sonin.mn
Сүүлийн үед сошиал орчинд дуулсан дуу бүхэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, хэдэн зуун мянган лайк, шэйрийн эзэн болж яваа залуу уран бүтээлч В.Баттулгыг бид  зочноор урьсан юм.
 
Тэрээр 1970, 1980-аад онд ятгын эгшгийг уянгалуулж, өвөрмөц хоолойгоороо 40 гаруй жил хослон дуулсан “Зууны манлай” хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү билээ. Дуучин залуу маань аав, ээжийнхээ авьяасыг өвлөж, дуу хуурыг нь эгшиглүүлэхээс гадна охиноо бас чадварлаг уран бүтээлч болгон бэлтгэж байна. Дуучин В.Баттулга, түү­ний охин Б.Дуулим нарын хамт­ран дуулсан “Энх эсэн бол­тугай” хэмээх шинэ уран бүтээл нь зуны гурван сар цахим орчинд хит уран бүтээл болсныг үзэгчид сайн мэднэ. Цар тахлын үед цахим орчныг чимсэн энэ дууны тухай түүний сэтгэгдлийг сонсож, шинэ уран бүтээл хэрхэн төрсөн тухай мэдээллийг нь сонирхсон юм. 
 
В.Баттулга: Аав охин хоёр олон шинэ уран бүтээл өргөн барих болно
 
-“Энх эсэн болтугай” дуу хэрхэн бүтсэн бэ?
 
-Энэ дуу маань эрүүл энхийг хүссэн утгатай. Өнгөрсөн тавдугаар сард хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашнямын аялгуу, яруу найрагч Ч.Чимэдийн шүлэг “Энх эсэн болтугай” хэмээх уран бүтээлээ гаргасан.
 
 
 
Дэлхий нийтэд цар тахал дэгдэж буй энэ үед хүмүүсийг эрүүл энх байгаарай гэж хүсэн энэ дуугаа олны хүртээл болгосон.  Энэ дууг  1980-аад онд аав, ээж хоёр маань дуулж байсан юм. Мөн 2000 оны эхээр би ээжтэйгээ хамтран дуулдаг байсан. Сүүлд нь шинэчлэн найруулаад, охинтойгоо хамтран дуулсан.
 
 
 
Одоогоор энэ дуугаа  клиптэй болгох бодол байгаа боловч хараахан ажлаа эхлээгүй байна. 
 
-Удам дамжсан уран бүтээлчдийн сэтгэлд хоногшсон үг, аялгуутай дуу байдаг. Шинэчлэн дуулсан нь бүр ч олон хүнд хүрсэн. Та охиноо танилцуулахгүй юу? 
 
-Миний охиныг Б.Дуулим гэдэг. Энэ жил ЕБС төгссөөд, СУИС-д элсэн орсон. Өмнө нь бас охинтойгоо хамтран “Амь нэгтэй аав охин” гэдэг уран бүтээл гаргаж байсан. Мөн олон хүнд хүрсэн сайхан уран бүтээл болсон. Охин бид хоёр мөн хэдхэн хоногийн өмнө “Залуусын золбоо” гэдэг дуу гаргасан. Олон нийтийн сүлжээнд эрчтэй давхиж байна.  Түүнчлэн “Энх эсэн болтугай” дуу маань “Hitone Unimusic”-ийн тэргүүнд байранд шалгарсанд бид их баяртай байгаа. 
 
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Таныг студид бичлэгтэй яваа гэж сонссон?
 
-Яг одоо бид “Аавын хайр” гээд шинэ дуу гаргасан байгаа. Одоогоор олны хүртээл болгох болоогүй байна. Удахгүй шинэ уран бүтээлээрээ та бүхний сонорыг мялаах болно.
 
 
Т.Намуун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин