sonin.mn
Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Агуу их Ялалтын 75 жил: түүх хийгээд ирээдүйн өмнө хүлээх нийтлэг хариуцлага” гэсэн өгүүлэл бичиж, америкийн нэрд гарсан “National Interest” сэтгүүлд нийтлүүлсэн юм. Дэлхий дахиныг шуугиулж байгаа энэ өгүүллийг монголчууд ч гэсэн унших ёстой гэж үзээд чадан ядан орчуулав. Энэ өгүүллээс Дэлхийн II дайны тухай түүхэн философийн дүгнэлт, өнөөгийн дэлхий нийтэд тулгамдсан нийтлэг асуудлуудыг ойлгоно гэж бодож байна. Мөн энэ орчуулгыг Агуу Их ялалтын 75 жилийн ойд зориулж байна. Бас орчуулга нь маань хараалт дайн эхэлсэн өдөртэй таарч байгаа учраас амь үрэгдсэн бүх хүний дурсгалыг хүндэтгэж байна…    
 
Агуу Их Эх орны дайн дууссанаас хойш 75 жил өнгөрчээ. Энэ жилүүдэд хүмүүсийн хэд хэдэн үе өсөн бойжив. Манай гаригийн улс төрийн газрын зураг ч өөрчлөгджээ. Хүн төрөлхтнийг аварч, нацизмд агуу их, сүйрлийн цохилт өгч ялсан Зөвлөлт Холбоот Улс алга. Тэрхүү дайны үйл явдлууд, түүнд оролцогчид ч гэсэн алсран холджээ. Гэхдээ яагаад Орост 5 дугаар сарын 9-нийг хамгийн гол баяр гэж тэмдэглэдэг, яагаад 6 дугаар сарын 22-нд амьдрал зогсох мэт болж, хоолой зангирдаг вэ ?        
 
Дайн гэр бүл бүрийн түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн гэж ярьж заншсан. Энэ үгсийн цаана сая сая хүмүүсийн хувь заяа, тэдний зовлон шаналал, харуусал эмгэнэл байгаа. Бас баяр бахархал, үнэн зөв, ой дурдатгал байгаа.    
Дайн миний эцэг эхийн хувьд бүслэлтийн Ленинградын аймшигт зовлон зүдгүүр байсан бөгөөд тэд маань хоёр настай миний ах Витягаа алдаж, ээж маань сохор азаар л амьд үлдсэн юм. Эцэг маань чөлөөлөгдөх бичигтэй байсан ч төрөлх хотоо хамгаалахаар сайн дураараа цэргийн албанд морджээ. Зөвлөлтийн сая сая иргэн бас л ингэдэг байсан. Тэрээр “Невскийн зоос” гэж нэрлэгдэх өчүүхэн түшиц газар байлдаж, хүнд шархадсан. Эдгээр жилүүд алсран одох тутам эцэг эхтэйгээ хууч хөөрч, тэдний дайны үеийн амьдралыг илүү тодорхой мэдэх хэрэгцээ улам их болж байна. Гэхдээ одоо тэднээсээ асуух боломжгүй ч энэ сэдвээр эцэг эх хоёртойгоо ярьсан яриа, тэдний бүдэг бараг сэтгэл хөдлөлийг би сэтгэл зүрхэндээ хадгалж явдаг юм даа.
Бидний үр хүүхэд, ач гуч нар өвөг дээдэс маань ямар их зовлон бэрхшээл туулж ирснийг ойлгодог байх нь миний болон манай үе тэнгийинхэнд нэн чухал. Яаж, яагаад бид тэсэн үлдэж, ялан гарч чадсан юм бэ ? Тэдний бүх дэлхийг алмайруулан гайхашруулсан төмөр мэт сэтгэлийн чин зориг хаанаас гардаг юм бэ ? Тийм ээ, тэд гэр орон, үр хүүхэд, гэр бүлээ хамгаалсан. Гэхдээ тэднийг бүгдийг нь Эх орон, Эх нутгаа гэх хайр нэгтгэж байсан. Энэ бол манай ард түмний өөрийнх нь мөн чанарт бүрэн хэмжээгээр тусч байдаг, асар гүнд байдаг, хувийн мэдрэмж байсан бөгөөд тэдний нацизмын эсрэг баатарлаг, амь хайргүй тэмцлийг тодорхойлох гол зүйл болсон юм.    
Өнөө үеийнхэн хямралт хүнд нөхцөл байдалд яаж хандах бол ? гэсэн асуулт байнга тавьдаг. Өнөөдөр миний нүдний өмнө залуу эмч нар, дөнгөж өчигдөр оюутан байсан сувилагч охидууд хүмүүсийг аврахаар “улаан бүс” рүү сайн дураараа орж байна. Манай цэргийн албан хаагчид Умард Кавказ, Сирид олон улсын терроризмтай тэмцэхдээ үхлийг сөрөн зогсож байна, эд чинь цэл залуухан хөвгүүд шүү дээ !        
Домогт, үхэшгүй мөнхийн десантын зургадугаар ротын олонхи дайчид ердөө л 19-20 настай байсан. Тэд бүгдээрээ Агуу Их Эх орны дайнд эх орноо хамгаалсан манай дайчдын гавъяанд дүйцэхүйц гэдгээ батлан харуулсан юм.    
Ийм учраас хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэв нөхцөл байдал шаардвал амь биеэ үл хайрлах Оросын ард түмний зан чанарт итгэлтэй байна. Амь бие хайргүй зүтгэх, эх оронч үзэл, төрөлх орон гэр, өөрийн гэр бүл, Эх орноо хайрлах үзэл өнөөдөр оросын нийгмийн суурь, тулгуур үнэт зүйлс болсон. Үүнийг томоор авч үзвэл эдгээр үнэт зүйлс дээр манай орны тусгаар тогтнол тогтож байдаг.        
 
 
 
Эдүгээ манайд ард түмний төрүүлсэн “Үхэшгүй хороо” гэх шинэ уламжлал бий болжээ. Энэ бол бидний гэгээн дурдатгал, манай үе хоорондын цусан бөгөөд амьд харилцаа холбооны марш юм. Манай сая сая хүмүүс Эх орноо эрслэн хамгаалж, нацизмыг бут ниргэсэн төрөл садныхаа зургийг барьж жагсдаг болсон. Энэ бол тэдний амьдрал, туулсан зовлон, хохирол золиос, тэдний бидэнд дамжуулж өгсөн, хэзээ ч мартаж болохгүй Ялалт гэсэн хэрэг.     
 
 
 
Өнгөрсөн хийгээд ирээдүйн өмнө бидний хүлээх хариуцлага бол аймшигт эмгэнэлийг дахин гаргахгүйн тулд бүхнийг хийх явдал болно. Ийм учраас Дэлхийн хоёрдугаар дайн, Эх орны Агуу Их Дайны тухай өгүүлэл бичихийг өөрийн үүрэг гэж үзэж байна.
Энэ санаагаа дэлхийн удирдагч нартай уулзаж ярихдаа нэг бус удаа хэлэлцэж байсан бөгөөд тэд ч ойлгон хүлээж авсан. Өнгөрсөн жилийн сүүлээр Хамтын Нөхөрлөлийн орнуудын удирдагчдын уулзалт дээр бид нар нацизмыг юуны өмнө зөвлөлтийн бүх ард түмэн ялсан, энэхүү баатарлаг тэмцэлд фронт дээр ч, ард талд ч Зөвлөлт Холбоот Улсын бүх улсын төлөөлөгчид мөр мөрөө түшилцэн зогсож байсан тухай ой санамжийг хойч үедээ дамжуулан үлдээх нь чухал гэдэг ганц зүйл дээр санал нэгдсэн юм. Тэр үед ч гэсэн бид дайны өмнөх нарийн түвэгтэй үеийн тухай ярьж байлаа.                  
Энэ яриа Европ болон дэлхий дахинд ихээхэн доргио үүсгэсэн. Ингэхлээр өнгөрснөөс сургамж авах нь үнэхээр зайлшгүй бөгөөд тулгамдсан асуудал болжээ.   
Үүний хамт маш их догдлол, муухан нуусан гаж бодол, шуугиант зэмлэл ч гарах болов. Нэлээд хэдэн улс төрч зуршил ёсоороо Оросууд түүхийг дахин бичих гэж оролдож байна гэж яаран мэдэгдэв. Чингэлээ ч гэсэн тэд нэг ч баримт няцаагаагүй, нэг ч үндэслэл гаргаж чадаагүй. Мэдээж хэрэг, жинхэнэ баримт бичгүүдийг эсэргүүцэх боломжгүй, тэгээд ч тэдгээр баримт оросын төдийгүй, гадаадын архивуудад байдаг шүү дээ.      
Ийм учраас дэлхийн дайнд хүргэсэн шалтгаанд хийх анализыг үргэлжлүүлэх, нарийн түвэгтэй үйл явдал, эмгэнэл хийгээд ялалтын талаар эрэгцүүлэн бодох, манай орон хийгээд бүх дэлхийд үзүүлсэн сургамжийг шинжлэх хэрэгцээ их байна. Харин энд давтаад хэлэхэд зөвхөн архивын материал, орчин үеийнхний гэрч баримтад тулгуурлахын хамт дурын үзэл суртлын болон улс төржсөн хийсвэрлэлийг хаах нь зарчмын хувьд нэн чухал.           
 
Илтэд зүйлийг ахин сануулъя: Хоёрдугаар дайны гүний шалтгаан нь Нэгдүгээр дайны үр дүнгээр гаргасан шийдвэрээс олон талаар урган гардаг. Германы хувьд Версалийн гэрээ үнэхээр шударга бусын бэлэг тэмдэг болсон билээ. Үнэн хэрэг дээрээ Германы эдийн засгийг туйлдуулсан асар их дайны төлбөр Барууны орнуудад төлөхийг албадан, улс орныг нь дээрэмдсэн явдал болсон. Холбоотны цэргийн ерөнхий командлагч, францын маршал Ф.Фош Версалийн гэрээг “энэ бол энх тайван биш харин хорин жилийн эвлэрэл” гэж ёрлон тодорхойлсон байдаг.      
 
Чухам энэхүү үндэстний доромжлол Герман дахь даврагч болон хонзогногч сэтгэл зүйг тэжээн тэтгэх орчныг бүрдүүлжээ. Нацистууд энэхүү сэтгэл зүй дээр ухаалаг тоглож, Германыг “Версалийн өв”-өөс ангижруулж, Германы хуучин сүр хүчийг сэргээнэ гэж амласан суртал нэвтрүүлэг бий болгож, мөн чанартаа немцийн ард түмнийг шинэ дайн руу түлхсэн юм. Хачирхалтай хэдий ч ийм зүйл рүү барууны улсууд, юуны өмнө Их Британи, АНУ хоёр шууд болон дам байдлаар дэм үзүүлсэн. Тэдний санхүүгийн болон аж үйлдвэрийн хүрээнийхэн цэргийн зориулалт бүхий бүтээгдэхүүн гаргадаг немцийн фабрик, заводуудад нэн идэвхийлэн хөрөнгө оруулав. Барууны язгууртнууд болон улс төрийн эрх баригчдын дунд Герман, Европт хүчээ авч байсан даврагч үзэлтнүүд, хэт барууныхан, үндэсний хөдөлгөөний талынхан цөөнгүй байсан. Версалийн “энхийн байгууламж” олон тооны далд зөрчил, илт сөргөлдөөнийг төрүүлжээ. Түүний үндэс нь Дэлхийн Нэгдүгээр дайнд ялагчдын санаан зоргоороо бүрдүүлсэн европын орнуудын хил байлаа. Энэ хил газрын зураг дээр бий болсны дараа нь шууд л газар нутгийн маргаан, харилцан тулгалт эхэлсэн бөгөөд энэ нь удаан үйчилгээтэй мина болон хувирчээ.                       
Дэлхийн Нэгдүгээр дайны чухал үр дүнгийн нэг нь Үндэстний Лига (холбоо) байгуулсан явдал болно. Олон улсын энэ байгууллагад удаан хугацааны энх тайван тогтооно, хамтын аюулгүй байдлыг хангана гэж ихээхэн итгэл найдвар тавьж байлаа. Энэ бол дэвшилтэт үзэл санаа байсан агаад түүнийг тууштай хэрэгжүүлбэл даяар дайны аймшиг давтагдахаас хэтрүүлэлгүй хэлэхэд урьдчилан сэргийлж чадах байсан юм.       
Гэтэл Их Британи, Франц зэрэг ялагч гүрнүүд зонхилсон Үндэстний Лиги үр ашиггүй гэдгээ харуулж, зүгээр л хоосон ярианд живчихжээ. Үндэстний Лиги бүх эхнээсээ Европ тивд хамтын аюулгүй байдлын тэгш эрхт систем бүрдүүлье гэсэн Зөвлөлт Холбоот Улсын нэг бус удаагийн уриалгыг нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөв. Тухайлбал, түрэмгийлэлд хаалт болж чадах байсан дорнод европын болон номхон далайн гэрээний санаачлагыг дурдаж болно. Энэ саналыг үгүйсгэсэн билээ.
Үндэстний Лига Италийн Эфиопи дэх халдлага, Испани дахь иргэний дайн, Хятадын эсрэг Японы түрэмгийлэл, Австрийг Германд нэгтгэсэн зэрэг дэлхийн янз бүрийн хэсэгт болсон мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж чадсангүй. Мюнхений хуйвалдаан болоход Гитлер, Муссолини хоёрын хажуугаар Их Британи, Францын удирдагчид оролцон Үндэстний Лигийн Зөвлөлийн бүрэн дэмжлэгтэйгээр Чехославакийг хэрчин хуваав. Үүнтэй холбогдуулан дурдахад тэр үеийн Европын олон удирдагчдаас ялгаатай нь Сталин Гитлертэй нүүр тулан уулзаж, нэр хүндээ бараагүй бөгөөд тухайн үед Гитлер барууны хүрээлэлд ихээхэн нэр хүндтэй улс төрч гэгдэж, европын олон нийслэлийн хүсүүштэй зочин байлаа.                           
 
Чехословакийг хэрчин хуваахад Германтай хамт Польш хүртэл оролцсон. Тэд чехословакийн ямар газар нутгийг хэнд өгөхийг эртнээс хамтран шийдвэрлэж байлаа. 1938 оны 9 дүгээр сарын 20-нд Герман дахь Польшийн элчин сайд Ю.Липский Польшийн гадаад хэргийн сайд Ю.Бек-эд Гитлерийн өгсөн амлалтын талаар: “Хэрэв Польш, Чехословакийн хоорондын хэрэг явдал Тешин дэх польшийн ашиг сонирхлын хөрсөн дээр зөрчил тэмцэлд хүрэх юм бол Рейх манай талд (польшийн) орно…” гэж мэдээлж байв. Тэр ч байтугай нацистуудын толгойлогч польшийн үйлдэл “немцүүд Судетийн уулсыг эзлэн авсны дараагаас эхэлбэл тун зүгээр” гэсэн зүйлийг хэлж, зөвлөгөө өгч байлаа.   
            
Гитлерчүүдийн дэмжлэггүй бол Польшийн түрэмгийлэх төлөвлөгөө сүйрэлд хүргэнэ гэдгийг Польшид мэдэж байлаа. Энд Варшав дахь германы элчин сайд Г.А.Мольтке-гийн Ю.Бек-тэй 1938 оны 10 дугаар сарын 1-нд ярьсан ярианаас иш татъя. Энд: “Ноён Бек Мюнхений бага хурал дээр Польшийн ашиг сонирхлыг төвч байдлаар тайлбарласанд халуун талархал дэвшүүлээд, мөн чехийн зөрчилдөөний үеийн харилцаандаа чин сэтгэлээсээ харилцаж байсанд талархав. Засгийн Газар ба олон нийт (польшийн) фюрер болон рейхканцлерийн байр суурийг бүрэн дэмжиж байна” гэж бичжээ.         
Чехословакийг хэрчин хуваасан нь харгис бөгөөд увайгүй явдал байв. Мюнхен европ тивд үлдсэн хэлбэрийн төдий, хэврэг баталгааг эвдэн устгаж, харилцан гэрээ бол юу ч биш гэдгийг харуулсан билээ. Чухамхүү Мюнхений хуйвалдаан Европт гарцаагүй болох том дайныг мултлах гох болсон юм.      
Өнөөдөр европын улс төрчид, юуны өмнө польшийн удирдагчид Мюнхений талаар “дуугай өнгөрөхийг” хичээж байна. Яагаад ? Яагаад гэвэл тэд улс орны өмнө хүлээсэн үүргээсээ няцаж, Мюнхений хувалдааныг дэмжсэн, тэдний зарим нь олз хуваахад оролцсонд асуудал байгаа юм биш, яагаад гэвэл 1938 оны тэрхүү эмгэнэлт өдрүүдэд зөвхөн ЗХУ Чехословакийн талд зогсож байсныг эргэн санах нь яагаад ч юм эвгүй байгаад оршино.        
Зөвлөлт Холбоот Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, түүний дотор Франц болон Чехословактай хийсэн гэрээгээ үндэслэн энэхүү эмгэнэлээс урьдчилан сэргийлэх гэж оролдсон билээ. Гэтэл Польш өөрийн ашиг сонирхлыг урьтал болгон Европт хамтын аюулгүй байдлын систем бүтээхэд бүх хүчээрээ саад учруулж байв. Польшийн гадаад хэргийн сайд Ю.Бек 1938 оны 9 дүгээр сарын 19-нд өмнө дурдсан Ю.Липскийг Гитлертэй уулзахаас нь өмнө: “Өнгөрсөн жилийн туршид польшийн засгийн газар Чехословакийг хамгаалах гэсэн олон улсын оролцоонд нэгдэн орох саналыг дөрвөн удаа няцаалаа” гэж шууд бичиж байв.       
Их Британи, түүнчлэн тухайн үед чех, словакуудын гол холбоотон байсан Франц баталгаа өгөхөөсөө татгалзан, дорнод европын энэ орныг тарчилган хаяхаа илүүд үзсэн юм. Зүгээр ч нэг хаясан биш, харин нацистуудыг дорно зүгт чиглүүлэхийг эрмэлзэж, Герман, Зөвлөлт Холбоот Улс хоёрыг зайлшгүй мөргөлдүүлж, бие биенээ сүйтгэх явдал руу түлхэж байлаа.      
Чухамхүү үүнд л барууны “энхийг бүтээх” бодлого оршиж байлаа. Зөвхөн Гуравдахь Рейх төдийгүй, Коминтерний эсрэг пакт гэж нэрлэгдсэн гэрээний бусад оролцогч фашист Итали, милитарист Япон мөн ингэж байлаа. Түүний Алс Дорнод дахь оргил нь Хятад дахь Японы гарыг чөлөөтэй болгосон англи-японы 1939 оны гэрээ болсон юм. Европын тэргүүлэх гүрнүүд Герман болон түүний холбоотнуудын зүгээс дэлхий дахины хувьд үхлийн аюул тарьж байгааг хүлээн зөвшөөрөөгүйгээр үл барам дайн өөрөөс нь холуур өнгөрнө гэж тооцож байлаа. Мюнхений хуйвалдаан нь Барууны орнууд аюулгүй байдлын асуудлаа оросын ашиг сонирхлоос гадуур шийднэ, таатай тохиолдолд зөвлөлтийн эсрэг фронт бүрдүүлж ч чадна гэдгийг Зөвлөлт Холбоот Улсад харуулсан юм. Үүний хамт Зөвлөлт Холбоот Улс сүүлчийн боломжоо шавхагдтал, давтаад хэлэхэд Барууны орнуудын хоёр нүүр гаргаж байгааг үл харгалзан гитлерийн эсрэг холбоо байгуулах бүхий л боломжийг ашиглахыг эрмэлзсэн билээ. 
Ингээд Зөвлөлтийн удирдлага тагнуулын албаны шугамаар 1939 оны зун болсон англи-германы хөшигний арын гэрээний талаарх тодорхой мэдээллийг олж авчээ. Анхаарлаа хандуулна уу, тэд нэн идэвхитэйгээр, чингэхдээ Франц, Их Британи, ЗХУ-ын төлөөлөгчидтэй бараг нэгэн зэрэг хэлэлцээр хийж байсан ба үүнийгээ барууныхан санаатайгаар сунжруулж байлаа.      
Үүнтэй холбогдуулан британийн архиваас гарч ирсэн баримт бичгийг танилцуулъя. Энэ бол Москвад 1939 оны 8 дугаар сард ирсэн британийн цэргийн төлөөлөгчдөд өгсөн заавар болно. Энэ зааварт төлөөлөгчдөд: “хэлэлцээрийг маш удаан явуулах ёстой”, “Нэгдсэн Вант Улсын засгийн газар ямар нэг нөхцөл байдалд үйлдэл хийх бидний эрх чөлөөг хязгаарлан боогдуулсан нарийн тодорхой бичмэл үүрэг амлалт авахад бэлэн биш байгаа” гэж шууд дурджээ.   
Англи, францчуудаас ялгаатай нь зөвлөлтийн төлөөлөгчдийг Улаан армийн дээд удирдлагууд тэргүүлж байсан ба тэд “Европ дахь түрэмгийллийн эсрэг Англи, Франц, ЗХУ-ын цэргийн хамгаалалтыг зохион байгуулах цэргийн гэрээнд гарын үсэг зурах” бүхий л төрлийн бүрэн эрхтэй байсныг онцлон дурдаж байна.    
Энэ хэлэлцээр нуран унахад Зөвлөлтийн талын өмнө ямар ч үүрэг авахыг хүсээгүй Польш өөрийн хувь нэмрээ оруулсан юм. Тэр ч байтугай барууны орнуудын шахалтын дор польшийн удирдлага вермахтын эсрэг Улаан армитай хамтран ажиллахаас татгалзаж байлаа. 
Риббентроп Москвад ирэх нь тодорхой болсны дараа л Ю.Бек дуртай дургүй хөдөлж, шууд биш, францын дипломатуудаар дамжуулан зөвлөлтийн талд: “германы түрэмгийллийн эсрэг хамтран ажиллах тохиолдолд дараа тодорхойлох техникийн нөхцөлтэйгээр Польш, ЗХУ хоёр хамтран ажиллахыг үгүйсгэхгүй” гэж мэдэгдэж байв. Ингэхийн сацуу хамтран ажиллагч нартаа: “зөвхөн тактикаа хөнгөвчлөх зорилгоор л би энэ томъёоллыг эсэргүүцэхгүй байгаа юм, харин ЗХУ-ын хувьд манай зарчмын байр суурь эцсийн бөгөөд өөрчлөгдөхгүй үлдэнэ” гэж ярьж байжээ.        
 
Бүрэлдэн буй нөхцөл байдалд ЗХУ харилцан үл довтлох гэрээг Германтай байгуулсан бөгөөд ийм гэрээг Европын орнуудаас хамгийн сүүлд байгуулсан. Чингэхдээ Халхын голын дайн ид явагдаж, баруун талдаа Германтай, зүүн талдаа Японтой хийх хоёр фронтын дайнтай нүүр тулгарсан бодит аюулын суурь дэвсгэр дээр энэ гэрээг байгуулсан. 
 
Сталин болон түүний хүрээллийг маш олон зүйл дээр шударгаар буруутгадаг. Бид ч гэсэн энэ дэглэмийн өөрийн ард түмний эсрэг үйлдсэн гэмт хэрэг, бөөнөөр хэлмэгдүүлэлтийг санаж байдаг. Давтаад хэлье. Зөвлөлтийн удирдлагыг маш олон зүйл дээр буруутгаж болно, харин тэднийг гадаад аюул заналын мөн чанарыг ойлгоогүй байсан гэж хэлж огт болохгүй. Харин ч тэд Зөвлөлт Холбоот Улсыг ганцаар нь Герман болон түүний холбоотнуудтай халз тулгах гэж оролдож байгааг харж байсан ба тэд энэ аюулыг ухамсарлан улс орноо батлан хамгаалахад амин чухал цаг хугацааг хожих гэж зүтгэж байсан юм.     
Тэр үед байгуулсан үл довтлох Гэрээний хувьд гэвэл эдүгээ маш олон яриа, шүүмжлэл чухамхүү орчин үеийн Оросын эсрэг ханддаг юм. Тийм ээ, Орос бол ЗХУ-ыг залгамжлагч, зөвлөлтийн үе бол өөрийнхөө бүхий л алдар суу, эмгэнэлийн хамтаар манай мянга мянган жилийн түүхийн салшгүй хэсэг мөн.      
Түүнчлэн Зөвлөлт Холбоот Улс Молотов-Риббентропын гэж нэрлэсэн Пактад эрх зүйн болон ёс суртахууны үнэлгээ өгснийг сануулмаар байна. Дээд Зөвлөлийн 1989 оны 12 дугаар сарын 24-ний тогтоолд энэхүү нууц протоколыг “хувь хүний засаглалын үйлдэл” гэж буруушаагаад энэ хуйвалдаан “зөвлөлтийн ард түмний хүсэл зоригийг” огтхон ч харгалзаагүй, зөвлөлтийн ард түмэн түүний хариуцлагыг хүлээх ёсгүй гэж дүгнэсэн билээ.   
Харин тэгтэл бусад улсууд нацистууд болон барууны улс төрчдийн гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрүүдийн талаар дурсахыг ч хүсэхгүй байна. Энд ийм хамтын ажиллагааны хууль зүйн болон улс төрийн үнэлгээ, түүний дотор европын зарим зүтгэлтнүүдийн нацистуудын зэрлэг төлөвлөгөөг дуугүй зөвшөөрөхөөс эхлээд тэднийг шууд дэмжих хүртэлх үйлдлийг хөндөөгүй байна.  
Герман дахь Польшийн элчин сайд Ю.Липский 1938 оны 8 дугаар сарын 20-нд Гитлертэй ярилцахдаа: ”еврейн асуудлыг шийдвэрлэснийх нь төлөө бид (польшууд)  Варшавт түүнд (Гитлерт) зориулж  нэг нэг сайхан хөшөө барина” гэсэн бардам үг хүртэл байгаа шүү дээ.     
Түүнчлэн бид нэлээд олон орны нацистуудтай байгуулсан ямар нэг “нууц протокол” хийгээд гэрээ хэлэлцээрийн хавсралтуудыг мэдэхгүй байгаа. Ингээд “үгэнд л итгэх” үлдэж байна. Тухайлбал, англи-германы нууц хэлэлцээрийн тухай материалыг ил болгохгүй байна. Иймээс бид сүүлийн жилүүдэд Орост хийсний адилаар дайн өмнөх болон дайны үеийн өмнө нь мэдэгдээгүй байсан баримт бичгүүдийг ил болгон нийтэлж, архивуудаа нээлттэй болгох үйл явцыг идэвхижүүлэхийг бүх улсуудад уриалж байна. Бид өргөн хамтын ажиллагаа явуулах, түүхч-эрдэмтдийн хамтын судалгааны төслүүдөд оролцоход бэлэн байна.        
 
Одоо Дэлхийн Хоёрдугаар дайны шууд өмнөтгөл үйл явдал руу оръё. Чехословакийн учрыг олсон Гитлер газар нутгийн ээлжит тулган шаардлагаа тавихгүй гэдэгт итгэх нь гэнэн хэрэг болно. Энэ удаад Чехословакийг хэрчин хуваахад оролцсон саяхны хамтрагч Польшийн ээлж ирэв. Үүний шалтаг нь дашрамд дурдахад мөнөөх л Версалиас өв болон үлдсэн Данцигийн гэж нэрлэгдсэн коридор болсон юм.     
  
Польшийг дараа нь нэрвэсэн эмгэнэл бол англи-франц-зөвлөлтийн цэргийн холбоо байгуулахад саад болж, барууны тусламжид найдан, өөрийн ард түмнийг гитлерийн устгалын машины гулгуур болгон тавьж өгсөн тэр үеийн польшийн удирдлагын хүн чанарт бүхэлдээ ногдоно.    
Немцийн довтолгоо блицкригийн номлолд бүрэн нийцэж өрнөв. Польшийн армийн хатуу ширүүн, баатарлаг эсэргүүцлийг үл харгалзан дайн эхлээд долоо хоносны дараа 1939 оны 9 дүгээр сарын 8 гэхэд германы цэрэг Варшавын хаяанд ирэв. Польшийн цэрэг-улс төрийн дээдэс 9 дүгээр сарын 17 гэхэд Румын руу зугтаж, булаан эзлэгчдийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байсан өөрийн ард түмнээс урвасан юм.        
Барууны холбоотнууд нь польшийн найдлагыг хөсөрдүүлэв. Герман дайн зарласны дараа францын цэрэг немцийн газар нутгийн гүн рүү хэдхэн арван километр түрэв. Энэ нь идэвхитэй үйлдэл хийсэн мэт харагдах дүр эсгэлт байлаа. Түүгээр ч үл барам 1939 оны 9 дүгээр сарын 12-нд францын Абвил хотноо анх удаа цугласан англи, францын цэргийн дээд зөвлөл Польш дахь үйл явдал хурдан өрнөж байгаагаас шалтгаалан давшилтаа бүр мөсөн зогсоох шийдвэр гаргав. Ингээд нийтэд алдаршсан “хачин дайн” эхлэв. Франц, Англи хоёр Польшийн өмнө хүлээсэн үүргээсээ шууд урвасан нь нэн тодорхой.        
Хожим Нюренбургийн шүүх хурлын үеэр немцийн генералууд дорно зүгт хурдан амжил олсноо тайлбарласан ба Германы зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлалын шуурхай удирдлагын штабын дарга асан генерал А.Йодль: “Хэрэв бид 1939 онд ялагдал хүлээгээгүй бол энэ нь Польштой  хийсэн дайны үеэр Баруун талд манай эсрэг зогсож байсан франц, английн багцаагаар 133 дивиз германы 23-хан дивизийн эсрэг юу ч хийлгүй зогсож байснаас л болсон” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.   
1939 оны 8 болон 9 дүгээр саруудын эмгэнэлт өдрүүдийн ЗХУ, Германы харилцаатай холбоотой бүхий л баримтыг архиваас гаргахыг би хүссэн юм. Эдгээр баримт бичгүүд 1939 оны 8 дугаар сарын 23-нд Герман, ЗХУ-ын хооронд байгуулсан үл довтлох Гэрээний Нууц протоколын зүйл 2-т Польш улсын бүрэлдэхүүнд орсон мужуудыг газар нутаг-улс төрийн хувьд дахин зохион байгуулсан тохиолдолд хоёр орны ашиг сонирхлын хүрээний хилийг “ойролцоогоор Нарев, Висла, Сана голуудын шугамаар” тогтооно гэж заажээ. Өөрөөр хэлбэл зөвлөлтийн нөлөөллийн хүрээнд украин, белоруссын хүн ам дийлэнхи нь болдог газар нутгууд төдийгүй, Буг, Висла голын хооронд байх польшийн түүхэн газар нутаг бас оржээ. Энэ баримтыг одоо ч гэсэн бүх хүн мэдэхгүй.            
Польшид довтолсны дараа 1939 оны 9 дүгээр сарын эхний өдрүүдэд Берлин Москвагаас байлдааны ажиллагаанд нэгдэхийг шаргуу бөгөөд нэг бус удаа уриалсан. Гэхдээ зөвлөлтийн удирдлага иймэрхүү дуудлагыг няцаан, эмгэнэлтэйгээр өрнөж буй үйл явдалд татагдан орохоос сүүлчийн боломж хүртлээ түдгэлзсэн билээ.     
Харин Их Британи, Франц хоёр өөрийн холбоотонд туслахыг бодохгүй, харин вермахт бүх Польшийг асар хурдан эзлэн авах чадвартай гэж үзсэн ба бид германыг бараг Минскийн хаяанд тулж ирэх нь бүрэн тодорхой болсны дараа л 9 дүгээр сарын 17-ны үүрээр Улаан армийн нэгтгэлүүдийг дорнод крес гэж нэрлэдэг, одоогийн Белорусс, Украин, Литвийн нутаг дэвсгэрийн хэсэг рүү оруулсан юм.   
Өөр хувилбар үлдээгүй нь илт байна. Үүний эсрэгээр бол ЗХУ-ын эрсдэл олон дахин өсөх байсан ба учир нь зөвлөлт-польшийн хил Минскээс хэдхэн арван километрт тогтож, нацистуудтай хийх гарцаагүй дайн стратегийн туйлын таагүй нөхцөлд эхлэх байсан юм. Мөн янз бүрийн үндэстний сая сая хүмүүс, түүний дотор Брест, Гродно, Перемышль, Львов, Вильнод амьдардаг еврейчүүдийг нацистууд хийгээд тэдний орон нутгийн дэмжигчид антисемит болон даврагч үндэстний үзэлнүүдийн устгалд хаяж өгөх байсан юм.                   
Чухамхүү Зөвлөлт Холбоот улс сүүлчийн боломж хүртлээ дүрэлзэн буй мөргөлдөөнд оролцохоос татгалзаж, Германтай нэг талд зогсохыг хүсээгүй энэ үйлдэл нь зөвлөлт, немцийн цэргийн бодит  тулгаралт нууц протоколд заасан заагаас маш их зүүн тийш болоход хүргэсэн билээ. Вислагаар биш, харин бүр 1919 онд Антантаас Польшийн дорнод хил гэж санал болгосон Керзоны гэж нэрлэх шугаман дээр болжээ.  
 
Нэгэнт болоод өнгөрсөн үйл явдалд нөхцөлт дүгнэлт хийх нь хүндрэлтэй гэдэг нь тодорхой. Харин 1939 оны 9 дүгээр сард Зөвлөлтийн удирдлага ЗХУ-ын баруун хилийг Варшав хүртэл баруун тийш тэлэх боломжтой байсан хэдий ч ингэхгүй гэсэн шийдвэр гаргасан гэдгийг л дурдая.    
 
Немцүүд шинэ статус-кво-гоо баталгаажуулах санал тавьсан. 1939 оны 9 дүгээр сарын 28-нд Москва хотноо И.Риббентроп, В.Молотов хоёр ЗХУ, Германы хооронд найрамдал, хил тогтоох тухай Гэрээ, түүнчлэн хоёр армийн байрлаж байгаа де-факт-аар зааглах шугам (демаркаци) тогтоохыг зөвшөөрсөн улсын хилийг өөрчлөх тухай нууц протоколд гарын үсэг зурав. 
1939 оны намар ЗХУ өөрийн цэрэг-стратегийн болон батлан хамгаалах зорилтыг шийдвэрлэн Латви, Литва, Эстонийг мэдэлдээ оруулах (инкорпорация) үйлдлийг эхлүүлэв. Тэдний ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг гэрээний үндсэн дээр, сонгогдсон засгийн зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлсэн. Энэ нь тэр үеийн олон улсын болон эрх зүйн хэм хэмжээнд нийцэж байлаа. Түүнээс гадна 1939 оны 10 дугаар сард Литвагийн мэдэлд Вильно хот болон өмнө нь Польшийн бүрэлдэхүүнд орж байсан мужийг эргүүлэн авсан билээ. ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон балти орчмын улсууд өөрийн засгийн байгууллага, хэлийг хадгалан, зөвлөлтийн төрийн дээд бүтцэд төлөөлөлтэй байлаа.        
Энэ бүх саруудад нүдэнд үл харагдах дипломатын болон цэрэг-улс төрийн тэмцэл, тагнуулын ажил тасарсангүй. Москвад өмнө нь үл эвлэрэх, хатуу ширүүн дайсан байгаа, нацизмтай хийх нууц дайн нэгэнт эхэлснийг ойлгож байлаа. Тэр үеийн албан ёсны мэдэгдэл, хэлбэрийн төдий протокол ноотуудыг ЗХУ, Германы “найрамдлын” нотолгоо гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. ЗХУ худалдаа, техникийн идэвхитэй харилцааг зөвхөн Германтай төдийгүй, бусад орнуудтай ч явуулж ирсэн. Энэ үед Гитлер ЗХУ-ыг Их Британитай сөргөлдүүлэх гэж удаа дараа оролдож байсан боловч зөвлөлтийн удирдлага энэ ятгалгад автаагүй юм.          
Гитлер Зөвлөлт Холбоот Улсыг хамтын ажиллагаандаа татан оруулах гэсэн сүүлчийн оролдлогыг 1940 оны 11 дүгээр сард Молотовыг Берлинд айлчлах үеэр хийв. Гэхдээ Молотов Сталины зааврыг ягштал биелүүлж, ЗХУ-ыг 1940 оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан Их Британи, АНУ-ын эсрэг чиглэсэн гурвын пакт буюу Герман, Итали, Японы холбоонд нэгтгэх тухай ерөнхий яриагаар хязгаарласан билээ.      
11 дүгээр сарын 17-нд Молотов Лондонд байсан зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч И.Майскийд “Танд баримжаа өгье…Берлинд ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй, мөн үүнийг хийнэ гэж бодохгүй байгаа. Берлин дэх ажил хэрэг санал бодлоо солилцохоор дууссан…Немц, япончууд биднийг Персийн булан, Энэтхэгийн тал руу түлхэхийг маш их хүсч байгаа нь илт байна. Бид энэ асуудлыг хэлэлцэхээс зайлсхийсэн ба Германы зүгээс ийм зөвлөгөө өгөх нь зохимжгүй гэж үзэж байна” гэсэн заавар өгсөн нь тохиолдлын хэрэг биш. Ингээд 11 дүгээр сарын 25-нд зөвлөлтийн удирдлага энд цэг тавьж: Берлинд нацистууд хүлээн авч болохооргүй Финляндаас германы цэргийг гаргах, ЗХУ болон Болгарын хооронд харилцан туслалцах гэрээ байгуулах зэргийг оролцуулсан хэд хэдэн шаардлага албан ёсоор тавьсан ба ингэснээрээ Пактад нэгдэх дурын боломжийг санаатайгаар үгүй хийжээ.              
 
Ийм байр суурь ЗХУ-ын эсрэг дайн өдөөх фюрерийн  эрмэлзлийг бүрмөсөн бэхжүүлжээ. Ингээд 12 дугаар сар гэхэд Гитлер хоёр фронт дээр дайтах нь сүйрлийн аюултай гэсэн стратегич нарынхаа бүхий л сануулгыг үл ойшоон “Барбаросса” төлөвлөгөөгөө баталжээ. Үүнийг хийхдээ чухамхүү Зөвлөлт Холбоот Улс түүнийг Европт сөрөн зогсох гол хүч бөгөөд дорно зүгт удахгүй болох тулалдаан дэлхийн дайны төгсгөлийг шийднэ гэдгийг ойлгож байж хийсэн юм. Москва руу хийх аян дайн түргэн бөгөөд амжилттай болно гэдэгт Гитлер итгэлтэй байлаа.    
 
Барууны бараг бүх орнууд тэр үед зөвлөлтийн үйлдлийг зөвшөөрч, өөрийн аюулгүй байдлыг хангах  Зөвлөлт Холбоот Улсын эрмэлзлийг хүлээн зөвшөөрсөн байдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Бүр 1939 оны 10 дугаар сарын 1-нд тэр үеийн Британийн Адмиралын газрын тэргүүн байсан У.Черчилль радиогоор үг хэлэхдээ: “Орос өөрийн ашиг сонирхлын хүйтэн бодлого явуулж байна…Нацист аюул заналаас Оросыг хамгаалахын тулд Оросын армийг энэ шугам (шинэ баруун хил) дээр байлгах нь зайлшгүй хэрэгтэй” гэжээ. 1939 оны 10 дугаар сарын 4-нд Их Британийн гадаад хэргийн сайд Э.Галифакс: “зөвлөлтийн засгийн газрын үйлдэл нь хилээ мөн чанартаа Версалийн бага хурлын үеэр лорд Керзоны санал болгосон тэр шугам хүртэл шилжүүлэхэд оршиж байгаа гэдгийг санах ёстой…Би зөвхөн түүхэн баримт ярьж байгаа бөгөөд энэ нь маргашгүй гэж үзэж байна” гэж мэдэгджээ. Британийн нэрд гарсан улс төрийн болон төрийн зүтгэлтэн Д.Ллойд-Жорж: “Оросын арми Дэлхийн нэгдүгээр дайны дараа Польшийн хүчээр булаан авсан, польшийн биш газар нутгийг эзэлсэн…Оросын түрэлтийг немцийн түрэлттэй нэг хавтгайд тавих нь гэмт хэргийн шинжтэй ухаангүй үйлдэл” гэж цохон дурдаж байлаа.            
Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч И.Майскийтэй хийсэн албан бус яриандаа английн дээд тушаалын улс төрч, дипломатууд бүр ч илэн далангүй байсан юм. 1939 оны 10 дугаар сарын 17-нд Их Британий гадаад хэргийн орлогч сайд Р.Батлер: “Английн засгийн газрын хүрээнд Баруун Украин, Белоруссыг Польшид буцаан өгөх ямар ч асуудал байж болохгүй гэж үзэж байна. Хэрэв зөвхөн ЗХУ, Герман төдийгүй, мөн Англи, Францын баталгаатай, даруухан хэмжээтэй угсаатны Польшийг байгууллаа ч гэсэн британийн засгийн газар үүнд сэтгэл хангалуун байх болно” гэжээ. 1939 оны 10 дугаар сарын 27-нд Н.Чемберлений гол зөвлөх Г.Вильсон: “Польшийг өөрийнх нь угсаатны суурь дээр бие даасан улс байдлаар сэргээх ёстой, гэхдээ Баруун Украин, Белорусгүйгээр шүү дээ” гэжээ.
Эдгээр ярианы явцад зөвлөлт-британийн харилцааг сайжруулах хөрс суурийг тандаж байсан гэдгийг тэмдэглэх ёстой. Эдгээр харилцаа ирээдүйд холбоотон болох, гитлерийн эсрэг эвсэл байгуулах үндэс суурийг олон талаар бүрдүүлжээ. Хариуцлагатай алсыг харсан улс төрчид дундаас У.Черчилль ялгаран гарсан бөгөөд тэрээр ЗХУ-д таагүй байдаг илт хандлагаа үл харгалзан ЗХУ-тай хамтран ажиллахын төлөө гэдгээ зарлаж байлаа. Бүр 1939 оны 5 дугаар сард Нийтийн Танхимд хэлсэн үгэндээ У.Черчилль: “Хэрэв бид түрэмгийллийн эсрэг агуу их холбоо байгуулж чадахгүй бол үхлийн аюулд орох болно. Хэрэв бид Зөвлөлт Оростой жам ёсоор хамтран ажиллахыг үгүйсгэвэл агуу их тэнэглэл болно” гэж хэлж байлаа.     
Европт байлдааны ажиллагаа нэгэнт эхэлсний дараа 1939 оны 10 дугаар сарын 6-нд И.Майскийтай уулзахдаа У.Черчилль: “Их Британи, ЗХУ-ын хооронд ноцтой ямар ч зөрчил байхгүй, мөн хүндрэлтэй, хангалуун бус харилцах үндэс байхгүй болох ёстой. Британийн засгийн газар… худалдааны харилцаагаа..хөгжүүлэхийг хүсмээр л байна. Мөн манай засгийн газар бидний харилцааг сайжруулж чадах бусад бүхий л арга хэмжээг хэлэлцэх болно” гэж дотночлон хэлж байжээ.         
 
Дэлхийн хоёрдугаар дайн ганцхан цагийн дотор, гэв гэнэт эхлээгүй юм. Германы Польшийн эсрэг түрэмгийлэл ч гэсэн гэнэтийн зүйл байгаагүй. Энэ бол тухайн үеийн дэлхийн улс төрийн бодлогын маш олон хандлага, хүчин зүйлийн үр дүн юм. Дайны өмнөх бүхий л үйл явдал нэгэн муу ёрын гинжинд орооцолдсон. Гэхдээ хамгийн гол нь хүн төрөлхтний түүхэн дэх агуу их эмгэнэлийг төрийн аминч үзэл, хулчгар зан, хүчээ авч буй түрэмгийлэгчийн өмнө хүлцэнгүй байх, улс төрийн элитүүд эвлэрэлд хүрэхэд бэлэн бус байсан зэрэг чанарууд урьдчилан тодорхойлсон гэдэг нь эргэлзээгүй.   
 
Ийм учраас нацистын гадаад хэргийн сайд Риббетропын Москвад хийсэн хоёр өдрийн айлчлалыг Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн гол шалтгаан гэж батлах нь дэндүү шударга бус. Тэргүүлэх бүх гүрнүүд дайн эхэлсэнд аль нэг хэмжээгээр буруутай. Улс орон бүр засаж болшгүй алдаа гаргаж, бусдыгаа хуурч болно гэж хоосон горьдож, дэлхийг нөмөрсөн аюул заналаас холуур үлдэж болно гэж үзэж байлаа. Ийм харалган зан гаргаж, хамтын аюулгүй байдлын систем бүтээхээс татгалзсаныхаа төлөөсийг сая сая хүний амь нас, асар их гарз хохирлоор төлсөн билээ.       
Би өөрийгөө түүхийн шүүгч болгож, хэн нэгнийг буруутгах буюу цагаатгах, тэр тусмаа түүхийн талбарт улс орон, ард түмнүүдийг өөр хооронд нь хагаралдуулж болох олон улсын мэдээллийн сөргөлдөөний шинэ зангилаа өдөөх гэсэн өчүүхэн хүсэлгүйгээр энэ бүхнийг бичиж байна. Болж өнгөрсөн үйл явдалд шүүн тунгаасан үнэлгээ өгөх эрлийг янз бүрийн орны нэр хүндтэй эрдэмтдийн өргөн төлөөлөл бүхий академик шинжлэх ухаан хийх ёстой гэж үзэж байна. Бидний хэнд ч гэсэн үнэн хийгээд бодит байдал хэрэгтэй байна. Би өөрийн зүгээс хамтрагч нараасаа амгалан тайван, нээлттэй, итгэлцсэн яриа явуулж, нийтлэг өнгөрсөн явдлыг өөрийн шүүмжлэл, урьдач үзэлгүйгээр авч үзэхийг үргэлж уриалж ирсэн. Ийм хандлага тэр үед гаргасан алдааг давтахгүй байх, энхийн болон сайн сайхан хөгжлийг олон жилийн өмнөөс хангахад нэн чухал.               
Гэвч манай олон хамтрагчид хамтын ажилд одоохондоо бэлэн бус байна. Харин ч эсрэгээр, өөрийн зорилгыг тулгаж, манай орны эсрэг мэдээллийн дайралтынхаа тоо болон цар хэмжээг өсгөж, биднийг хүчээр буруутгах, гэм зэмээ хүлээхийг хүсч, улс төржсөн их зантай элдэв мэдэгдлээр булж байна.   
Тухайлбал, 2019 оны 9 дүгээр сарын 19-нд Европын парламентаар дэмжсэн “Ирээдүйн Европын түүхэн ой санамжийг хадгалан үлдэхийн чухлын тухай” тогтоолд Дэлхийн хоёрдугаар дайн өдөөхөд  нацист Германтай зэрэгцүүлэн ЗХУ-ыг шууд буруутгав. Харин Мюнхений тухай ямар нэг дурдатгал энэ тогтоолд байгаагүй нь мэдээж хэрэг.   
Иймэрхүү “цаасыг” баримт бичгийн тогтоол гэж нэрлэж болохгүй бөгөөд энэ нь маргааныг аюултай бодит аюул занал болгох гэж илт тооцоолжээ. Түүнийг нэн нэр хүндтэй байгууллага гаргасан шүү дээ. Тэд юуг үзүүлж харуулах гэж байгаа юм бол ? Харамсалтай нь олон орны нэр төртэй ажил хэрэг, хариуцлагаараа бүтээсэн дайны дараах дэлхийн байгууламжийг эвдэх гэсэн санаатай бодлого явуулж, хэд хэдэн орны төлөөлөгчид өнөөдөр энэхүү хуурамч тунхаглалын төлөө саналаа өгч байна. Ийм маягаар тэд Нюренбургийн шүүхийн шийдвэр, 1945 оны Ялалтын дараа байгуулсан олон улсын нийтлэг институт руу гараа дүрж байна.       
 
Үүнтэй холбогдуулан европын ойртон нягтрах (интеграци) үйл явц өөрөө болон энэ явцад бүтээсэн зохих бүтэц, түүний дотор Европарламент ч гэсэн зөвхөн өнгөрсөн явдлаас авсан сургамж, түүнд өгсөн улс төр, эрх зүйн нягт нямбай үнэлгээний ачаар бий болсон гэдгийг сануулж байна. Энэхүү эвлэрлийг (консенсус) санаатайгаар эргэлзээнд оруулж буй тэр хүмүүс дайны дараах Европын бүхий л үндэс суурийг эвдэн сүйтгэж байна.
Дэлхий нийтийн дэг журмын суурь зарчимд учрах аюул заналын зэрэгцээгээр энд ёс суртахууны болон ёс зүйн талууд байгаа юм. Ой санамжийг бүдэгрүүлэх, доромжлох нь адгийн муухай араншин мөн.
 
Дэлхийн хоёрдугаар дайн дууссан 75 жилийн ойн талаар гаргасан мэдэгдэлд гитлерийн эсрэг эвслийн ЗХУ-аас бусад бүх оролцогчдыг дурдаж байгаа нь адгийн араншингийн санаатай, их зантай, бүрэн ухамсарлагдсан шинжийг харуулна. Нацизмтай хийх тэмцэлд амь насаа зориулсан дайчдад зориулан босгосон хөшөө дурсгалыг нурааж, үл зохилдох үзэл суртал, түрэмгийлэн эзлэхийн эсрэг тэмцэж буй мэт хуурамч лоозонгийн дорх ичгүүр сонжуургүй үйлдлээр адгийн араншингийн хулчгар шинж илэрдэг. Неонацистууд, бандерийн залгамжлагчдын эсрэг тэмцэж буй хүмүүсийг алж шатаах үед адгийн зангийн цуст шинж илэрдэг. Адгийн араншин янз бүрээр илэрдэг ч түүний шигшим шинж чанар арилдаггүй гэдгийг давтан хэлье.             
Түүхийн сургамжийг мартах нь гарцаагүй хүнд хэцүү өр төлөөс болон эргэж ирдэг. Бид түүхэн баримтаар баталгаажсан үнэний төлөө хатуу зогсож, Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлын талаар шударга бөгөөд атгаг үзэлгүйгээр өгүүлэн ярихаа үргэлжлүүлнэ. Орост эхлүүлсэн Дэлхийн хоёрдугаар дайн болон дайны өмнөх үеийн түүхийн талаарх архивын баримт, кино болон фото материалын аварга том цуглуулга бүтээх өргөн цар хүрээтэй төсөл чухам үүнд чиглэсэн юм.   
Энэ ажил одоо ч явж байна. Саяхан олж, ил болгосон маш олон шинэ материалыг эл өгүүллийг бэлтгэж, бичихэд ашигласан. Үүнтэй холбогдуулан ЗХУ-д Германы эсрэг түрүүлэх дайн эхлэх эрмэлзэлтэй байсан гэх архивын баримт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 
Зөвлөлтийн удирдлага түрэмгийлэл болсон тохиолдолд Улаан арми дайсанд түргэвчилсэн цохилт өгч, давшилтад ороод, дайныг дайсны газар нутаг дээр явуулна гэсэн номлол баримталж байсан нь үнээн. Гэхдээ стратегийн ийм төлөвлөгөө Герман руу эхэлж довтлох эрмэлзэл огт биш.
Өнөөдөр түүхчдийн гарт цэргийн төлөвлөлтийн баримт бичгүүд, зөвлөлтийн болон немцийн штабуудын удирдамж байгаа нь мэдээж хэрэг. Эцэст нь бид үйл явдал бодит байдал дээр яаж өрнөснийг мэдэж авч байна. Олон хүн энэхүү мэдлэгийн өндөрлөгөөс улс орны цэрэг-улс төрийн удирдлагын үйлдэл, алдаа оноо, тооцоо бооцоог үнэлж дүгнэдэг. Үүнтэй холбоотойгоор ганц зүйл хэлье: янз бүрийн хуурамч мэдээллийн асар их урсгал дундаас зөвлөлтийн удирдагчид нацистуудын бэлтгэж буй хүрэмгийллийн талаарх бодит мэдээллийг олж авч байсан юм. Дайны өмнөх саруудад улс орны байлдааны чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цэргийн үүрэгтний нууц цугларалт, анги нэгтгэлүүдийг дахин байршуулах, дотоод цэргийн тойргоос баруун хил рүү нөөцөө татах зэргийг оролцуулсан алхмуудыг хийж байлаа.      
 
Дайн гэнэтийн байгаагүй, түүнийг хүлээж, түүнд бэлтгэж байлаа. Гэтэл нацистуудын цохилт түүхэнд байгаагүй сүйрүүлэх хүчин чадалтай байв. 1941 оны 6 дугаар сарын 22-нд Зөвлөлт Холбоот Улс бараг бүх Европын аж үйлдвэр, эдийн засаг, цэргийн чадавхийг өөртөө ажиллуулсан хамгийн хүчтэй, сайтар дайчилж сургасан армитай нүүр тулав. Үхэл тарьсан энэ довтолгоонд зөвхөн вермахт төдийгүй, тэдний дагуул болсон европ тивийн бусад олон орны цэрэг арми оролцсон.     
 
 
1941 оны оны цэргийн хүнд ялагдал улс орныг сүйрлийн ирмэг дээр аваачив. Байлдах болон удирдах чадварыг сэргээн тогтоохын тулд бүх нийтийн дайчилгаа зарлах, улс орон, ард түмний бүх хүчийг дайчлах онцгой арга хэмжээ авахад хүрэв. 1941 оны зун гэхэд дайсны галын дор улс орны дорно зүгт сая сая иргэд, олон зуун завод, үйлдвэрлэлийг нүүлгэн шилжүүлэх ажил эхлэв.      
Ар талд асар богино хугацаанд сум, зэвсэг хэрэглэлийн гаргалтыг зохицуулж, дайны эхний өвөл фронт руу илгээдэг болж, 1943 он гэхэд Герман болон түүний холбоотнуудын цэргийн үйлдвэрлэлийг даван гарсан чадсан билээ. Зөвлөлтийн хүмүүс бүтэн хагас жилийн дотор фронтод ч, ар талд ч боломжгүй мэт санагдаж байсан тэр гайхамшгийг хийж чадсан юм. Одоо болтол энэ агуу гайхамшгийг бүтээхэд ямар их амь хайргүй тэмцэл, ер бусын хүчин чармайлт, эр зориг, тэсгэл тэвчээр гаргасныг ухамсарлаж, ойлгож, төсөөлөхөд ч бэрх байдаг.        
 
 
 
Нацистуудын хүчирхэг, шүдээ хүртэл зэвсэглэсэн, өрөвдөх сэтгэлгүй булаан эзлэх машины эсрэг эх нутгаа хамгаалах, энх тайван амьдрал, төлөвлөгөө, итгэл найдварыг нь эвдэж, гишгэлсэн дайснаас өшөө авах чин эрмэлзлэлээр нэгдсэн зөвлөлтийн нийгмийн аварга хүчин сөрөн зогсов.    
 
 
 
Энэхүү аймшигт, цус урсгасан дайны үед зарим хүмүүс айдас, сандрал, цөхрөл автаж байсан нь мэдээж хэрэг. Урвах, оргон зугтах явдал ч гарч байв. Хувьсгал, иргэний дайнаар бий болсон хатуу ширүүн эвдрэлт, үгүйсгэх үзэл, большевикуудын суулгахыг оролдож, ялангуяа засгийн эрхэнд гарсны дараах эхний жилүүдэд авч байсан үндэсний түүх, уламжлал, шашин шүтлэгт доромж хандах явдал ч үүнд нөлөөлөв. Гэлээ ч гэсэн зөвлөлтийн хүмүүс, хилийн чанадад гарсан манай эх орон нэгтнүүдийн ерөнхий сэтгэл санаа Эх Орноо хамгаалж, аврахад чиглэж байлаа. Энэ бол тогтоож болшгүй, жинхэнэ оргилолт байлаа. Хүмүүс жинхэнэ эх оронч үнэт зүйлсийн тулгуурыг хайж байсан юм.       
Нацистын “стратегичид” аварга том олон үндэстний улсыг амархан нухчин дарна гэдэгтээ итгэлтэй байсан. Тэд гэнэтийн дайн, түүний хайр найргүй, тэсвэрлэшгүй хүнд ачаа үндэстэн хоорондын харилцааг гарцаагүй хурцатгана, энэ орныг хэсэг хэсэг болгон тасчин хувааж болно гэж тооцож байв. Гитлер: “Оросын өргөн уудам орон зайд амьдардаг ард түмнүүдийн хувьд баримтлах манай бодлого бол эвдрэл хагарлын дурын хэлбэрийг хөхүүлэн дэмжихэд оршино” гэж шууд мэдэгдэж байв.   
Гэвч дайны эхний өдрүүдээс нацистуудын энэ төлөвлөгөө нуран унах нь тодорхой болов. Арван гурав илүү үндэстнээс бүрдсэн зөвлөлтийн дайчид сүүлчийн дусал цусаа дуустал Брестийн цайзыг хамгаалав. Дайны бүхий л хугацаанд шийдвэрлэх том тулалдаанд ч, түшиц газар бүрийг хамгаалахад ч, төрөлх эх орныхоо метр газар болгоныг хамгаалахад ч бид ийм эв нэгдлийн жишээг олноор нь харж болно.       
Нүүн шилжсэн сая сая хүмүүсийн төрөлх гэр нь Поволжье ба Урал, Алс Дорнод ба Дундад Азийн улсууд, Кавказын чанад болсон юм. Эндхийн оршин суугчид чадах бүх зүйлээрээ нүүн ирэгсдэд тусалж байлаа. Манай ард түмнүүдийн найрамдал, тэдний харилцан туслалцаа жинхнээсээ үл ялагдах цайз болсон юм. Нацизмыг бут ниргэхэд одоо яаж ч үгүйсгэлээ гэсэн үндсэн бөгөөд шийдвэрлэх хувь нэмрийг Зөвлөлт Холбоот Улс, Улаан арми оруулсан. Манай баатрууд Белосток болон Могилёв, Умань болон Киев, Вязьма болон Харьковын дэргэд эцсээ хүртэл тулалдаж байв. Манай баатрууд Москва, Сталинград, Севастополь, Курск, Смоленскод атакт орж байлаа. Манай баатрууд Варшав, Вена, Белград, Прагийг чөлөөлж байлаа. Манай баатрууд Кёнигсберг, Берлинийг дайран авч байлаа.                  
Бид жинхэнэ, өөлж засаагүй, будаж шунхдаагүй дайны тухай үнэний төлөө байна. Энэхүү ард түмний, хүмүүний хатуу ширүүн, гашуун, өршөөл энэрэлгүй үнэнийг бидэнд фронтын гал хиншүү, тамыг биеэрээ туулсан зохиолч, яруу найрагч нар маань олон талаар дамжуулан үлдээсэн юм. Миний үеийнхэнд ч, бусад үеийнхэнд ч тэдний үнэн шударга, гүн гүнзгий тууж, романууд, цангинам сайхан “дэслэгчийн” тууж, шүлгүүд сэтгэлд маань гүн гүнзий ул мөрөө үлдээж, Ялалтыг дархлахад бүхнийг хийсэн ахмад үеэ хүндэтгэх, тулалдааны талбарт үлдэж хоцорсон тэр хүмүүсийг  санан дурсаж байх гэрээслэл болж байдаг юм.      
Өнөөдөр ч гэсэн Эх орны Дайны цус урсгасан, харгис догшин тулалдааны зөвлөлт германы фронтын төв хэсэгт дэх тулалдаанд оролцогчдод зориулсан Александр Твардовскийн “Би Ржевийн дэргэд алагдсан” гэх мөн чанараараа энгийн атлаа агуу их мөрүүд биднийг догдлуулдаг. Зөвхөн Ржев хот, Ржевийн цүлхэнгийн төлөө тулалдааны явцад  1941 оны 10 дугаар сараас 1943 оны 3 дугаар сарын хооронд Улаан арми шархадсан болон сураггүй алга болсныг оруулаад 1 сая 342 мянга 888 хүнээ алджээ. Архивын эх сурвалжаас цуглуулсан аймшигтай, эмгэнэлтэй бөгөөд бас л нэлээд бүрэн биш энэ тоог анх удаа дурдаж байгаа ба дайны дараагаас эхлээд янз бүрийн шалтгааны улмаас ярьж чаддаггүй байсан, маш бага буюу огтоос дуугардаггүй байсан нэртэй, нэргүй баатруудын гавъяаны дурсгал болгон хэлж байна.              Ахин нэг баримт авъя. Энэ бол И.Майскийн тэргүүлсэн Германаас дайны төлбөр (репараци) авах Олон улсын комиссийн 1945 оны 2 дугаар сард бэлтгэсэн илтгэл юм. Энэ комиссийн зорилго нь ялагдсан Германы ялагч гүрнүүдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх ёстой томъёоллыг тодорхойлох явдал орж байв. Уг комисс дараах дүгнэлтэд хүрчээ: “Германы зөвлөлтийн фронтод дээр зарцуулсан цэрэг-өдрийн хэмжээ холбоотны бусад бүх фронтын тоо хэмжээнээс наад зах нь 10 дахин их байна. Зөвлөлтийн фронт германы танкны тавны дөрөв, германы нисэх онгоцны гуравны хоёрыг өөртөө татаж байжээ.” Нийтдээ бол гитлерийн эсрэг холбоотны цэргийн бүх хүчин чармайлтын 75 орчим хувь нь ЗХУ-д ногдож байжээ. Дайны жилүүдэд Улаан арми “тэнхлэгийн” орнуудын 626 дивизийг “нуга дарсан” ба үүний 508 нь германы дивизүүд байлаа.
1942 оны 4 дүгээр сард Рузвельт америкийн үндэстэнд хандаж хэлсэн үгэндээ: “Оросын цэрэг манай нийтийн дайсны амьд хүч, нисэх онгоц, танк их бууг үлдэх бүх үндэстнийг нийлүүлснээс хавьгүй олноор нь устгасан ба улмаар устгасаар байна” гэж мэдээлжээ. Черчилль Сталинд 1944 оны 9 дүгээр сарын 27-нд бичсэн захидалдаа: “чухамхүү оросын арми германы цэргийн машинаас гэдсийг нь хүү татан гаргасан юм” гэж бичжээ.  
Ийм үнэлгээ бүх дэлхийг алмайруулсан. Яагаад гэвэл эдгээр үгэнд тэр үедээ хэн ч эргэлзэж байгаагүй хамгийн агуу үнэн байсан билээ. Зөвлөлтийн бараг 27 сая иргэн фронт болон немцийн олзонд үрэгдэж, өлсгөлөн, бөмбөгдөлт, гетто болон немцийн үхлийн лагеруудад үхжээ. ЗХУ иргэдийнхээ долоо дахь хүн бүрийг алдсан бол Их Британи 127-оос нэг, АНУ 320-иос нэг иргэнээ алджээ. Харамсалтай нь ЗХУ-ын хүнд, нөхөж баршгүй хохирлын тоо бүрэн биш бөлгөө.          
Улаан армийн дайчид, партизанууд, нууц бүлгийнхэн, цэргийн олзлогдогсод, концлагерийн хоригдлууд, залхаан цээрлүүлэгчдийн устгасан энгийн иргэд гээд амь үрэгдсэн бүх хүний нэр, хувь заяаг сэргээн тогтоох нөр их ажил үргэлжилж байна. Энэ бол бидний үүрэг юм. Энд эрэл хайгуулын хөдөлгөөн, цэрэг-эх оронч болон сайн дурын нэгтгэлүүд, архивын баримт бичигт үндэслэсэн “Ард түмний ой санамж” өгөгдлийн электрон бааз зэрэг төслүүд онцгой үүрэг гүйцэтгэж байна. Ийм ерөнхий хүмүүнлэгийн зорилтыг шийдвэрлэхэд олон улсын нягт хамтын ажиллагаа зайлшгүй нь ойлгомжтой.           
 
 
 
Ялалтад нийтийн дайсны эсрэг тэмцсэн бүх улс орон, ард түмний хүчин чармайлт хүргэсэн билээ. Британийн арми эх орноо цөмрөлтөөс хамгаалж, нацистууд болон тэдний дагалдагч нартай Газрын дундад тэнгис, Умард Африкт байлдаж байв. Америк болон британийн цэргүүд Италийг чөлөөлж, Хоёрдугаар фронт нээсэн. АНУ түрэмгийлэгчдэд хүчтэй, сүйрлийн цохилтыг Номхон далайд өгсөн. Бид бүхэн асар их золиос гаргаж, японы милитаристуудыг бут ниргэхэд их үүрэг гүйцэтгэсэн хятадын ард түмнийг санан дурсдаг. Шившигт буултыг үйл зөвшөөрөн, нацистуудтай хийх тэмцлээ үргэлжлүүлсэн “Тулалдан буй Франц”-ын дайчдыг бид мартахгүй. 
 
 
 
Бид түүнчлэн Улаан армийг байлдааны хэрэгсэл, түүхий эд, хүнс, техникээр хангаж байсан холбоотнуудынхаа тусламжийг үргэлж санан дурсана. Энэ тусламж тун чухал байсан бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын цэргийн үйлдвэрлэлийн нийт хэмжээний долоо орчим хувь болж байлаа.   
Гитлерийн эсрэг эвслийн эхлэл ЗХУ-д довтолсны дараа шууд тавигдаж, АНУ, Их Британи хоёр гитлерийн Германтай хийх тэмцлийг үг дуугүй дэмжсэн билээ. 1943 онд Тегераны бага хурлын үеэр Сталин, Рузвельт, Черчилль нар их гүрнүүдийн холбоо (альянс) байгуулж, эвслийн дипломат бодлого, үхлийн нийтлэг аюулын эсрэг тэмцэх хамтарсан стратеги боловсруулах талаар харилцан тохирсон. Их гурвалын удирдагч нар ЗХУ, АНУ, Их Британийн аж үйлдвэр, нөөцийн болон цэргийн чадавхи дайснаас маргашгүй давуу гэдгийг маш сайн ойлгож байв.               
Зөвлөлт Холбоот Улс холбоотнуулын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тэдэнд тусламжийн гараа сунгаж байлаа. Улаан арми Белорусст хийсэн өргөн хүрээтэй “Багратион” ажиллагаагаараа Нормандид англи-америкийн десант буух ажиллагааг хөнгөвчилж байв. 1945 оны 1 дүгээр сард манай цэргүүд Одер руу цөмрөн орж, Баруун фронт, Арденнд хийсэн вермахтын сүүлчийн  хүчирхэг давшилтад цэг тавьсан юм. Үүнээс гурван сарын дараа ЗХУ Германыг ялсны дараа Ялтын гэрээний тохиролцооны дагуу Японд дайн зарлаж, Квантуны сая хүнтэй армийг бут ниргэв.     
 
Бүр эрт 1941 оны 7 дугаар сард Зөвлөлтийн удирдлага: “фашистын түрэмгийллийн эсрэг дайны зорилго бол манай оронд нүүрлэсэн аюул заналыг устгах төдийгүй, германы фашизмын дарлалд зовон тарчилж буй Европын бүх ард түмэнд туслах явдал юм” гэж тодорхойлж байлаа. 1944 оны дундуур дайсан зөвлөлтийн бүх газар нутгаас бүрэн хөөгдөж гарав. Гэхдээ дайсныг өөрийнх нь ичээнд даран сөнөөх хэрэгтэй байлаа. Ингээд Улаан арми Европ дахь чөлөөлөх үүргээ эхлүүлж, тэднийг устгал, боолчлолоос аварч, бүхэл бүтэн ард түмнийг аймаглан устгах аймшгаас ангижруулсан бөгөөд чингэхдээ зөвлөлтийн сая сая цэргийн амь насаар аварсан билээ.           
 
Түүнчлэн чөлөөлөгдсөн орнуудад өлсгөлөнгийн аюулыг устгах, эдийн засаг, дэд бүтцийг сэргээн босгоход ЗХУ-ын үзүүлсэн асар их материаллаг тусламжийг мартаж болохгүй. Энэ бүхнийг Брестээс эхлээд Москва, Волга хүртэл мянга мянган бээр орон зайд зөвхөн үнс нурам бужигнаж байсан туйлын хүнд үед хийсэн юм.  
Жишээлбэл, 1945 оны 5 дугаар сард Австрийн засгийн газар ЗХУ-д хандан хүсэлт гаргаж: ”шинэ ургац хураах хүртэл дараагийн долоон долоо хоногт хүн амаа хэрхэн тэжээхийг мэдэхгүй байна” гээд хүнсний тусламж үзүүлэхийг хүссэн юм. Зөвлөлтийн удирдлага хүнсний бүтээгдэхүүн илгээхийг зөвшөөрөхөд Австрийн бүгд найрамдах улсын Түр засгийн газрын канцлер К.Реннер: “австричууд хэзээ ч мартахгүй…авралын үйлс” гэж тодорхойлж байлаа.   
Холбоотнууд хамтран нацистын улс төрийн болон цэргийн гэмт хэрэгнүүдийг цээрлүүлэх Олон улсын цэргийн шүүхийг байгуулав. Шүүхийн шийдвэрт геноцид, угсаатны болон шашны цэвэрлэгээ, еврейн эсрэг үзэл (антисемитизм), үндэстний зожигрох үзэл (ксенофоби) зэрэг хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүдэд тов тодорхой эрх зүйн ангилал хийсэн юм. Нюренбургийн шүүх нацистуудын гар хөл бологсод, зүсэн зүйлийн урвагч нарыг шууд бөгөөд хоёрдмол утгагүй яллан шийтгэв.    
Ийм бузар үзэгдэл Европын бүх улсуудад байсан. Петен, Квислинг, Власов, Бандер, тэднийг аялдан дагалдагч, залгамжлагч нар хэдийгээр үндэсний тусгаар тогтнол, коммунизмаас чөлөөлөхийн төлөө тэмцэгчийн хувцас өмссөн боловч үнэндээ урвагч, алуурчид байсан юм.  
Хүмүүн бус шинжээрээ тэд заримдаа өөрийнхөө эздээс ч даван гардаг байв. Тэд алба хаах гэж хичээхдээ залхаан цээрлүүлэх тусгай бүлгүүдэд элсэн орж, хүн яргалах даалгаврыг хамгийн сайн биелүүлдэг байв. Тэдний цуст гараар Бабье Яр буудлага, Волыны яргалал, Хатыны шаталт, Литва, Латви дахь еврей нарыг устгасан яргалал үйлдэгдсэн.         
Өнөөдөр ч гэсэн манай байр суурь огт өөрчлөгдөөгүй: нацистуудын гар хөл бологсдын гэмт үйлдлийг цагаатгаж болохгүй, түүнийг хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй. Нацистуудтай хамтран ажиллаж нэр нүүрээ барсан нэлээд оронд гэв гэнэт тэднийгээ Дэлхийн хоёрдугаар дайны ахмад зүтгэлтнүүдтэй адилтгах болсон нь гайхаш төрүүлж байна. Чөлөөлөгчид болон түрэмгийлэгчид хоёрт тэнцүүгийн тэмдэг тавьж болохгүй гэж бид үзэж байна.      
 
Нацистын гар хөл бологсдыг баатаржуулж байгааг манай эцэг өвгөдийн гэгээн дурсгалаас урвасан хэрэг гэж үзэж байна. Энэ бол нацизмтай хийсэн тэмцэлд ард түмнүүдийг нэгтгэж байсан тэр эрхэмлэлээс урвасан хэрэг.        
 
Тухайн үед ЗХУ, АНУ, Их Британийн удирдагчдын өмнө хэтрүүлэггүй хэлэхэд түүхэн зорилт тулгарч байсан. Сталин, Рузвельт, Черчилль нар өөр өөр үзэл суртал, төрийн эрмэлзэл, ашиг сонирхол, соёл бүхий улс орныг төлөөлж байсан хэдий ч улс төрийн асар их хүсэл зориг гарган, зөрчил, алагчлах үзлийг даван гарч, энх тайвны жинхэнэ ашиг соинрхлыг гол зорилт болгон тавьж чадсан ба үүний үр дүнд тэд зөвшилцөл хийж, шийдвэр гаргасан бөгөөд үүнээс бүх хүн төрөлхтөн хожсон билээ.      
Ялагч-гүрнүүд оюун санаа, улс төрийн олон зуун жилийн эрэл хайгуулын амин сүнс (квинтэссенция) болсон системийг бидэнд үлдээжээ. Тегеран, Ялт, Сан-Франциско, Потсдамын цуврал бага хурлууд хурц ширүүн зөрчлөө үл харгалзан даяар дайнгүй амьдрах 75 жилийн энх тайвны үндэс суурийг тавьж өгсөн билээ. Өнөөдөр бидний Баруунд ажиглаж буй түүхийг засварлах (ревизионизм) үзэл, түүний илрэлүүд, чингэхдээ юуны өмнө Дэлхийн хоёрдугаар дайн, түүний үр дүнгийн сэдэвт холбогдсон бүхнийг засварлах оролдлого нь 1945 онд Ялтын болон Сан-Францискогийн бага хурлаар үндсийг нь тавьсан энх тайван хөгжлийн зарчмын ойлголтуудыг бүдүүлэг бөгөөд ичгүүр сонжуургүй гуйвуулж байгаагаараа аюултай юм.                
 
Ялтын  болон тэр үеийн бусад шийдвэрийн гол түүхэн ололт нь тэргүүлэгч гүрнүүд үүсэн гарсан өөр хоорондын зөрчлийг шийдвэрлэхдээ дипломатын хүрээндээ үлдэхэд хүргэх механизм бүтээхээр зөвшилцсөнд оршино.     
 
ХХ зуун даяар бөгөөд бүхнийг хамарсан дэлхийн зөрчлүүдийг авчирсан, харин 1945 онд Бүх дэлхийг биет байдлаар нь устгаж чадахуйц цөмийн зэвсэг гарч ирэв. Өөрөөр хэлбэл, маргааныг хүчний аргаар зохицуулах нь хэтэрхий их аюултай болов. Дэлхийн хоёрдугаар дайнд ялагсад үүнийг ойлгож байсан. Тэд хүн төрөлхтний өмнө хүлээсэн өөрийн хариуцлагыг ойлгон ухамсарлаж байсан. 
Үндэстний Лигийн гашуун туршлагыг 1945 онд тооцсон юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүтцийг дээд зэргийн тодорхой, эрчимт үйлдлээр энх тайвны баталгааг хангаж байхуйцаар боловсруулсан. Ингэж Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн институт, давуу тал, хариуцлага байдлаар хориг (вето) тавих эрх бий болсон юм.      
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хориг тавих эрх гэж юу вэ ? Шууд хэлэхэд энэ бол томоохон гүрнүүдийн шууд мөргөлдөөний эсрэг цорын ганц ухаалаг альтернатив юм. Энэ бол аль нэгэн шийдвэрийг өөрийн ашиг сонирхол болон зөв хандлагын тухай төсөөлэлтэй нь зөрчилдсөн учраас хүлээн авч болохгүй гэж таван гүрний нэг мэдэгдэх явдал болно. Бусад орнууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч ийм байр суурийг нэгэнт өгсөн өгөгдөл гэж хүлээн аваад нэг талын өрөөсгөл эрмэлзлээр амьдралд хэрэгжүүлэх оролдогоос татгалздаг. Өөрөөр хэлбэл, ямар ч гэсэн эвлэрэл хайх хэрэгтэй болно.
 
Шинэ даяар сөргөлдөөн Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараагаас шууд эхэлж, үе үе нэн хүнд шинжийг олох болов. Эндээс хүйтэн дайн дэлхийн гуравдугаар дайн болж өргөжөөгүй нь Их Гурвалын байгуулсан гэрээ хэлэлцээрүүд үр ашигтай байгааг хөдөлбөргүй нотолно. НҮБ-ыг байгуулах үед хүлээн зөвшөөрсөн зан үйлийн журам дүрмүүд цаашид эрсдэлийг багасгах, сөргөлдөөнийг хяналтандаа байлгах нөхцлийг хангаж өгсөн.      
 
Мэдээж хэрэг бид НҮБ-ын систем өнөөдөр хүчдэлтэй, чадах байснаасаа бага үр ашигтай ажиллаж байгааг харж байна. Гэхдээ л НҮБ үндсэн үүргээ урьдын адил биелүүлсээр байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагааны зарчмууд бол том дайн буюу даяар зөрчлөөс сэргийлэх гайхалтай механизм мөн.   
Сүүлийн жилүүдэд хангалттай олон сонсогдох болсон хориг тавих эрхээс татгалзах, Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн онцгой боломжоос татгалзах зэрэг нь үнэн хэрэг дээрээ хариуцлагагүй явдал болно. Хэрэв энэ дагуу болбол Нэгдсэн Үндэстний байгууллага хоосон ярианы цуглаан, энхийн үйл явцад үзүүлэх ямар ч хөшүүрэг байхгүй мөнөөх л Үндэстний Лиги болон хувирах бөгөөд энэ бүхэн яаж дууссан нь хэн бүхэнд илэрхий. Чухам ийм учраас л ялагч гүрнүүд өмнөх үеийнхний алдааг давтахгүйн тулд дэлхий нийтийн шинэ дэг журам бүрдүүлэх ажилд дээд зэргээр анхааран ажилласан юм.         
Олон улсын харилцааны орчин үеийн систем бүтээсэн нь Дэлхийн хоёрдугаар дайны чухал үр дүнгийн нэг мөн. Геополитик, үзэл суртал, эдийн засгийн зэрэг хамгийн эвлэршгүй зөрчлүүд хүртэл хэрэв чингэх хүсэл зориг байгаа бол энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллах хэлбэрүүдэд саад болж чадахааргүй болсон. Өнөөдөр дэлхий дахин тийм ч тайван биш цаг үеийг туулж явна. Хүчний даяар байрлал, нөлөөнөөс эхлээд нийгэм, төр улс, бүхэл бүтэн тивийн амьдралын социал, эдийн засаг, технологийн үндэс хүртэлх бүх зүйл өөрчлөгдөв.  
Өнгөрсөн түүхэн үеүүдэд ийм цар хэмжээний өөрчлөлт том том дайн зөрчилдөөнгүйгээр, шинэ даяар шатлалд орох хүч хэрэглэсэн тулалдаангүйгээр хэзээ ч өнгөрч байгаагүй. Холбоотон гүрнүүдийн улс төрийн удирдагчдын мэргэн ухаан, алсыг харсан үйлдэл дэлхийн хөгжилд түүхэн ёсоор угаасаа байж ирсэн, үнэхээр бодитой оршин байдаг өрсөлдөөн хэмээх туйлширсан хэлбэрийг тогтоон барих системийг бүтээж чадсан билээ.        
 
Улс төрийн хариуцлага хүлээсэн бүх хүн, юуны өмнө Дэлхийн хоёрдугаар дайнд ялагч гүрнүүдийн төлөөлөгч нарын авсан үүргийг авч энэ системийг хадгалан үлдэж, төгөлдөржүүлэх баталгаа өгөх явдал бол бидний үүрэг мөн. Өнөөдөр яг 1945 он шиг улс төрийн хүсэл зориг гарган, ирээдүйг хамтдаа хэлэлцэх нь нэн чухал болж байна. Ши цинпин, Макрон, Трамп, Жонсон зэрэг манай хамтрагчид Оросын дэвшүүлсэн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй таван гүрний удирдагчдын уулзалт хийх санаачлагыг дэмжиж байна. Бид энэ бүхэнд нь тэдэнд талархаж байгаа бөгөөд ийм нүүр тулсан уулзалт эхний боломж гарангуут болно гэж бодож байна.        
 
Болох гэж буй саммитаар хэлэлцэх асуудлыг бид хэрхэн үзэж байгаа вэ ? Бидний бодлоор юуны өмнө энхийн ажил хэрэгт хамтач эхлэлийг хөгжүүлэх, энх тайвныг хадгалах асуудлыг ний нуугүй ярилцах, даяар болон бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, стратегийн зэвсэглэлийг хязгаарлах, терроризм, экстремизм хийгээд бусад нэн тулгамдсан дуудлага, аюул заналын эсрэг хамтын хүчин чармайлт тавих зэргийг хэлэлцэх нь зүйтэй.
Уулзалтаар хэлэлцэх өөр сэдвүүд гэвэл: даяар эдийн засгийн нөхцөл байдал, юуны өмнө корона вирусын цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралыг даван туулах зэрэг болно. Улс орнууд хүмүүсийн эрүүл мэнд, амьдралыг хамгаалах, амьдралын хүнд байдалд орсон иргэдээ дэмжих талаар урд үзэгдээгүй арга хэмжээ авсаар байна. Гэхдээ цар тахлын үр дагавар хэр хүнд байх, даяар эдийн засаг ухралтаас хэр хурдан гарах нь бидний жинхэнэ хамтрагчид шиг зохицон ажиллаж хамтрах чадвараас хамаарна. Тэр тусмаа эдийн засгийг дарамт үзүүлэх, сөргөлдөн зогсох хэрэгсэл болгон хувиргаж болохгүй. Мөн хүрээлэн буй орчныг хамгаалах, цаг агаарын өөрчлөлттэй тэмцэх, түүнчлэн мэдээллийн даяар орон зайн аюулгүй байдлыг хангах асуудлууд ээлжээ хүлээж байна.    
 
Оросын санал болгож буй “тавын” саммитаар хэлэлцэх асуудлууд манай орны хувьд ч, бүх дэлхийн хувьд ч нэн чухал, тулгамдсан асуудлууд болно. Бидэнд дээр дурдсан бүх асуудлуудаар тов тодорхой санал, санаачлага байгаа.  
 
Орос, Хятад, Франц, АНУ, Их Британийн саммит орчин үеийн дуудлага, аюул заналд өгөх нийтлэг хариултыг эрж хайх, бидний өвөг дээдэс мөр зэрэгцэн тулалдаж олсон өндөр дээд хүмүүнлэг эрхэмлэл, үнэт зүйлсэд холбоотны нийтлэг үзэл санаатай байгаагаа харуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.    
Түүхэн нийтлэг ой санамждаа тулгуурлан бид бүхэн бие биендээ итгэж болох бөгөөд итгэх ч ёстой.
Энэ нь амжилттай яриа хэлэлцээр хийх, манай гаригийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд бүхий л улс орны цэцэглэн хөгжих, сайн сайхан байдлынхаа төлөө зохицон ажиллах бат үндэс болно.
Шууд хэлэхэд чухам үүнд бүх дэлхийн өмнө, өнөөгийн болон ирээдүй үеийнхний  өмнө бидний хүлээх нийтлэг үүрэг, хариуцлага байгаа юм.
 
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
 
2020 оны 06 дугаар сарын 22.