sonin.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Зундуйдорж автомашины улсын дугаарын олголттой холбоотой байж болзошгүй хууль бус үйл ажиллагааны баримтуудыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт албан ёсоор хүлээлгэн өгчээ.


Тэрбээр нийслэлийн иргэд автомашины улсын дугаар авахын тулд олон төрлийн хязгаарлалт, хүндрэлтэй тулгарч байхад эрх бүхий албан тушаалтнуудын томилсон хүмүүс улсын дугаарыг хууль бусаар арилжаалж байсан байж болзошгүйг мэдэгдсэн байна.


О.Зундуйдоржийн мэдээлснээр, 30 орчим хүн амралтын өдөр болон шөнийн цагаар эрэлт ихтэй, өндөр үнэлгээтэй улсын дугааруудыг худалдаалж байсан гэх баримт цугларчээ.



Түүний хэлснээр, нэг улсын дугаарын үнэ 100 сая төгрөгт хүрсэн тохиолдол байгаа бөгөөд бусад дугааруудыг 3, 5, 15 сая төгрөгөөр үнэлэн арилжаалж байсан аж.



Мөн улсын дугаарын олголт, арилжаатай холбоотой 810 удаагийн сэжигтэй үйлдлийн баримт, уг асуудалд холбогдсон байж болзошгүй 30 хүний нэрсийн жагсаалтыг АТГ-т хүргүүлсэн гэв. Эдгээр үйлдэл нь хууль зөрчсөн эсэх, хэн ямар үүрэгтэй оролцсоныг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох шаардлагатайг онцолжээ.


М.Чой