sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны соёолон насны ангилалд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн халтар үрээ түрүү магнайд хурдалж торгон жолоо өргүүллээ. 
 
Аман хүзүүнд нь, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан хурдалсан бол айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Батболдын сартай хээр үрээ тодров. Харин айргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул С.Энхтөрийн хээр, айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор үрээ хурдаллаа. Соёолон насны ангилалд 184 үрээ бүртгүүлснээс 78 нь хасагджээ.
 
Энэ жилийн соёолонгийн уралдаанд, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Б.Норовсамбуугийн халиун, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугууул Ц.Анандбазарын хонгор, Төв аймгийн Архуст сумын уугуул Б.Баярбаатарын хул зэрэг улс бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан морьд уралдсан юм. 
 
Ташрамд дурдахад, ноднин буюу Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд түрүү магнайд хурдалсан. Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, С.Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Ч.Махбалын хүрэн ажнай тодорсон юм. Харин айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач С.Нямжавын сартай хээр, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ хурдалж, торгон жолоо өргүүлж байв.
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг