sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 4 жил 8 сар (буюу 1713 өдөр шөнө) тасралтгүй үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс олон эх сурвалжийн мэдээ, байр суурь хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.

 

Нэг ийм бичлэг бүхий пост явж байна. Орос уншигчид, үзэгчиддээ эргэн сануулахад бид Украинд цөмөрч ороод 1713 хоног байлдлаа. Энэ бол үргэжилсэн хугацаагаараа Зөвлөлтийн ард түмний Аугаа их Эх орны дайны үргэлжилсэн хугацаанаас хол давсныг илтгэх ганцхан тоо.


Хугацаа хэзээ давхацсан бэ гэвэл 2026 оны эхээр, нэгдүгээр сарын дунд үед 1418 хоног дээрээ яг давхацсан буюу тэнцсэн. Манай Зөвлөлт Холбоот Улс Афганистанд цөмөрч ороод душмануудын эсрэг, ах дүү афганчуудад туслах гэж 9 жил байлдсан, ОХУ-ын өнгөн дээр бид Чеченьтэйгээ 7 жил байлдсан, хугацааны хувьд Аугаа их Эх орны дайны үргэлжлэлээс аль алин нь хол давсан. Гэвч Орос-Украины дайн онцлогтой. Юуны өмнө Орос оронд маань, ахан дүүс явсан Украины ард түмэнд санаатайгаар учруулсан хор хөнөөлөөрөө ямар ч “Афганистан”, ямар ч “Чечень” дэргэд нь юу ч биш. Оросын ба өмнөх Зөвлөлтийн том түүхэн дэх хамгийн утга учиргүй дайн нь энэ юм. Сайн нэрээ муугаар дуудуулах гэж манай Владимир Путин ёстой маш сайн ажиллалаа даа–оросын сөрөг хүчний гадаад дахь сайтаас. 


Орос-Украины дайны фронтын хураангүй тоон мэдээ. Орос нь өнгөрсөн 10 дугаар сард 54200 цэргээ (амь үрэгдсэн, мөн шархадсан) алдсан нь дайн эхэлснээс хойш нэг сарын дотор 50 мянгаас хол давсан анхны тохиолдол болжээ. Ийм их хохирол амссан хэрнээ Оросын арми 10 дугаар сард Украинаас газар нутаг “чөлөөлөх”, өөртөө нэгтгэх тухайд ямар ч, бүр ганц ч ахиц гаргаж чадсангүй. Энэ бол дайны дээд амжилт!–Мадяр хочит украин жанжин Роберт Бровди. Тэрээр цааш нь “Дэлхийн хоёр дахь хүчирхэг арми” гэгддэг Оросын арми 10 дугаар сард 54000 гаруй цэргээ алдахдаа украины нисгэгчгүй зэвсгийн системийн хүчний бай болцгоож амь нас, эрүүл биеэ сүйтгэлээ, манай анги нэгтгэлүүд сайн ажиллалаа, 10 дугаар сард украины дроны операторууд оросын нэг байг 41 секунд тутамд, оросын нэг цэргийг 159 секунд тутамд устгаж, эсвэл эргэж байлдахгүйгээр шархдууллаа. Дахин хэлье. Энэ дайны түүхэн дээд амжилт шүү. Төсөөл дөө 41 секунд тутамд оросын нэг бай, 159 секунд тутамд нэг эзлэн түрэмгийлэгч гэж украины зэвсэгт хүчний дрон армийн командлагч Мадяр дахин давтан мэдэгджээ.

 

Оросын нэртэй сэтгүүлч, улс төрч асан Максим Шевченко ёстой голд ортол хүлээн зөвшөөрчээ. Ярилцлагын хэсгээс. Олон жилийн турш Кремлиэс Донбасст явуулсан, явуулж буй үйл ажиллагаагаа тус бүс нутгийг чөлөөлөх, оршин суугчдыг нь авран хамгаалах зорилготой хэмээн тайлбарласаар ирсэн. Гэвч Кремлийг илт дэмждэг, олны танил блогерын хувьд би энэ тайлбарыг шууд няцаамаар байна. Донбассын ард түмэн үнэхээр бослого дэгдээсэн үү, дэгдээсэн. Үнэн. Би тэнд байсан, бүхнийг нүдээрээ харсан. Гэхдээ гол нь тэр бослогыг хүчээр дарсан юм. Хэн дарсан гэж үү? Москва, Оросын эрх баригчид гэжээ.

 

Ойлгогдож байна. 2014 оны бослого эхэндээ Оросын оролцооны эсрэг, Украины тусгаар тогтнолын төлөө байсныг Оросын хөлсний цэрэг орж байлдаад, бас хооронд нь яс хаяж байлдуулаад нэг талд нь орж нөгөөхийг нь цус урсган дарсан, тэгж дарсныгаа Донецкийн АНБУ, Луганскийн АБНУ гэж нэрлээд тусгаарлуулчихсан нь гарцаагүй үнэн болов. Цуст мөргөлдөөн, бослого дарагдахад амиа алдсан 15 мянган хүн украины нацистуудын гарт үрэгдсэн, геноцид гэдэг үлгэр тэгж зохиогджээ. 


Орос орон бүх нийтийн дайчилгааны босгон дээр дэнжигнэнэ. Дөнгөж саяхан, 10 дугаар сард Армийн генерал цолоор шагнуулсан Чеченийн удирдагч тэр шагналынхаа төлөөсөнд 84 мянган залуусаа Украины фронт руу махны машинд илгээх болжээ. Москвагаас тулган шаардсан албадан дайчилгааг хүлээн авч байгаагаа илэрхийлэх үедээ Чеченийн удирдагч Р.Кадыров царай нэн баргар, илт чичирч, бувтнаж байв. Түүний царайны өнгө юу илэрхийлэв? Энэ удаагийн дайчилгаа бол үнэхээр харгис, Оросын эзлэн түрэмгийлэгч дэглэмийн дайны золиосонд Украины фронт руу дахин 84000 чечень эрс амиа өргөхөөр илгээгдэх болсныг хөөрхий чечень боевик-жанжин хүлээн зөвшөөрөхөөс өөр гарцгүй болсныг нь илтгэнэ. Оросын олон муж, үндэсний тойрог хязгаар, БНУ-уудад ийм зовлон зэрэг зэрэг нөмөрнө.

 

Америкийн түүхч, геополитик судлаач хатагтай проф. Сара Пэйн (Sarah C.M.Paine) оросуудыг илт чамласан, даапаалсан, бас зөвлөсөн, Хятадыг нэр хавчуулсан ярилцлага өгөхдөө:


-Хэрэв Та Оросын талаар бодож сонирхож байгаа бол би хэлье. Орос улс Хаант засаглалын үеэсээ хойш л үргэлж Европын алслагдсан, хоцрогдсон бүс нутаг байсаар ирсэн, тэр хэвээрээ.


-Путин, Си Жиньпин нар лидер байж болно. Гэхдээ тэд газар зүйн байршлаасаа зугтаж чадахгүй гэж үздэг хуучинсаг лидерүүд. Энэ бол миний дүгнэлт.


-Тэд баялаг асар ихээр бүтээхэд нээлттэй орчин үеийн далайн дэг жаягт нэгдэж нийлэн хөгжихийн оронд газар нутгаа тэлэх, газар нутаг эзлэх хэт хуучирсан, үхширсэн эх газрын стратеги (Украины дайн, Тайванийн тухай мөнхийн хэрүүл гэх мэт) баримталдаг. Тэгснээрээ эх орноо, ядаж өөрсдийгөө эдийн засгийн хувьд туйлдуулж, стратегийн мухардалд оруулж байна.


-Далайн гүрнүүд баялгийг хуримтлуулж хүчирхэгждэг бол, Эх газрын гүрнүүд газар нутаг булааж, баялгийг устгах замаар өөрсдийгөө сүйрүүлдэг. Ийм зураглал буй. Би тэгж үздэг. Үзлээсээ буцахгүй.


-Та өөрөө худалдаж авахыг хүсдэг оросын ганц ч болтугай бараа бүтээгдэхүүн нэрлэж чадах уу? Би Танд жижигхэн зөвлөгөө өгье. Смирнофф (Smirnoff) бол угтаа Британийн компани шүү дээ. Тийм үү? Оросууд тэр архийг нь өөрсдөө үйлдвэрлэдэг ч үгүй. Оросын архи нь хүртэл Британийн компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн.


-Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлэгч улсыг Кремль хүлээн авч, улмаар энэ улсыг сүйрч доройтсон, өөрийгөө идэж устгаж дуусгах эзэнт гүрэн болгон хувиргалаа гэж ярьжээ.


“Старлинк”-ээс (Starlink) дутахгүй “Рассвет”-тэй болоодохлоо гэсэн чинь ОХУ дэлхийд муу нэрээ дахин дуурсгаж, элэг доог болоод өнгөрөв. Ялангуяа холбоотон болгох санаатай Д.Трамп нь, холбоотон нь болчихоод байгаа Си нар мэл гайхав хэмээн оросын сөрөг хүчний гадаад дахь нэг сайтаар ярьж байна. Эх орныхоо бүтэлгүйтлийг тавлан ярихдаа:


–Москвагаас ээлжит бүтэлгүйтлийн тухай мэдээ бидэнд ирлээ! Манай оросуудын өөрийн гэсэн Старлинк системийн аналогтой болох оролдлого нь бүтэлгүйтлээ. “Рассвет” (үүрийн гэгээ) гэх нэртэй системийн ээлжит хиймэл дагуул нь нисч гарах ёстой 500 км өндөртөө гарч чадалгүй буцаад унаж байгаа бололтой. Ойрын хугацаанд дэлхийн агаар мандалд орж шатах юм байна. Энэ бол ийм системийн хүрээнд сансарт хөөргөөд бүтэлгүйтэж шатсан манай гурав дахь хиймэл дагуул нь. Оросууд бид сансар судлал, сансрын орон зайг эзэмших салбарт АНУ-тай өрсөлддөг байсан аугаа эрин үеийн түүхээ тэртээ алсад үлдээжээ. Одоо ялагдлаа хүлээн зөвшөөрцгөөе. Мөнгө зардлаа нийгмийн тусын тулд өөр ашигтай салбарт зарцуулъя. Оройтоогүй дээрээ дэлхийн шившгээс нэрээ татаж авъя–оросын сайт.

 

Оросын нэртэй сэтгүүлч, НТВ-ийн хөтлөгч асан Жанна Агалакова ингэж ярив. “Путины төгсгөл удахгүй ирнэ. Энэ нь түүний хувьд таатай төгсгөл байх магадлал тун бага. Би түүнийг шүүх хурлаар шүүгдэх болоосой, бүр Хаагын Олон улсын шүүхээр шүүгдээсэй гэж хүсч байна. Дэлхий ертөнц түүнийг баримтжуулан үлдээх ёстой” гэв.

 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ярилцлагаас: –Путинд яг юү болоод байгааг би мэдэхгүй байна. Тэр бүрэн галзуурсан уу, эсвэл хагас уу, магадгүй 10% ч юм уу. Путин хийж байгаа зүйлээ өөрөө ойлгож байгаа гэдэгтээ итгэхийг л хүсч байна. Трамп Путинтэй маш сайн харилцаатай гээд байхлаар нь тэгж ярьсныг нь хэвлэл мэдээллээс олж харчихаад бүх зүйл хэвийн байна гэж ойлгодог бололтой. Түүнд өөрт нь ямар ч дарамт алга. АНУ-аас хатуу байр суурь илэрхийлсэн дохио ирэхгүй байгаа нь өөрийнх нь хийж буй бүх зүйл зөв гэсэн итгэлийг өөрт нь төрүүлдэг байх. Бид Трампаас Оросын түрэмгийллийг буруушаасан мэдэгдэл дэндүү ховор сонсож байна. Бидэнд Трампын тийм мэдэгдэл л зайлшгүй хэрэгтэй байна гэжээ.

 

Reuters агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжид тулгуурлан “Пентагоноос Литва, Латви, Эстон улсад хандан ОХУ-ын аюул заналхийллийн талаар арай зөөлөн мэдэгдэл хийж байхыг хүссэн нь үнэн” гэж мэдээлжээ. ОХУ-ын талаархи хатуу байр сууриа зөөлрүүлэхийг АНУ-аас Балтийн орнуудад хандаж хүссэн тухайд Эстон улсын Ерөнхий сайд Кристен Михал:


–Дарангуйлагчдад тал засах нь бидэнд зөвхөн гутамшиг л авчирна. Эцэст нь эрх чөлөөгөө алдахад хүрнэ. АНУ-аас лав надад тийм хүсэлт тавиагүй. Гэхдээ би дуугаа хураахгүй. Дахиад хэлчихье. Путин бол эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хөнөөж буй дарангуйлагч. Түүнийг бодлогоо өөрчлөх хүртэл би байр сууриа өөрчлөхгүй гэжээ.

 


Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь