Ерөнхий Сайд асан Г.Занданшатар Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны “Ментор-105” хөтөлбөрийн “Ментий клуб”-ийн уулзалтад уригдаж нийгмийн өөрчлөлт, төрийн шинэчлэл, эмэгтэйчүүдийн оролцоо, зөвлөлдөх ардчиллын талаар санал бодлоо солилцож зөвлөлджээ.
Уулзалтын дараа тэрээр сэтгүүлчдэд яриа өгөхдөө: "Аравдугаар сарын эхээр “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөн, “Реформ” клуб хамтран “Нэг Монгол–Цэгцрэх хөдөлгөөн” шинэчлэлийн аяныг эхлүүлсэн. Монгол Улсад нэг л зүйл болохгүй байна гэж хүн бүр ярьж байна. Үүнийг засаж залруулах, шударга нийгэм байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Тиймээс ард иргэдээ, намын гишүүдээ сонсож, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэхийг зорьж байна.
Систем дотор ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд, бидний хийсэн зарим өөрчлөлт үр дүнд хүрсэнгүй. Өнөөдрийг хүртэл 10 мянга гаруй иргэнтэй уулзлаа. Бид ярьж биш, сонсож явна. Иргэдээс гарсан санал, санаачилгыг нэгтгэн шинэчлэлийн ил захидал боловсруулж, намын гишүүд болон удирдлагуудад танилцуулсан.
Иргэдийн зүгээс нэгдүгээрт, шударга ёсонд суурилсан нийгмийг бий болгох, хоёрдугаарт, боловсон хүчний бодлогын шалгуурыг өндөрсгөх шаардлагыг тавьж байна.
Шинэчлэлийн аян үргэлжилж байна. Жингийн цуваа явж байна. Гэтэл энэ шинэчлэлийг эсэргүүцэж, намаа хагалан бутаргаж байна гэх мэтээр ярьж байгаа хүмүүс бий. Шинэчлэлийг үндсэндээ гурван бүлэг хүн эсэргүүцдэг.
Нэгдүгээрт, дассан хэвшмэл байдлаасаа салахыг хүсдэггүй хүмүүс. Хоёрдугаарт, шинэ тогтолцоо шударга бус үйлдэлтэй нь тэмцэж, авлигын сүлжээг нь нураачих вий гэж эмээдэг бүлэглэлүүд. Гуравдугаарт, тэднийг аялдан дагагчид юм.
Өнөөдөр дэлхий дахинд технологи, геополитик гээд бүх зүйл хурдацтай өөрчлөгдөж байна. Ийм үед төр ч, улс төрийн нам ч өөрчлөгдөх ёстой. Энэ өөрчлөлтийг бид өөрсдөөсөө эхлүүлэх шаардлагатай.
Шинэчлэлийн аяны хүрээнд эмэгтэйчүүдтэй уулзалт хийсэн. Нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд олон хууль баталсан ч хэрэгжилт дээрээ алдаж байна. Тооноос илүү чанар чухал гэдэг нь харагдлаа. Тиймээс боловсон хүчний шалгуурыг өндөрсгөж, мэдлэг чадвартай, бэлтгэгдсэн, шалгарсан, ард иргэдээ төлөөлж чадах хүмүүсийг сонгон гаргадаг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.
Энэ бол хэн нэгнийг солих, албан тушаалын төлөө өрсөлдөх гэсэн оролдлого биш. Харин систем, тогтолцооны өөрчлөлтийг санаачилж, алдаа дутагдлаа засах зорилготой үйл ажиллагаа юм. Бид нэг л эх оронтой, нэг л Монгол Улстай. Гэтэл өөрчлөлт, шинэчлэлд “үл үзэгдэх гар” саад болж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг ярихдаа ч би үүнийг хэлж байсан. Монголд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалтуудыг нэг л мэдэхэд үл үзэгдэх гар гацааж, зогсоодог. Үүнд дотоод, гадаадын тодорхой бүлэглэлүүд нөлөөлж байна. Үүнийг ил тод болгох ёстой. Хэн, ямар шалтгаанаар бүтээн байгуулалтыг гацааж байсныг ард түмэн өөрсдөө дүгнэх учиртай.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж эхлээд долоо, найман жил өнгөрлөө. Ирэх жил бүтээн байгуулалт нь дуусаж, бид шатахууны гачигдлаас гарах болно.
Миний хэлээд байгаа “үл үзэгдэх гар” гэдэг нь зөв бодлого, санаачилгыг зохион байгуулалттайгаар эсэргүүцдэг бүлэглэлүүд юм. Би хэн нэгний нэрийг зааж хэлээгүй. Учир нь эдгээр бүлэглэл байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Нэр, зүс нь өөрчлөгдсөн мэт боловч фэйсбүүкийн хуурамч хаягууд шиг ардаа нэг л эзэнтэй байдгийг та бүхэн ч мэддэг болсон.
Би хэн нэг хүний эсрэг дуугараагүй. Монгол Улсад өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй байна. Үнийн өсөлт, шатахууны хямрал, шударга бус байдлаас ард иргэд залхаж байна. Ирээдүйнхээ төлөө өнөөдөр өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлэхгүй бол бид хоцорно.
Тиймээс ард иргэдийнхээ үгийг сонсох шинэчлэлийн аяныг эхлүүлсэн. Энэ аяныг эсэргүүцэж байгаа хүмүүс миний өмнө дурдсан гурван бүлгийн аль нэгэнд хамаарна.
Өөрчлөлт, шинэчлэл гэдэг бол үзэл санаа юм. Үйлийн үрт итгэдэг хүний хувьд бид өөрсдийн алдаа дутагдлыг засах ёстой гэдгийг ойлгосон. Түүнээс биш би аль нэг албан тушаалд очих, улс төрийн халуун тогоонд дахин орох гэсэн сонирхолтой байгаа юм биш. “Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэг шиг зүгээр явж байхад зүүгээр шивээд байх юм. Бид шинэчлэлийн аяны үр дүнг нэгтгэн дүгнэж, эрс шинэчлэлийн бодлогоо олон нийтэд танилцуулна." гэв.
М.Чой
Мягмар - 11 сарын 03,
2026
Сэтгэгдэл3
хахахахаха
Taniig demjdeg schuu
Taniig demjdeg schuu