sonin.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээ, хүний эрхийн зөрчил болон УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулав.


Тэрбээр “Хүний эрхийг зөрчиж буй олон асуудал байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хуульд заасан үндэслэл, шалгуурт нийцүүлэн хязгаарлах, цагдан хорих шийдвэрийн үндэслэлийг тодорхой болгох талаар УИХ-ын тогтоолд тусгасан. Энэ ажил хэрхэн хэрэгжиж байна вэ?


Нэг жишээ хэлье. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга олон нийтэд мэдээлэл хийсний дараа орой нь нэг сэтгүүлчийг баривчилж, хорьсон байна. Тухайн сэтгүүлчийн гар утсыг 20 гаруй хоног буцааж өгөөгүй гэсэн. Та нар ийм асуудлыг мэдэж байгаа юу? Сэтгүүлч хүн гар утасгүйгээр ажлаа яаж хийх юм бэ?


Мөн сэтгэл санааны хохирол гаргуулахтай холбоотой шүүх хурал болжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт байсаар атал шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Бид УИХ, Байнгын хорооны түвшинд шинжээч томилж, есөн заалттай тогтоол гаргасан. Гэтэл энэ тогтоолын есөн заалтын нэг нь ч хэрэгжээгүй. Ирүүлсэн хариуг нь үзэхээр ‘судалж байна’, ‘ярилцаж байна’ гэсэн зүйл л байх юм. Засгийн газар ингэж ажил хийдэг юм уу” хэмээн шүүмжиллээ.


Түүний асуултад ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж хариулахдаа “Цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгадаг.


Сая нэр дурдсан иргэний хувьд ирүүлсэн гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын зөвшөөрлөөр бие, гэр, тээврийн хэрэгсэл болон гар утсанд нь үзлэг, нэгжлэг хийсэн.


Тухайн иргэний гар утаснаас гэмт хэргийн ул мөр илэрсэн тул эд мөрийн баримтаар тооцон хураан авсан. Иймээс гар утсыг нь буцаан олгох боломжгүй” гэсэн тайлбар өглөө.


У.Анударь