sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаартаа ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт дэмжлэгийн газрын дарга Д.Жаргалсайханыг урьж дорнын говьд баригдаж буй шинэ төмөр замын бүтээн байгуулалтын талбар дээрээс бэлтгэлээ. 
 
ҮР АШИГ ЦАГ ХУГАЦААНД БАЙДГИЙГ ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ХАРУУЛСАН
 
-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг 2010 онд  одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа УИХ-аар батлуулсан байдаг. Түүнээс хойш нэлээн цаг хугацаа өнгөрч, хэл амтай янз бүрийн байдалтай явсаар өдийг хүрсэн.  
Харин Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болонгуутаа төмөр замын төслийг эхлүүлэхгүй бол нийгэм, эдийн засгийн байдал маш хүнд байна. Нэг сургууль, цэцэрлэг бариад асуудал шийдэгдэхгүй байна. Тиймээс баялгаа эдийн засагт эргэлтэд үе шат, үр ашигтайгаар оруулах, хооронд нь холбож үйлдвэржсэн орон болж ажлын байр, нийгмийн асуудлаа шийдвэрлэх урт хугацааны төлөвлөгөөг гаргасан. Энэ хүрээнд ус, аж үйлдвэр, малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр гээд томоохон төслүүд эхлүүлсний нэг нь төмөр замын бүтээн байгуулалт юм. 
 
 
 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын төслийг 2019 оны тавдугаар сард эхлүүлсэн. Зураг төсөл, хяналтаас эхлээд бүх зүйлийг монголчууд өөрсдөө хийхээр орсон. Тэр дунд зэвсэгт хүчнийхэн төмөр замын доод бүтээцийн ажлыг хийхээр Монголын төмөр замтай гэрээтэй ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлын гуравны хоёр нь газар шороо, доод бүтээцийн ажил байдаг. 
 
 
 
ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт дэмжлэгийн газар Монгол Улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг удирдах зорилгоор байгуулагдсан. Миний хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын бодлого, үйл ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард үүрэг даалгавар аваад энэ төслийг хариуцаж байна. Анх бодож байснаар хялбар байгаагүй. Саад бэрхшээлтэй тулж, удааширсан зүйл бий. Ерөнхийлөгч өглөө бүр мессеж илгээж, орой болгон мэдээ авдаг. Өөрөөр хэлбэл, өдөр болгон анхаарал тавьж, санаа нь зовж ач холбогдол өгч байгаа хэрэг. Миний хувьд ч гэсэн аж ахуйн нэгж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид, бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа бүх хүмүүсийн уялдаа холбоог хангаж, эргэж тойрч асуудал үүсвэл ярьж хөөрдөг. Менежментээс гадна тасралтгүй шахаж шаардана. Энэ хугацаанд зарим аж ахуйн нэгжийн удирдлага байхгүй, хойрго, хариуцлагагүй  хандах зэргээр гацах янз бүрийн асуудал гарсан ч ойлголцсон. Тэр болгон дээр өдөр бүр очиж уулзаж, маргаантай талууд, мэргэжлийн инженерүүдийг байлцуулж байгаад гарц шийдлийг нь олж, араас нь төсөв мөнгөний асуудлыг шуурхай шийдвэрлэдэг. Эхлээд урьдчилгаа мөнгийг нь өгч, дараа нь гүйцэтгэлийг нь дүгнэх маягаар явж ирсэн. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд итгэл үнэмшил төрж, одоо бол цаг хугацаатай уралдаж, ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Жил орчмын хугацаанд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын ажил дуусах шатандаа орлоо. Эргээд харахад аж ахуйн нэгж, хяналтын байгууллагууд хоорондоо уялдаатай, харилцаа холбоотой ажиллаж чадвал монголчууд өөрсдөө чаддаг юм байна. Аж ахуйн нэгжийн захирлууд ч гэсэн өмнө нь ажил хийгээд ч байгаа юм шиг, хяналтын байгууллага нь хөдлөхгүй, хөрөнгө мөнгө дутмагаас өдөр хоног өнгөрүүлдэг байсныг ярьж байсан. Ер нь төсөл удаашрах тусам аж ахуйн нэгжүүд ямар ч үр ашиггүй болдог. Тэр хэрээр урсгал зардал, цалин хөлс, сул зогсолтын мөнгө их орно. Харин төмөр замын төсөл дээр богино хугацаанд ажлаа шуурхай гүйцэтгэснээр зардал хэмнэсэн. Үр ашиг цаг хугацаанд байдгийг төмөр замын төсөл харууллаа. 
Монголын аж ахуйн нэгж байгууллагууд дандаа томоохон төсөл дээр туслан гүйцэтгэгч хийж байсан. Энэ удаа бол улсын төсвөөр батлагдсан норм, дүрмийн дагуу аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний анги салбарууд яг ижил төсөв авч байна. Дундаас нь хэн нэгэн оролцохгүйгээр ажил хийж байгаа хүмүүстээ хүрч чадаж байгаа учраас материаллаг бааз, боловсон хүчин сайжирч цаг хугацаандаа ажлаа гүйцэтгэх хэмжээнд хүрсэн. 
 
ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ГУРАВДУГААР ЗЭРЭГЛЭЛЭЭР БАРИГДАЖ БАЙНА
 
-Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 100 хувь хөрөнгө оруулалттай компаниудыг шалгаруулсан. Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар төмөр замын доод бүтээцийн ажлыг хариуцаж байгаа. 60-аад аж ахуйн нэгж байгууллага, арваад цэргийн анги ажиллаж байна. Энэ хугацаанд материаллаг бааз, мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан. Мөн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өдрийн 69 мянган төгрөгийн томилолттой. Үүнд байр, хоолны зардал орохгүй. Энхийг сахиулахын нормоор өндөр зэрэглэлийн хангамжтай. Орчин нөхцлийн хувьд боловсон ариун цэврийн өрөө, угаалгын газар, ар гэртэйгээ холбогдоход трассын дагуу юнителийн 2G сүлжээгээр хангахаас гадна эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд тогтмол хамрагддаг. Ажилчдыг эрүүл аюулгүй байлгах тал дээр онцгой анхаарч байна. 416 км-ийн хоёр зах болон гол хэсэгт цагдаагийн хэсэг ажиллаж осол авааргүй байхад анхаарч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж, хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хяналт тавьж байна. Бүх аж ахуйн нэгжүүд ХААБ-ын инженертэй. Хөдөлмөр аюулгүй байдлын сахиулахад ажилчдыг мэдээллээр хангаж зөвлөгөө өгдөг. Үүний үр дүнд осол аваар харьцангуй гайгүй.  Шинэ төмөр зам олон улсын стандартын гуравдугаар зэрэглэлээр баригдаж байгаа. Төмөр замын дээд хэсэгтээ рейс төмөр угсрагдаж, баллас засагдаж үндсэн гол замаас хоёр тийш 2.5 метр, нийт өргөн 7.5 метр байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр урсгалтай авто зам гэсэн үг. Доод хэсгийн материалын хувьд 30 см-ээр нягт өгч байна. 
 
 
 
Үндсэндээ 95 хувиас дээш нягтралтай бол хяналтын байгууллага хүлээж авч байгаа. Хоолой гүүрний хувьд 200 жилийн дундаж хур тунадасны хэмжээг тооцож, 400 маркаас дээш бетон зуурмагтай. Далан 12 хувиас илүүгүй шаварлаг, бүдүүн ширхэглэгтэй материалыг ашиглаж байна. 416 км-т найман хэсэгт хяналтын байгууллага, аж ахуйн нэгжүүд 25 км-ын радиуст ажиллаж, олон улсын зэрэглэлээр барилаа. 
 
 
 
