Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т ажиллалаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон нар байлцав.
 
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг нэг сарын хугацаанд туршиж, үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа. Хоёр давхар, эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 400 км явах хүчин чадалтай юм.
 
 
 
“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон “Яг одоогийн байдлаар давхар автобус нь 50 мянган км явсан байна. Эдийн засагт 10 дахин хэмнэлттэй. Давхар автобусны давуу тал нь үндсэн батарей нь хүйтэнд зориулагдсан учраас идэр есийн хүйтэнд асуудал үүсгэхгүй. Өвөлдөө батарейгээ халаах чадвартай, зундаа кондейшинтой. Дизель автобус 100км-т 80 гаруй мянган төгрөгийн түлш хэрэглэж байгаа бол цахилгаан автобус нь 100км-т 8000 төгрөгөөр буюу 10 дахин хямд өртөг зарцуулж байна. Бид түлшнээс хэмнэсэн  мөнгөөрөө парк шинэчлэлтийг бүрэн хийх боломжтой болсон. Улс, нийслэлийн төсөвт хүндрэл учруулахгүйгээр байгууллага, нэгжүүд нь автобусаа худалдаж аваад 6 жилийн хугацаанд цахилгаан автобусууд нь зөвхөн түлшнээсээ гаргасан хэмнэлтээрээ автобусны мөнгөө гаргаад авах боломжтой байна. Эдийн засагт үнэхээр хэмнэлттэй, аж ахуйн нэгжүүд өөрсдөө парк шинэчлэлтээ хийх боломжтой болж байгаа юм” хэмээлээ.
 
 
 
Эхний ээлжид давхар эко автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, дөрвөн ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Давхар автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр хоёр өдрийн рэйс буюу 400 км туулах бөгөөд автобус баазын удирдлагын төвтэй шууд холбогдсон 12 камертай аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Энгийн автобусанд өдөрт 70-80 мянган төгрөгийн үйлчилгээнд гардаг бол давхар автобус нь өдөрт 250-300 төгрөгийн орлого орж байгаа аж. Түүнчлэн мотор, хропын тос хэрэглэхгүй учраас байгаль орчинд ээлтэй, хорт хий ялгаруулахгүй зэрэг давуу талуудтай байгаа талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захирал Б.Цолмон дуулгасан юм.
 
Цаашид давхар автобусыг нийтийн тээврийн хэрэглээнд нэвтрүүлэхэд санхүүжилтийн гэрээг эцэслэж, давхар автобусны стандартыг шинэчлэн батлах, цахилгаан автобусны  дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх шаардлага тулгарч байгаа талаар дуулгасан юм.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийтийн тээврийн парк шинэчлэлт гэдэг бол системийн цогц шийдэл байх ёстой. Нийтийн тээвэрт 20, 30 жил явж эдэлгээгүй болсон автобус оруулж ирэхээс илүүтэй эдийн засагт хэмнэлттэй цахилгаан автобусыг дэмжих нь зүйтэй. Тиймээс цахилгаан автобусны дагалдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлүүлэх асуудлыг холбогдох яам, газруудтай яаралтай зөвшилцөх болно.  2020-2021 онд  нийтийн тээврийн салбарт 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулахад онцгой анхаарч ажиллана. Иргэдэд ая тухтай, стандартад нийцсэн, эдийн засагт хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй цахилгаан автобусыг хэрэглээнд нэвтрүүлэхээр эхлүүлсэн. Энэ төслөө үргэлжлүүлэхэд асуудал тулгарсангүй. Бүтэн жилийн хугацаанд туршил явууллаа. Тиймээс үргэлжлүүлээд давхар автобусыг оруулж ирэх асуудлыг эрчимжүүлнэ. Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамд саналаа өгсөн учраас Засгийн газарт өргөн барьж татвараас чөлөөлүүлэх бүрэн боломжтой. Тиймээс цаашид олон жилийн насжилттай автобусуудыг халж, байгаль орчинд ээлтэй орчин үеийн цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлнэ” хэмээлээ.