухаан буюу
1.Зөв үзэл,
2.Зөв бодол.
Ариун явдал буюу
1.Зөв яриа,
2.Зөв үйл,
3.Зөв амьжиргаа.
Сэтгэлийн тэгш амгалан буюу 1.Зөв зүтгэл, 2.Зөв дуртгал, 3.Зөв төвлөрөл юм.
Бурханы сургаал хүнийг гэгээрүүлдэг юм. Гэгээрэлд хүрэх эрдмийн үндэс нь Боди сэтгэл юм. Боди сэтгэлийн үндэс нь үлэмж их энэрэнгүй сэтгэл аж. Боди сэтгэл тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн дөрвөн сэтгэл дээр тулгуурладаг. Лам багш нар айлдахдаа:”Бодисадва нараас Бурхан гарна, Бодь сэтгэл их нигүүлсэнгүйгээс үүднэ, харин Их нигүүлсэнгүй сэтгэл амьтны зовлон оршин буйд дулдуйдаж төрнө. Зовлон үгүй бол хэрхэн их нигүүлсэнгүй сэтгэл төрөх буй. Их Хөлгөний нигүүлсэнгүй сэтгэл зовлонт амьтны ачаар төрнө. Их нигүүлсэнгүй сэтгэл там, бирд, адгуусан, хүн, асур, тэнгэр төрөлхтөн нэг тус бүрийн зовлонг таниснаар төрдөг болмой” хэмээсэн байдаг. Тэхлээр зовлонг таниснаар боди сэтгэл төрдөг, мунхаглалыг таниснаар гэгээрэл төрдөг ажээ. Дөрвөн хүчийг ашиглаж муу үйлийн үрийг тасалдаг.
Дөрвөн хүч гэдэг нь:
1.Нүгэлт муу үйлийг гэмших хүч,
2.Дахин үйлдэхгүй гэсэн шийдвэрийн хүч,
3.Гурван эрдэнэд аврал одуулж засах хүч,
4.Хамаг амьтны тусын тулд Бурхны хутгийг олох хүсэл, Авралыг одуулж, Боди сэтгэлийг төрүүлэх суурь хүч юм.
Будда хоосон чанар буюу шуньятын тухай сургаалиа дээд оюунт махаяна лам нарт номлосон. Бурхан багшийн нээсэн төв үзлийн үүднээс авч үзэхэд аливаа юмс үзэгдэл зөвхөн нэр томьёолол буюу нэрийтгэлийн төдийд байдаг бөгөөд өөрийн мөн чанараар буюу бусдад харгалзахгүйгээр бүтсэн зүйл тоосны төдий ч үгүй болой хэмээн нотолдог юм. Бурхан багшийн сургаал хүнийг төрөх цагаас нь эхлээд таалал төгсөх хүртэл, таалал төгсөж сүнс нь завсрын бардод байх үеэс дараа төрөл авах хүртэлхи гэгээрлийн замыг тань заачихсан. Түвдийн “Бардо тойдол”, “Сонсгоод тонилогч” судар нь хүн үхэх мөч болон үхсэнээс хойшхи завсрын 49 хоногийн дотор хэрхэн төрөл авдаг, хэрхэн төрөл авах болон умайд орохыг хэрхэн хаах, хэрхэн гэрлэн биеийг олж рид хувилгаан хүчээр Бурханы оронд мэндлэх тухай бичсэн байдаг. Ийнхүү эгэл хүмүүс эрдэмт Лам багшийн ач тус, авшиг ерөөл, өөрсдийн хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, сахил санваар, эр зориг, энэрэл нигүүлсэл, баатарлаг боди сэтгэл, билиг оюун, Бурханы ном, бясалгал, буяны хүчээр гэгээрэлд хүрч сансрын зовлонгоос гэтэлж аврагддаг ажээ.
Монголчууд ард түмнээрээ Бурханы шашин шүтдэг байсан үедээ, Монгол орон Номт таван орны нэг байсан үедээ нэг ч хулгай, хүн амины хэрэг гардаггүй амар амгалан орон байжээ. Учир нь монголын хүн бүр арван хар нүглийг цээрлэж, арван цагаан буяныг үйлддэг байжээ.
Би таван жилийн өмнө монголчууддаа зориулж Эзэн Богд Чингис хаан, төгс гэгээрсэн Бурхан багшийн сургаалийн тухай “Алтан сургаал “ хэмээх жижигхэн судар бичсэн юм. Даанч энэхүү судрыг хэвлүүлэхэд ивээн тэтгэх иргэн, компани олдохгүй өдий хүрчээ. Орчин үеийн Монгол орон шинжлэх ухаан, технологи хөгжсөн, Бурханы шашин дэлгэрсэн, амар амгалан, баян чинээлэг орон болох эсэх нь монгол хүний эрдэм боловсрол, эх оронч сэтгэл, хичээл зүтгэлээс шалтгаалах юм. Бидний үр хүүхдүүд ийм оронд аж төрвөл монгол хүний мөрөөдөл биеллээ гэсэн үг. Монголчууд үнэт шүтээн - бахархалаа дээдлэн хөгжин бадрах болтугай.
Доржийн СҮХБААТАР
2026.06.12
Баасан - 06 сарын 12,
2026
Сэтгэгдэл1
Чингэсийн 3 р хүү Өгөөдэй хаан хаанчлалынхаа сүүлийн жилүүдэд архинд орчихсон гэсэн ! тэгээд архины хордлогоор үхсэн юм билээ ! Бор дарсаа багасга гэж гуйгаад нэмэр болоогүй гэсэн ! Өгөөдэй цагаасаа эрт өмнө өнгарсөний улмаас Зүүн Ёвропод хийж байсан Бат хааны аян дайн зогсож буцсан юм ! Өгөөдэй үхээгүй бол Бат хаан Атлантийн далайн эрэг болон Ла Маншийн хоолой хүрэх байлаа ! Гайтай архинаас болсон шүү ! аавынхаа сургаалийг аваагүйн гай !