 
Төмөр замын төсөл ямар нэг гадны хөрөнгө оруулалт биш 100 хувь өөрсдийн санхүүжилтээр босч байна. Мөн гадны зөвлөх туслах үйлчилгээ байхгүй Монгол Улс бие даан, өөрсдийн хүч хөрөнгөөр бүтээн байгуулж байгаагаар онцлогтой. Гадагшаа мөнгө урсч байгаа зүйл юу вэ гэж яривал рейс төмөр, арматурыг хойд хөршөөс авч байна. Бетон дэр, цемент, техник хэрэгслийг бүрэн дотоодоос хангалаа. Төмөр замын доод бүтээцийн ажилд ойролцоогоор 3000 орчим  техник хэрэгсэл цугларсан. Нарийн тоноглолтой техникийг гаднаас оруулж ирсэн.Анхнаасаа ихэнхийг дотоодоос авах зорилго тавьсан. Техник тоног төхөөрөмж, түлш, цалин хөлс гээд шууд зардал бий. Нөгөө талдаа татвараа төлж байна. Ер нь бараа материал тал хувь нь гэсэн үг. Ингэж харвал гадагшаа урсч байгаа нь 20-30 хувь, бүтээгдэхүүн болоод дотооддоо үлдэж байгаа нь 30-40, хүн, байгууллага дээр ашиг болж очиж байгаа нь 20-30 хувь байгаа байх. Үүнийг дагасан үйлдвэрлэл хөгжиж байна. 70-80 хувь нь орон нутагтаа үлдэж байна гэж хэлж болно. 
Хугацаат цэргийн алба хаагчид сард хоёр сая гаруй төгрөг авна. Мөн ажил хийгээд сурчихсан, амьдралаа аваад явах итгэл үнэмшилтэй чадвар, мэргэжилтэй болоод харьж байна. Шинэ төмөр замын төсөл түүхэн бүтээн байгуулалт болж үлдэнэ. Тэр ч утгаараа энэ ажилд оролцож байгаа хүмүүс бахархалтай, илүү итгэл үнэмшилтэй байдаг. Монголчууд үнэхээр хийж чадаж байгааг харж, бахархаж, бидний ажилтай танилцахаар хүмүүс ч олон ирдэг. Мэргэжлийн хүмүүс ирээд чанарын өндөр түвшинд барьж байна гэж үнэлсэн. Хэдийгээр манай улс өөрсдөө төмөр зам барьж байгаагүй ч энэ төсөл дээр ажиллаж байгаа инженер, техникийн ажилчид бол өмнө нь ийм бүтээн байгуулалтад оролцож байсан туршлагатай хүмүүс бий.
 
СУДАЛГААНЫ АЖЛАА САЙН ХИЙЖ ЧАДВАЛ АЖИЛ БАГАСЧ, ЗАРДЛАА ХЭМНЭНЭ
 
-Боловсон хүчний хувьд зэвсэгт хүчний анги салбаруудаас жолооч мэргэжлийн хүмүүсийг татаж тусгай тоноглолтой машин дээр мэргэшүүлж,  МСҮТ-д бэлтгэсэн. Мөн газар дээр нь дадлагажууллаа. Аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хүмүүс ажиллуулж байна. Цаашид төмөр замын гүүр, дээд бүтээц угсрахад анхаарах хэрэгтэй нь ажиглагдаж байна. Мөн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай. Бусад барилга, цахилгаан, шилэн кабель, гүүр хоолойг хийж сурлаа. Маш сайн туршлагажсан, чадварлаг баг бүрдсэн гэж хэлж болно. 
Төмөр замын төслийг ерөнхий зураглалаар нь харж, зовлон жаргалыг нь мэдэрч байхад судалгааны ажлыг маш  сайн хийх хэрэгтэйг ойлголоо. Тэгж байж зураг төслөө хийх нь үнэхээр чухал. Тухайлбал, төмөр замын төсөл эхэлсэн хойно дахиад агаараас зураг авч трассын дагуу маш нарийвчлалтай судалгааг хийсэн. Эхлээд 40 сая м куб газар шорооны ажил хийх байсан бол 25 сая болж хувирах жишээтэй. Далангийн ажил энэ хэмжээгээр хэмнэгдэж байна гэсэн үг. 
Эхнээсээ судалгааны ажлаа маш сайн хийж байж ажил багасч тэр хэрээр зардал хэмнэнэ. Мөн материалиа тооцож бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллага нүүж очоод ажлаа явуулахад материал, усны асуудал шийдэгдчихсэн  бэлэн байх ёстой. Ингэж байж ажлын дундуур зогсоох, саатуулах шаардлага гарахгүй. Аж ахуйн нэгжийг материалаа бэлтгээд худгаа гарга гэвэл гүйцэтгэл, чанар ямар байх билээ. Энэ бүхийг үр ашигтай шуурхай хийхийн тулд судалгаагаа нарийн хийж, зураг төслөө чамбай боловсруулах ёстой. 
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин